Варьетагийн хажууд байрлах зочид буудалд иргэдийг үзэж, оношилж, хануур эмчилгээ үйлчилгээ явуулж байна гэх мэдээллийн дагуу БГД-ийн 4 хороо, 2 дугаар хороололд байрлах “Гантех сервис” ХХК-ний Шинэ энерги зочид буудалд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар иргэн Б нь эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн бус эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн наад захын шаардлага хангахгүй зочид буудлын орчинд /иргэдийг судсаар оношилж, бумба тавьж, хануур, зүү эмчилгээ хийж/ эмчилгээ үйлчилгээ явуулж байсан ноцтой зөрчил илэрсэн байна.

Мөн тус зочид буудлын үйлчилгээ цэвэрлэгээ хангалтгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй зөрчил илэрлээ. Иймд илэрсэн зөрчлийг газар дээр нь таслан зогсоож, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийллээ. “Гантех сервис” ХХК болон иргэн Б, А нарт зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.