Манай сайт 5-6 дугаар сард ажил мэргэжлийн сонголт сэдвийг онцолж байна. Энэ хүрээнд эцэг эхчүүд, амьдралын нэгэн чухал алхмаа хийх гэж буй хүүхэд залуустаа зориулж, багц мэдээлэл хүргэх “Үнэ цэнтэй мэргэжил, үнэлэгдсэн мэргэжилтэн” зорилтот төслийг эхлүүлж байна. Төслийн хүрээнд салбар бүрийн чадварлаг мэргэжилтнүүдтэй мэргэжлээ хэрхэн сонгосон талаар болон ажлын зарчим үнэт зүйл, эрэлт үнэлэмж, ирээдүй боломжийн талаар сонирхолтой хэлбэрээр ярилцана.  


Энэ удаа технологийн салбарын шилдэг мэргэжилтнүүдийн төлөөлөл болох дата инженер, мэдээлэл технологийн архитект, 3D  артист нарыг урилаа.


О.УНДРАХ-ОРГИЛ: ОЛОН УЛСАД ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТЫГ  ДАТА ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛ ТЭРГҮҮЛДЭГ


Намайг О.Ундрах-Оргил гэдэг. “Новелсофт” компанид Өгөгдөл хөгжүүлэлтийн хэлтсийн даргаар ажилладаг. Энэтхэг улсын Пунигийн их сургуульд компьютерын шинжлэх ухааны чиглэлээр суралцаж төгссөн.  Би жирийн л нэг дата инженер.  “Чи өөрийгөө биш, ажил чинь чамайг ярина” гэж үг байдаг. Өөрийнхөө ажил мэргэжлийнхээ тухайгаа хуваалцаж байгаадаа баяртай байна.

 

Сонголт & Шалтгаан: Инженер талдаа сонирхолдоо хөтлөгдөн мэргэжлээ сонгосон. Багаасаа уран зөгнөлт кино үзэх дуртай байсан маань компьютерын шинжлэх ухаан, программд дурлах шалтгааны нэг болсон гэж боддог.


Бахархал & Эрсдэл: Өгөгдөл хөгжүүлэлтийн чиглэлээр дагнасан анхны Монгол компанид ажиллаж байгаагаараа бахархдаг. Дата буюу өгөгдөл гэдэг бол тухайн байгууллагын олон жил хуримтлуулсан мэдлэг, мэдээлэл юм. Хэрхэн ашиглаж чадахаас хамаарч бизнесийн үнэ цэнээ нэмэгдүүлэх боломжтой. Ашиглаж чадахгүй бол ард хоцрох цаг үе иржээ. 

Тухайлбал томоохон банк санхүүгийн байгууллагын системд доголдол гарлаа гэхэд богино хугацаанд засаж чадвал тухайн байгууллагыг санхүүгийн хохирол, цагийн алдагдлаас сэргийлэх боломжтой. Энэ бол миний мэргэжлийн бахархал. 

Хэрвээ бид ажилдаа багахан алдаа л гаргавал тэрхүү системд асар том хохирол учруулах ч эрсдэлтэй. Банкны системд доголдол үүсэхэд хүмүүс яаж бухимддаг билээ дээ. Ийм эрсдэл гаргахгүйн тулд байнга суралцаж, заавал тестэлж, маш нягт нямбай ажиллах ёстой. Дата инженерүүд 5 минутын ажлыг хийхийн тулд дор хаяж 50 минут бэлддэг.

 

Зарчим & Үнэт зүйл: Хүн ямар ч ажил хийсэн бүрэн гүйцэтгэлтэй, өндөр бүтээмжтэй ажиллах ёстой гэж боддог. Дата инженерийн ажил нягт нямбай, тууштай зан чанар, тасралтгүй суралцах чадварыг шаарддаг. Би ч эдгээр зарчмыг баримталж хичээж ажилладаг. 

Амьдралын олон зүйлээс хамгийн их хайрлаж, нандигнах зүйлийг гэр бүл гэж боддог.  Үеийн залуус маань мөрөөдлийнхөө төлөө, сурч мэдэхээр олон зүйлээ золиослоод гадагшаа явсан. Амжилттай яваа нь ч олон. 

Миний хувьд эх орондоо яг гадны томоохон компаниуд шиг бизнесийн өндөр соёлтой, ажилтнуудаа өсөж хөгжих боломжоор хангаж, дэмжиж чаддаг компанид ажиллаж байгаагаараа бахархдаг.

Манай “Новелсофт”  компани өгөгдөл хөгжүүлэлт болон программ хангамж хөгжүүлэлтийн аль алиныг хийдэг. 

Дан программ бус өгөгдөл буюу датаг нь хамт инженерчлэснээрээ систем маань дата дээрээ тулгуурлан ирээдүйг таамаглах боломжтой болно. Мөн BI буюу бизнесийн ухаалаг шийдвэрүүдийг санал болгодог гэдгээрээ давуу талтай. Энэ чиглэлээрээ бид багаараа Татварын ерөнхий газар, Хаан банк зэрэг банк санхүү, төрийн асар их их дататай салбаруудад Big Data технологид суурилан дата инженерингийн шийдлүүд рүү орж ажилласан туршлагатай.

Бид үйлчлүүлэгчийнхээ бизнесийн онцлог, салбар, тусгай хэрэгцээнд тулгуурлан хамгийн зөв дизайн, архитектур, технологийн шийдлийг санал болгож, бизнесээ автоматжуулахад нь тусалдаг.


Эрэлт& Үнэлэмж: Өнөө үед IT-ийн оролцоогүй салбар гэж бараг алга. Үүн шиг удахгүй дата инженергүй бизнесийн байгууллага гэж байхгүй болно. Энэ бол хөгжлийнхөө дагуу явагдаж буй процесс. Цаашдаа юу болохыг таашгүй, асар хурдацтай хөгжиж салбар. Хиймэл оюун ухааныг гэхэд хэдэн жилийн өмнө ийм өндөр түвшинд хөгжинө гэж төсөөлөөгүй шүү дээ. 

Мэдээлэл технологийн салбар бол дотроо хөрвөх чадвартай, өсөн нэмэгдэх маш ирээдүйтэй салбар шүү гэж залуустаа  итгэлтэйгээр зөвлөе.

Олон улсад дата инженерийн ажил мэргэжил хамгийн эрэлттэй ажлын байрны жагсаалтад зүй ёсоор ордог. Манай улс ч сүүлийн жилүүдэд үнэ цэнийг нь ойлгодог болсон. Тэр хэрээр цалин, үнэлэмж нь өндөртэй ажлын байруудыг тэргүүлж байгаа.


Ирээдүй & Боломж: Өнөөдөр мэдээлэл технологийн салбарт үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөж буй гадны мэргэжилтнүүд шиг үнэ цэнтэй ажилтан болох боломж, чадвар монгол залууст бий. 

Ингэж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд энэ салбар бүр ч хурдтай хөгжиж, хууль эрх зүйн хүрээнд ч зөв шийдвэр гаргах ёстой гэж боддог.  Энэ нь манай улсын IT салбар дэлхийн хэмжээнд хөл нийлүүлэн алхах үүдийг нээнэ. Тэвчээртэй, нягт нямбай зан чанартай хүмүүс энэ мэргэжлээр амжилттай ажиллана, тэр чинээгээрээ боломжоор дүүрэн. Нэг удаа биш бүр 100 удаа оролдоод ч амжилттай болохгүй тохиолдол зөндөө гарна. Гэтэл 101 дэх дээрээ болж бүтэж л таарна шүү дээ.  

Үнэнийг хэлэхэд анх ажилд орсон эхний сар би юу ч ойлгоогүй. Онол бол онол шүү дээ. Энэ бол бодит талбар дээр л хийж, сурдаг ажил. Иймээс энэ чиглэлээр ажил мэргэжлээ сонгох гэж байгаа бол дан ганц онол үзээд байлгүй, практик дээр байнгын оролдлого туршилт хийж байгаарай гэж зөвлөе.

Цахим хаяг: Novelsoft LLC


 

Б.Эрдэнэзаяа:  IT салбарт эрчүүд амжилттай ажилладаг гэж ойлгодог ч, хүйсээс хамаарсан чадамжийн ялгаа байхгүй



Намайг Б.Эрдэнэзаяа гэдэг. 2008 онд МУИС-ийн МТС-ийн программ хангамжийн ангийг төгссөн. Одоо Хаан банканд мэдээлэл технологийн ахлах архитект (senior enterprise architect) ажилтай.

Сонголт & Шалтгаан:11 дүгээр ангидаа  мэдээлэл зүйн хичээл дээр Paint заалгаж анх удаа компьютерт хүрч үзэж байлаа.(инээв) Удалгүй ээжийн ажил компьютерээ акталж, анх удаа компьютертэй болж, өөрийнхээ нэрээ шивж сурч билээ. Хэдэн цагаар ч хамаагүй компьютер дээр суучихдаг намайг гэрийнхэн маань ажиглаад программ хангамжаар сурахыг зөвлөсөн. Тэр үед энэ мэргэжлийн талаарх мэдээлэл бараг байсангүй. Мэргэжлийнхээ талаар мэдэхгүй шахам, зөвхөн компьютер дээр ажиллана л гэж бодож сонгосон. Гэтэл программистийн ажил маш нарийн чимхлүүр ажил гэдгийг ойлгосон.  Энгийнээр хэлэхэд программист гэж компьютерын хэлийг ашиглан хүний хэрэгцээг бодит болгодог хүмүүс юм.


Бахархал & Эрсдэл: Хүн хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ дурлавал ажлын онцлогоос шалтгаалсан ямар ч асуудлыг даваад л гардаг. 

Өнөөдөр бид хүссэн бүхнээ хаанаас ч захиалж, тооцоогоо  гар утсаараа ч  хийж болж байна. Энэ бол мэдээлэл технологийн салбарын хүмүүсийн урт удаан хугацааны ажлын үр дүн шүү дээ. 

Программистууд нэг төвлөрөөд суухаараа хэт удаан ажилладаг сул талтай. Заримдаа бүтэн шөнөжин суучихснаа ч анзаарахгүй үе бий. Энэ талаас нь харвал цагаа сайн тооцож, ажлаа зөв төлөвлөхгүй бол амьдралын хэв маяг алдагдах эрсдэлтэй.


Байгууллагын харилцаа холбоог хариуцдаг учраас бидний ажил маш их хариуцлагатай байхыг шаарддаг. Иймээс ажлаа эхлүүлэхээсээ өмнө нягт нямбай төлөвлөхгүй бол ажил дунд алдаа гарвал өмнө хийсэн бүхий л ажил бүтэлгүйтэж болзошгүй.


Зарчим & Үнэт зүйл: Бидний гол зорилго бол хэрэглэгчийн хүсэж буй үйлчилгээ, хэрэгцээг компьютерын хэлийг ашиглан амьдралд нэвтрүүлэх. Тиймээс юун түрүүнд ажлынхаа гол концепцийг мэдэрч, чухам юу хийлгэмээр байгааг нь зөв ойлгохыг чухалчилдаг.

Учир нь тухайн төсөл дээр багийнхан ойлголтоо нэгтгэж байж л асуудлыг шийдвэрлэж, ажлын ард амжилттай гарч чаддаг. Үүний дараа ажлаа маш нарийн төлөвлөдөг. Юуг, чухам яаж хийх вэ гэдгээ зөв тодорхойлвол зорилгодоо хүрэх амархан. 


Эрэлт & үнэлэмж: Олон улсад программистын дундаж цалин жилийн 70 мянган ам.долларт хүрчихсэн. Цаашдаа ч өсөх хандлагатай.

Иймд энэ салбарыг сонгож, сонирхож үзэхийг хүүхэд залуусдаа уриалъя. Тэр дундаа охидод IT салбарыг сонирхож, судалж үзээрэй гэж зөвлөе. Хүмүүс энэ салбарт эрчүүд л амжилттай ажилладаг гэж ойлгодог. Үнэндээ хүйсээс хамаарсан чадамжийн ялгаа гэж огт байхгүй. Учир нь хэн илүү сэтгэж, хурдтай ажиллаж, авхаалж самбаатай байсан нь илүү чадварлаг мэргэжилтэн болж чадна. 


Ирээдүй & Боломж: Хүний хэрэгцээ хязгааргүй. Бидний одоо хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд, дижитал орчин улам бүр шинэчлэгдэнэ. Зогсолтгүй хөгжих учраас энэ салбарын ажил мэргэжлийн эрэлт хэрэгцээ хэзээ ч алдагдахгүй. 

Программистууд бид эх орондоо баялаг бүтээдэг хүмүүс. Хийж байгаа бүхэн маань үнэ цэнтэй. Бас нэг давуу тал нь орон зайн хамааралгүйгээр ажиллах боломж юм. Монголдоо байгаа ч гадны томоохон компаниудад гэрээтээр ажилладаг  залуус нэмэгдэж байна.

Үнэндээ IT салбар зөвхөн  математикдаа сайн байхыг шаарддаггүй. Логик сэтгэлгээ сайтай, сониуч зантай байхад энэ мэргэжлийг төвөггүй эзэмшинэ. 


Цахим хаяг: Хаан банк


Ч.Лутсүх: Сонирхол, мөнгө олох боломжийн огтлолцол дээр мэргэжлээ сонго

Намайг Ч.Лутсүх гэдэг. Малайз улсын Лимковингийн технологийн их сургуулийг төгссөн.  Одоо 3D артист мэргэжлээрээ “Trimon Studio”-ийг удирдан ажиллаж байна. 

 

Сонголт & Шалтгаан: Би багаасаа зурах дуртай хүүхэд байлаа. Хүүхэд байхдаа ид алдаршиж байсан “Matrix”, “Бөгжний эзэн” зэрэг киног үзээд яг ийм л зүйл хийдэг хүн болно гэж бодсон юм. Сурагч байхдаа уран зургийн наадамд оролцон түрүүлж, ДУДС-д урилгаар сурсан. III курсдээ хүсэж байсан 3D чиглэлээрээ бакалаврын зэрэг хамгаалахаар Малайз улсын Лимковингийн технологийн их сургуульд суралцсан. 

Хүмүүс 3D график артист гэсэн нэг л нэршлээр манай мэргэжлийг ойлгодог. Гэтэл дотроо зөвхөн дүрсний хөдөлгөөн бичих, орчныг модераторлах, эд юмсыг зураглах гээд бүгд тус тусдаа нэршилтэй. Би хөдөлгөөн хийдэг салбараар нь дагнан суралцсан. 


Бахархал & Эрсдэл: Зураач нарын хийдэг хамгийн гоё зүйл нь төсөөллөө бодит болгон буулгах боломж юм. Хүсвэл чи өөрөө тэнгэрт хөөрч болно эсвэл нар, сарыг ч хажуудаа авчирч болно. Тэгэхээр зураач хүний уран төсөөлөлд боломжгүй зүйл гэж үгүй. Мөн хүнд мэдрэмжээр дамжуулан мэдлэг олгох боломжтой нь хамгийн сайхан нь. 

Харин оюуны хэт их ачаалалтай ажилладаг нь магадгүй сул тал байх. Хүмүүс ярьдаг шүү дээ. Оюуны ажил хүнийг илүү ядраадаг гэж. Өглөө 8 цагт очоод орой 5 цагт дуусаад үлдсэн цагаа хувьдаа зарцуулна гэсэн ойлголт байдаггүй. 

Зураачид хоол идэхдээ хүртэл ажлаа бодож, бараг өдөр нь бодож байсан зүйлээ хүртэл шөнө нь зүүдэлдэг. Гэхдээ дуртай зүйлээрээ зовж байна гэдэг жаргал мэт санагддаг. Мөн гадагшаа сургуульд тэтгэлгээр суралцья гэхээр иймэрхүү нарийн мэргэжлийн тэтгэлэг огт байдаггүй юм билээ. 

Би сургуулиа төгсөж ирээд нэг студидэд жил гаруй ажилласан. Ингээд ерөөсөө нэг студи байгуулъя гэж  шийдээд Trimon Studio-ээ байгуулж, 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.


Зарчим & Үнэт зүйл: Хамгийн анх Юнивишн компанийн захиалгаар нэг реклам хийж байлаа. Тухайн үед сурсан мэдсэн бүх зүйлээ эргээд санаж, судалж байж хийсэн. Анимнэйшний 12 онол гэж байдаг. Үүнээс хойш яг энэ онолоо бүхий л ажил дээрээ хэвшүүлж хийдэг болсон.

Хоёр гурван хүн багаараа хийх ажлыг манайхан амархан мэтээр ойлгож, хэт бага үнээр, ганцхан хүнээр хийлгэх гээд байдаг талтай. Үүнийгээ захиалагчдаа ойлгуулах нь тун чухал. Тэгэхээр ажлаа хийхдээ харилцаандаа эхлээд төвлөрдөг. Тухайн захиалагчийн санааг бүтээлч байдлаар сонирхолтой гаргахыг хичээдэг. Ер нь сайн ойлголцож байж эцсийн бүтээгдэхүүн чанартай гарна. Уран бүтээлчийн ажил амаргүй, байнга бодож, шинийг эрэлхийлэх шаардлага гардаг. Заримдаа шантрах ч үе бий.


Эрэлт & үнэлэмж: Анх Малайзад дөнгөж төгсөж байхад тэнд олон ажлын санал ирж байсан. Тэндээ үлдээд ажиллаж болох байсан ч Монголдоо очвол илүү ирээдүйтэй санагдсан. Тэр нь ч оносон. 

Гэхдээ Холливудын хэмжээнд очно гэж ярихгүй л дээ. Угаасаа гүйцэх ч үгүй. Гэхдээ сүүлийн үед төрөөс манай салбарт анхаарч эхэллээ. Уул уурхай, нүүрс гэхээсээ илүүтэй IT болон бүтээлч үйлдвэрлэлийн салбараа илүү дэмжинэ гэж байгаа нь сайн хэрэг.

“Икигай” гэдэг ном дээр “Чи юунд дуртай байна вэ, хаанаас илүү их мөнгө олж чадах вэ гэдгийн огтлолцол дээрээс мэргэжлээ сонгох нь чухал” гэсэн байдаг.  

Сүүлийн үед чи юу дуртайгаа л хий гэдэг болж. Магадгүй чи зурах дуртай байж болно. Тэглээ гээд зураач эсвэл график дизайнер болно гэсэн үг биш. Магадгүй чи зурахаасаа илүү хүнтэй харилцахдаа сайн байж магадгүй. Тиймээс хэт сэтгэл хөдлөлдөө авталгүй өөрийгөө таньж мэдэн, судалгаа хийхийг зөвлөж байна.  


Ирээдүй & Боломж: Манай сургууль биднийг төгсөхөд давхар ямар мэргэжлээр ажиллаж болохыг диплом дээр бичсэн байдаг. Тухайлбал, найруулагч, 3D аниматар, график, телевизэд гэх зэргээр. Аливаа зүйлийг сурахад 99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авьяас гэдэг үг байдаг даа. Үнэхээр авьяасгүй ч гэсэн тухайн хүний гал эрмэлзэл нь л байхад хүн өөрөө ч мэдэлгүй сурчихсан байдаг. Тймээс хүн бүрт боломж бий. 

Дэлхий одоо илүү хавтгай байгаа учраас хэрвээ энэ төрлийн мэргэжлээр суралцаад төгсвөл эх орноосоо дэлхийн хаана ч ажиллах боломжтой болж байгаа юм. Дан ганц 3D чиглэлээс гадна CGI технологийг ашиглан зөгнөлт кино бүтээх, VR буюу виртуаль моделийн зах зээл рүү ч нэвтрэх боломжтой. 

Сүүдэр, орчны уусгалт, гацалт зэрэг жижиг зүйлсийг төгс шийдэж бодит байдал дээрх зураглалыг дэлгэцээр бүр ч илүү тод томруун, өнгө үзэмжтэй болгон харагдуулж чаддаг учраас цааш цаашдаа манай салбарын оролцоогүй бүтээл, сурталчилгаа зах зээл дээр байхгүй болно гэж хардаг.  

Цахим хаяг: Trimon Creativity