БАНК САНХҮҮ: Үнэ цэнтэй мэргэжил, үнэлэгдсэн мэргэжилтнүүд


Энэ удаа банк санхүүгийн салбарын шилдэг мэргэжилтнүүдийн төлөөлөл болгож Монголбанкны Төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн, Голомт банкны гадаад арилжааны дилер нарыг урилаа.

Б.Тулга: Мэргэжлээ сонгохдоо сонирхлоо дагахаас илүү энэ зүйлийг сайн хийж чадах уу гэдгээ бод

Намайг Б.Тулга гэдэг. АНУ-ын Нью-Йорк хотын Baruch College-ийг төгссөн. 2019 оноос эхлэн Монголбанкны Төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтэст хянан шалгагч-мэргэжилтнээр ажиллаж байна.


Сонголт & Шалтгаан: Би санхүүч мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалж төгссөн. Мэргэжлээ сонгоход гэр бүлийнхэн маань их нөлөөлсөн юм. Тэд бүгд л эдийн засаг, санхүүгийн салбарын хүмүүс байдаг. Өвөө, аав хоёулаа банкирүүд, тэр тусмаа Монголбанканд ажиллаж байсан. Бага байхдаа хүүхдийн гэнэн мөрөөдлөөр “Би ч гэсэн ирээдүйд төв банканд ажиллах болно” гэж боддог байлаа. 

Гэрийнхэн маань надад авахыг хүссэн зүйл байгаа бол зардлаа хэмнэх бус орлогоо нэмэгдүүлж байж илүү хурдан зорилгодоо хүрч болох талаар зөвлөдөг байв. Одоо бодоход энэ нь миний үзэл бодол төлөвшихөд гол нөлөө болжээ. 

Арван жилээ төгсөх үедээ өөрийгөө чухам юуг илүү сайн хийж чадах вэ гэдгээ бодож эргэцүүлсний эцэст шийдвэрээ гаргасан. Тухайн үед “Хүний амьдралд гэр бүл, найз нөхөд, хайр сэтгэл, аз жаргал гээд үнэт зүйл олон. Энэ бүхэнд мөнгө тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Зоосны хоёр тал шиг л зэрэгцэж байдаг юм байна” гэж бодоод мөнгө, санхүүтэй холбоотой ажил мэргэжил эзэмшиж, энэ талаар академик мэдлэг боловсролтой болох нь зөв хэмээн шийдсэн.


Бахархал & Эрсдэл:  Хүн бүр л гар утсаараа интернет ашиглаж, эсвэл карт, АТМ-ын тусламжтайгаар мөнгө шилжүүлдэг. Гэхдээ энэ бүхний цаана ямар үйл явц өрнөж байгааг тэр бүр мэддэггүй. Харин манай ажлын гол үүрэг бол бүхий л гүйлгээ, төлбөр тооцоо цаг алдалгүй хэвийн явагдаж байгаа эсэхийг хянаж, гарсан асуудлыг шийдвэрлэх. Монгол Улсын хэмжээнд өдөр бүр, цаг минут тутамд хийгдэж буй төлбөр тооцооны урсгалыг хянахын тулд Монголбанкны Төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтэс ажилладаг.

Хэдхэн жилийн өмнө банк хооронд картын гүйлгээ хийж болдоггүй байсныг Монголбанк нэгдсэн системд шилжиснээр аль ч банк хооронд картын гүйлгээ дамжих дэд бүтэцтэй болсон. Түүнчлэн төрийн сангийн мөнгийг (хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө, хувьцааны ногдол зэрэг) иргэдийн хувийн данс руу шууд шилжүүлдэг гээд манай нэгдсэн систем “ид шидтэй” шүү.(инээв) 

Олон улсын стандартад нийцсэн, чанартай, хөгжингүй улс орнуудтай л ижил системээр үйл ажиллагаа явуулдаг юм.  Дэлхийн банкнаас зөвлөхүүд ирээд Монголд ийм систем ажилладаг гэхээр “Яаж” гээд гайхаж билээ. Мөн манай хэлтэсээс сар, улирал бүрийн тооцооны тайланг гаргаж бүх датаг хянадаг тул хариуцлага алдвал үүний цаана аль нэг банк, ажилтнууд, харилцагчдын эрх ашигт шууд нөлөөлдөг. Иймд өөртөө үргэлж эргэлзэж байхгүй бол маш том эрсдэл дагаж явдаг. 


Зарчим & Үнэт зүйл: Миний ажиллаж буй хэлтэс арилжааны банк, байгууллагуудын үйл ажиллагааг хянаж, зөрчил илэрсэн тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авдаг. Алдаа дутагдал, зөрчил гаргасан газрыг торгох хүртэл эрх бий. Үүнийгээ дагаад маш өндөр хариуцлагатай ажиллахыг шаардана. 

Миний хэлсэн нэг үг ч Монголбанкны үг. Энэ том байгууллагыг төлөөлж буй учраас би хуулийн зүйл заалт, өөрийн эрх үүргээ бүгдийг нь тодорхой мэддэг байх ёстой. Нэг төгрөгийн зөрүү гарсан ч алдаа бол алдаа. Үүнийг хэрхэвч тоохгүй орхиж, “уучилж” болохгүй. Зохих шийтгэл арга хэмжээг эргэлзэлгүй хийж чаддаг байх ёстой. 


Эрэлт & үнэлэмж: Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр суралцдаг бол яг хаана, ямар албан тушаалд ажиллах нь нарийн тодорхой байхгүй. Ерөнхийд нь санхүүч, эдийн засагч гэж мэргэжил эзэмшдэг. Хэрхэн мэргэшиж ажиллахаа өөрөө л сайн судалж, төлөвлөх хэрэгтэй. 

Дэлхий дахин тэр чигтээ цахимжиж байна. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын тайлангаар бэлэн бус гүйлгээ, бэлэн мөнгөний гүйлгээнээс илүү гарсан. Үүнээс Монголд ч цахим мөнгө, блокчейн, криптовалют гээд технологиуд маш эрчимтэй хөгжиж байгааг харж болох юм. 

Хүмүүс цахим мөнгө, шилжүүлэг ашиглахын хэрээр энэ үйл явцыг хариуцлагатайгаар хянах эрэлт хэрэгцээ байсаар байна. Тэгэхээр мэргэжлээ сонгох гэж буй хүүхэд залууст “Финтек”, санхүүгийн чиглэл, тэр дундаа цахим мөнгөний салбарыг сонирхож, судалж үзэхийг санал болгож байна.


Боломж & Зөвлөгөө: Мэргэжлээ сонгохоосоо өмнө сонирхож хүсэж байгаа зүйлээ хорин жилийн дараа хийсэн ч чи сэтгэл ханамжтай байж, санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадах уу гэдгийг нухацтай бодоорой. Хүн ер нь юу ч хийхийг хүссэн мөнгө санхүүгийн асуудал тодорхой хэмжээнд нөлөөлж байдаг шүү дээ. Тиймээс санхүүгээ сайн тооцоолж сурах зайлшгүй шаардлагатай. 

Хүмүүс ихэнхдээ сонирхлоо дагаж сонголт хий гэдэг ч тухайн зүйлийг үнэхээр сайн хийж чадах уу гэдгээ бодох л ёстой. Хоосон мөрөөдлөөр харж, өнгөц шийдвэрлэж болохгүй. 

Жишээ нь зурах дуртай болохоороо зураач болно гээд зүтгээд байж болохгүй гэсэн санаа. Та үнэхээр бусдаас ялгарч, илүү сайн биш бол яагаад өөртөө хэрэгтэй зүйл сурч шинэ сонирхолоо нээж  болохгүй гэж?



Б.Санжаа: Мөнгөө зөв зарцуулж чадвал амжилтад хүрэх боломжтой

Намайг Б.Санжаа гэдэг. 2015 оны ШУТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийг Санхүүгийн менежмент чиглэлээр, 2019 онд  БНХАУ-ын Жижианы Технологийн их сургуульд эдийн засагч мэргэжлээр магистрын зэргээ хамгаалсан. Одоо Голомт банкны Нөөцийн удирдлагын газар гадаад арилжааны дилерээр ажилладаг. 


Сонголт & Шалтгаан: Наймдугаар ангид байхдаа “Баян аав, ядуу аав” номыг уншаад мөнгийг зөв зохистой хэрэглэж чадсан хэн бүхэн амжилтад хүрэх боломжтой юм байна гэдгийг анх ойлгосон юм. Ахлах ангид орсон хойно Wall Street киног үзсэнээр үүнийг илүү хүчтэй мэдрэхийн зэрэгцээ хүн амжилтад хүрсэн ч, унаж болно. Харин буцаад босоход эдийн засгийн ойлголт, мэдлэг л хэрэг болох нь гэж бодож эхэлсэн. 

Түүнчлэн энэ кинонд яригддаг хөрөнгийн зах зээл, хувьцаа зэрэг зүйлс анхаарал татаж, энэ талын мэдээлэл эрж хайх, судлах хүсэл төрүүлсэн юм. Ингээд өөрийн сонирхлоо дагаж, эдийн засгийг илүү сайн таньж мэдэх, гүн гүнзгий суралцахаар шийдэж, мэргэжлээ сонгосон.


Бахархал & Эрсдэл: Дилерийн зорилго нь энгийнээр тайлбарлавал банкны илүүдэл нөөц хөрөнгийг санхүүгийн зах зээлийн янз бүрийн хэрэгслүүдэд байршуулж, хамгийн үр ашигтай, эрсдэл багатайгаар удирдах юм. Банкнуудад мөнгөний захын дилер, валютын дилер гэх албан тушаалууд байдаг. Харин манай Голомт банканд дилерүүд алт, валют, түүхий эдийн гэх мэт илүү нарийвчилсан чиглэлээр гадаад зах зээлд ажилладаг. 

Миний хувьд гадаад арилжааны валютын дилер. Улс орнуудын эдийн засгийн суурь судалгааг хийж,нөхцөл байдлыг үнэлнэ. Мөн цаг үеийн ханшийн мэдээлэлд үндэслэн аль нь өсөж, буурахыг тооцоолж, цаашид өсөлттэй байхыг нь сонгож худалдаж аваад ирээдүйд ашиг олох замыг сонгодог гэсэн үг л дээ. Иймээс нарийн тооцоолол, зөв сонголт хийснээр харилцагчдын хөрөнгийг амжилттай зөв зарцуулж, чиглүүлэн өсгөж байгаа нь дилерийн хамгийн том амжилт гэж боддог. 

Ашиг олохыг зорьж байгаа бол  ард нь  эрсдэл дагадаг. Яг л жинлүүртэй адил эрсдэл, амжилт 50/50 хувьтай зэрэгцэж байдаг. Судалгаагаа сайн хийж, тооцоолсноор эрсдлээ багасгаж чадна. Харин олох ашгийн хэмжээ тэр бүр дилерээс хараат байдаггүй. Өөрөөр бол дилер эрсдэлийг хянах бүрэн боломжтой. Гагцхүү цаг үргэлж нягт нямбай ажиллахыг шаардлагатай. 



Зарчим & Үнэт зүйл: Валютын зах зээлд  сэтгэлийн хөөрөл ихтэй, түрэмгий зан араншинтай бол сайн тоглогч байж чадахгүй. Эсрэгээрээ тайван, дөлгөөн, сэтгэл хөдлөлөө удирддаг хүн л амжилттай ажиллана. Тиймээс би юун түрүүнд өөрийгөө зөв цагтаа “хазаарлаж” чаддаг байх ёстой. Хэзээ ч  алдахгүй гэж бүрэн итгэж болохгүй. 

Хэнд ч шууд ашиг олно гэж “том” дуугарч болохгүй. Бүх эрсдэл, боломжийг тайлбарлаж байж, шийдвэр гаргах эрхийг харилцагчид үлдээх нь чухал. 

Арилжаа хийх үедээ баримталдаг зарчим гэвэл би дансныхаа 1 хувийг л эрсдэлд оруулдаг. 

Жишээлбэл дансанд маань 1000 доллар байна гэж бодъё. Би эхлээд 10 долларыг л арилжаанд оруулна. Учир нь энэ удаа алдлаа гэж бодоход надад дахиад 99 удаагийн боломж үлдэж байна. Тэгэхээр 100 удаа алдана гэж байхгүй. Заримд үед алдаж, зарим үед ашигтай ажиллана. Алдаа хэд ч байж болно.Гол нь ашиг маань түүнээс 1 хувиар ч болов давж байх ёстой. 


Эрэлт & үнэлэмж: Арилжааны дилер манай улсын хувьд харьцангуй шинэ ойлголт. Заримдаа банкны теллертэй андуурах тохиолдол ч бий. Гэсэн хэдий ч энэ албан тушаал цаашид улам бүр үнэ цэнтэй болно.

Яагаад ийм итгэлтэй хэлж байна вэ гэвэл Монголын эдийн засаг жил ирэх тусам өсөж байна. Санхүүгийн зах зээл хөгжихийн хэрээр банкны системээс бусад салбарт ч хөрөнгийн илүүдэл үүсэж эхэлнэ.

Зөвхөн банканд бус бусад байгууллага,компаниудад дилерийн албан тушаал бий болох, ажиллах боломжтой. Үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, компани бүрд төлбөр тооцоо, эдийн засгийн асуудлууд гардаг шүү дээ. Тухай бүрд нь хөрөнгийг зөв хуваарилах, тооцоолох мэргэжлийн хүн хэрэгтэй. Тэгэхээр цаашид энэ ажил улам чухал байр суурийг эзэлж, ирээдүйд хамгийн үнэ цэнтэй, чадварлаг хүмүүс энэ албан тушаалд ажилладаг болно. 


Боломж & Зөвлөгөө: Эдийн засгийн чиглэлээр мэргэжлээ сонгож, дилер болбол ур чадвар, мэдлэг чадвараас хамаарч хангалтай хэмжээнд өсөж хөгжих, амжилттай ажиллах боломжтой. Диллерээс ахлах диллер, хэлтсийн захирал хүртэл албан тушаалд очиж банкны захиралаар ажиллаж байгаа хүмүүс гадаадад ч, Монголд ч бий. 

Улс орныхоо, олон улсын эдийн засгийг том зургаар нь харж, тооцоолж төлөвлөдөг учраас өөрийгөө цаг ямагт хөгжүүлж, ур чадвараа ахиулж байвал олон улсад хүлээн зөвшөөрөгдөж ажиллаж ч чадна. Ингэхийн тулд ёс суртахуунтай, багаар ажиллах чадвартай, сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг, амжилтад хүрэх амбицтай байх хэрэгтэй гэдгийг  нөхөрсөгөөр зөвлөе. 


Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.