УУЛ УУРХАЙ: Үнэ цэнтэй мэргэжил, үнэлэгдсэн мэргэжилтнүүд

Энэ удаа уул уурхайн салбарын шилдэг мэргэжилтнүүдийн төлөөлөл болгож Оюутолгой компанийн ил уурхайн үйл ажиллагааны зөвлөх,  ил уурхайн геологийн мэргэжилтэн, ил уурхайн засварын хэлтсийн мэргэжилтнүүдийг урилаа. 


С.Сэргэлэн: Уурхайд багаар ажиллах, бусадтай ойлголцох чадварыг алхам тутамд шаарддаг

Намайг Сахьяабазарын Сэргэлэн гэдэг. ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг уул уурхайн инженер мэргэжлээр төгссөн. “Оюутолгой” компанид ил уурхайн үйл ажиллагааны зөвлөхөөр ажиллаж байна.


Сонголт & Шалтгаан: Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант гэж уурхайчдын тосгонд төрж, өссөн хүн. Бүр багаасаа л өдөржин, шөнөжин ажилласан уурхайчид ээлжээсээ буугаад л  гэртээ харьж, амралтаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлээд, буцаад ажилдаа шамдан ордог, ажил амьдрал “буцалсан” тэр орчин надад үнэхээр сайхан санагддаг байлаа. 

Уурхайн тоног төхөөрөмж харахаас сүрдэм, том том машинууд. Хамгийн онцгой нь тухайн үед Толгойтын уурхайд  драга гээд бараг 5 давхар байшингийн хэмжээтэй, усан дээр хөвдөг төхөөрөмж байсан юм.

Тэрийг хараад л уурхайд ажиллаж үзэх юмсан, үүнийг яаж ажиллуулдаг юм бол, би энд ажиллавал ямар сайхан байх бол гэсэн сонирхолд хөтлөгдөж уурхайчин болох хүсэл төрсөн дөө. 

Ээж маань банк санхүүгийн салбарт ажилладаг, аав хүний гавьяат эмч хүн.  Хэн хэн нь надад өөрсдийн мэргэжлийг өвлүүлэхийг хүссэн ч намайг “дийлээгүй” л дээ.(инээв) Ингээд  би өөрийн хүсэл мөрөөдлөө дагаж шууд л ШУТИС-д элссэн. 


Бахархал & Эрсдэл:  Хэн бүхний амьдралд сайн сайхан, хүнд хэцүү зүйлс хоршин байдаг. Уурхайчдын хувьд хүнд хэцүү нь арай илүү байж ч болох юм. 

Би их сургуулиа төгссөнөөс хойш уул уурхайн салбарт ажиллаад 20 жил болжээ. Ингээд бодохоор ар гэрийнхэнтэйгээ хамт байх хугацаа хомс. Бие биеэ гэсэн хайр, халуун итгэлцэл дээр амьдрал маань тогтож байна. Ар талыг маань найдвартай дааж хариуцдаг, хань ижил гэр бүлийнхэн маань бидэнд хамгаас эрхэм. 

Уул уурхайн ажил тасралтгүй үргэлжилж, уурхайчин бид зогсолтгүй ажиллаж байж л улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулна. Эх оронд минь өрнөж буй бүтээн байгуулалт, хөгжил дэвшил бүхэнд бидний ажил, хөдөлмөрийн үр шим шингэж байгаа гэж бодохоор  сэтгэл тайвширч, бахархал төрдөг. 


Зарчим & Үнэт зүйл: Уурхайн ажил гэхээр тоос шороонд хутгалдсан, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй “бөөн” том машинууд л холхилддог гэж бодох нь бий. 

Үнэндээ уурхайд бүх зүйл тодорхой дэс дараалалтай, эмх цэгцтэй байх хэрэгтэй. Хэн хаана, ямар ажил хийж байна, дараа нь хэн, юу хийх вэ, хэрхэн хийх вэ гээд бүгд нарийн зааварчилгааны дагуу ажиллана. 

Хүнд машины операторууд маш том эрсдэлийг хариуцаж, үүрч яваа хүмүүс. Унаж яваа тэрэг нь гэхэд тусдаа 500 тонн жинтэй. Үүн дээр нэмээд хэдэн арван тонн хүдэр ачна, үелсэн замаар явна. 

Ямарваа эрсдэлийг харсан бол бусдадаа мэдэгдэхгүйгээр, хариу арга хэмжээ авахгүйгээр, эсвэл зөвхөн өөрийгөө бодоод  тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй. Үргэлж бид гэж санаж, бодож ажиллах ёстой. Эрсдэл өндөртэй нөхцөлд өөрсдийгөө бэртээж гэмтээхгүй ажиллахад багийн ажиллагаа, дэг журам л тус болно. 

Жишээ нь миний хувьд гурван ээлжийн 250 гаруй ажилчдын аюулгүй байдал, ажил үүргийн гүйцэтгэлийг хянаж, бусдыгаа зөв чиглүүлж, сайн зохион байгуулалтад оруулж ажиллах үүрэгтэй байдаг.  Уул уурхайд ажиллахын тулд машин жолооддог байвал болно гэдэг бол өрөөсгөл ойлголт. Багаар ажиллах, ажлыг нягт нямбай гүйцэтгэх, бусадтай ярилцаж, ойлголцох чадварыг алхам тутамд шаардаж байдаг. 

Бид уурхайгаас хэдэн мянган тонн эрдэс баялаг олборлож байгаа. Гэсэн ч “Уурхайгаас гарах хамгийн үнэт зүйл бол уурхайчин та өөрөө юм” гэсэн зарчмыг баримталдаг.  Уурхайчид ажил дээрээ ирсэн тэр хэвээрээ гэртээ эргээд очих хэрэгтэй. Тэр ч утгаараа “Хэрвээ хийх гэж буй ажил тань эрсдэлтэй санагдаж байвал, ажлаа зогсоох эрх танд бий” гэсэн  дүрмээр ажилладаг.



Эрэлт& Үнэлэмж: Манайхан уул уурхайн талаар хараахан бүрэн зөв ойлголттой болоогүй байгаа юм шиг санагддаг. 

Уурхай гэхээр газраа ухаж сэндийчдэг, байгалиа устгадаг гэж ойлгоод байдаг. Гэтэл уул уурхайн томоохон компаниуд  ашигласан газраа нөхөн сэргээх, байгаль хамгааллын ажилд дэмжлэг үзүүлэх зэргээр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж байгааг тэр бүр анзаараад байдаггүй нь харамсалтай.

Уул уурхай улс оронд ихээхэн үр өгөөжөө өгч байгаа. Монголын эдийн засгийн гол цөмийг бүрдүүлэгч салбар нь уул уурхай шүү дээ. Иймд манай салбарын мэргэжилтэн, ажилтны эрэлт хэрэгцээ жилээс жилд эрчимтэй өсөж байна. Цаашид ч өссөөр, улам бүр үнэ цэн нь нэмэгдэж, нарийн мэргэшлүүд нэмэгдэх эрэлт хэрэгцээтэй салбар хэвээр байх болно. 

Уурхайд эрэгтэйчүүд л ажилладаг гэж зарим нь боддог байх. Бид олон чадварлаг эмэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн ажилладаг, тэр дундаа хүнд даацын тоног төхөөрөмжийн ихэнх операторууд эмэгтэй хүмүүс байдаг. “Оюутолгой” компанийн зүгээс нийгэмд хандсан, олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлдэг. Орон нутгийн иргэдийг мэргэшүүлэх сургалтад хамруулж, амжилттай төгсөгчдийг ажлын байраар хангаж байна. 



Ирээдүй & Боломж: Хэдийгээр би уул уурхайн инженер мэргэжлээр төгссөн ч ажлын гараагаа нэгэн компанид туслах ажилтнаар эхлүүлж байлаа. Тухайн үед шинэ төгсөгчийг шууд л мэргэжлээр нь ажиллуулах бараг боломжгүй байсан юм. 

Хэсэг хугацаанд ингэж ажиллаж байгаад Магистрын зэргээ хамгаалсны дараа буюу 2011 оноос Оюутолгойдоо ажиллаж эхэлсэн. Энэ үед Оюутолгойн ил  уурхайн ажил дөнгөж эхэлж байлаа. 

Эхлээд багийн ахлагчаар ажилд орж, гурван жилийн дотор ээлжийн ахлагч болж, удалгүй ил уурхайн үйл ажиллагааны зөвлөхөөр ажиллах болсон.

Уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийн хувьд нэг үеэ бодвол карьерын хувьд өсөх боломж, нөхцөл эрс өөрчлөгдөж байгаа. Манай “Оюутолгой” компанид гэхэд хэрвээ та хангалттай ур чадвар, мэдлэг чадвартай, ажлаа хийж чадна гэсэн бүрэн итгэл үнэмшилтэй байвал хүссэн ажлаа хийхэд чинь  ямар ч саад байхгүй. 

Шинэ, залуу үеийнхэн мэргэжлийнхээ ажлыг хийгээд туршлага хуримтлуулаад ажиллаж байгааг харах үнэхээр бахархууштай байдаг шүү.



Ж.Номин-Эрдэнэ: Манай залууст мэргэжлээрээ гаднын уурхайд  ажиллах боломж, мэдлэг ур чадвар бүрэн бий

Намайг Жагарын Номин-Эрдэнэ гэдэг.  2008 онд МУИС-ийн шатах ашигт малтмалын геологич мэргэжлээр төгссөн. 2012 оноос хойш “Оюутолгой” компанид ил уурхайн геологийн мэргэжилтнээр ажиллаж байна. 


Сонголт & Шалтгаан: Геологи, уул уурхайн салбарыг хүмүүс тоохоо больж байсан үе бий. Харин намайг арван жилээ төгсөх үеэр дахин сэргэлт ид өрнөж байсан гэж болно.  Тухайн үеийн хүүхдүүдэд одоогийнх шиг мэргэжил сонголтын талаар мэдлэг, мэдээлэл өргөн байгаагүй. 

Гэсэн ч дунд ангиасаа эхэлж газар зүйн хичээлийг сонирхож, аймаг, улсын олимпиадад хэд хэдэн удаа амжилттай оролцсон маань мэргэжлээ сонгоход нөлөөлсөн гэж боддог. 

Их сургуульд орохын өмнөхөн ээж, эгч нар маань геологи, уул уурхайн салбарыг санал болгоод. Миний хувьд ч газарзүйн хичээлээс авсан мэдлэг, мэдээлэл сонирхол татаад байсан юм. Ингээд л бүгдийн санал нэг цэгт нийлж, миний мэргэжлийг гэр бүлээрээ дэмжин сонгож байв. 

Зарим хүмүүс “Эмэгтэй хүн уул уурхайгаар ажиллана гэж юу байх вэ” гээд л гайхаж, таагүй байж билээ. Надад бол тийм хэцүү санагдаагүй, боломжгүй ч гэж бодоогүй. Оюутан байхад хээрийн дадлагад гарахаар зарим нь ядраад, зутраад гэнэ. Би бол харин ч өнгө зүс ороод, жаргалтай болдог байсан. (инээв)



Бахархал & Эрсдэл: Уурхайн орчмын газар дээрх эрдэс чулуулгийн хэмжээ, шинж чанарыг тогтоох нь уурхайн ажил эхлэх нэгдүгээр алхам. Тиймээс геологичдыг ажлаа хариуцлагатайгаар хийсний дараа л бусад үйл ажиллагааг үргэлжлүүлж хийх боломж нээгддэг. 

Миний гүйцэтгэдэг ажлын хувьд сайн чанарын хүдэр чулуу хаана, хэр хэмжээтэй байгааг тогтоож, ангилдаг. Үүний дараа хүдрийг баяжуулах үйлдвэр рүү илгээж боловсруулна. Харин бусад чулуулгийг хаягдал чулуу гээд өөр зүйлсэд ашигладаг.  

Хэрвээ бид нэг л удаа хайхрамжгүй хандаж, чулуулгуудыг андуурч тэмдэглэвэл алдаа эндэгдэл нь хэдэн зуун тонноор хэмжигдэнэ. Үүгээр ч зогсохгүй их хэмжээний хөрөнгө мөнгө, олон зуун хүний хөлс, хүчийг үнэгүйдүүлж болзошгүй тул алдах эрх байхгүй. 



Зарчим & Үнэт зүйл: Чулуулгуудын шинж чанарыг ажиглаж, ангилдаг учраас геологич хүн юуны түрүүнд маш гярхай байх хэрэгтэй. Нарийн жижиг зүйлсийг ч анзаардаг байх нь давуу тал. 

Мэдээж ажилдаа нягт нямбай, хариуцлагатай хандаж чаддаг хүн л үр бүтээмжтэй ажилладаг. 

Уурхайн ажил хамтын хөдөлмөрөөр урагшилдаг. Нэг хүнээс зуун хувь хамаарахгүй ч, уурхайд байгаа хүн бүр оролцож байж л ажлын ард амжилттай гарч чадна. 

Нөгөөтэйгүүр эрсдэл өндөртэй нөхцөлд бэртэж, гэмтэхгүй ажлаа явуулж байна гэдэг нь бие биеийнхээ итгэлийг дааж чаддагийн үр дүн гэж боддог. Манай уурхайнхан ажлын орчиндоо “Аюулыг тэглэе” гэсэн зорилтын хүрээнд нэг нэгнээ хайрлаж, халамжилснаар нэгэн цул болж, ажлаа урагшлуулах үндэс болдог гэж хэлэх дуртай. Тиймдээ ч уурхайн хамт олон, багийн гишүүн бүхэн бие биедээ хамгийн гол түшиг тулгуур нь болж байдаг. 


Эрэлт& Үнэлэмж:  Хүмүүс геологич гэхээр байнга л хээрээр явж, чулуу хайдаг гэж боддог. (инээв) Гэтэл бидний ажил улам бүр л хялбаршиж, цахимд шилжиж байгаа. 

Жишээ нь би заавал уурхай дээр очих шаардлагагүй, ажиглалтын камераар дамжуулж уурхайн ажлын үйл явцыг шууд хардаг болсон. Өмнө нь 28 хоног уурхай дээр ажиллаад, 14 хоног амардаг байсан. Өнгөрсөн жилээс сардаа нэг удаа л  очиж байна.  

Оюутолгойн уурхай чулуулгийн дээжүүдийг цуглуулж “Блок модель” үүсгэсэн байдаг. 

Товчхон тайлбарлавал геологичдын судалсан эрдэс чулуулгийн загварыг хадгалж мэдээллийн сан бүрдүүлж байгаа юм.Системд бүртгэгдсэн учраас мэдээллийг цаг алдалгүй шинэчилж, тухайн мэдээллийг хүссэн хүн бүхэн харах боломжтой болсон. 

Мөн уурхайн ашиглалтын талбайн зургийг онлайнаар байршуулж, операторуудтай холбогддог. Ингэснээр хүдэртэй талбайд улаан туг, хаягдалтай хэсгийг цэнхэр тугаар тэмдэглэж ялгадаг механик үйлдлээс татгалзсан. Онлайн зураг дээр хийсэн тэмдэглэгээ автоматаар операторуудын дэлгэцэд харагддаг болсноор ажлыг илүү хөнгөвчилж байгаа. 


Манай ил уурхайн үйл ажиллагаа эхэлж байх үед гаднын мэргэжилтнүүдээс туршлага судалж, зөвлөгөө авдаг байлаа. Одоо өөрсдөө 10 жилийн түүхтэй, туршлагатай боллоо. Дээрх туршлагаасаа Рио Тинтогийн бусад уурхайд зөвлөж, хуваалцдаг болсон байна.

Ирээдүй & Боломж: Геологичид газрын гадарга дээрх чулуулгаас дэлхийн гүнд хүртэлх бүхий л үе давхаргад буй эрдэс чулуулгийг судалдаг. Тиймдээ ч олон төрлөөр нарийн мэргэших боломжтой.

Манай Оюутолгойн уурхайд гэхэд ил уурхайн, далд уурхайн, нөөцийн, хайгуулын, зураглалын геологи гээд олон мэргэжилтнүүд бий.  Геологийн шинжлэх ухаан өөрөө шавхагдаж баршгүй их уурхай.(инээв) Дэлхийн гүн дэх металл, чулуулгуудыг бүр нарийн, олон төрлөөр төрөлжүүлэн судлах хэрэгцээ байгаа учраас  геологичдын эрэлт хэрэгцээ өсөж байгаа хэрэг. 

Мэргэжилдээ дуртай, хийж байгаа ажилдаа эзэн болж чадвал үнэ цэнээ хаана ч алдахгүй.  Манай залууст мэргэжлээрээ Монголдоо төдийгүй дэлхийн бусад орнуудын уурхайд ажиллах боломж нээлттэй бөгөөд үнэлэгдэхүйц мэдлэг, ур чадвар бүрэн бий. Манай компанийн зарим геологичид Рио Тинтогийн бусад уурхайд ажиллаж, туршлага солилцдог болсон шүү дээ. 


Н.Түвшинхүү: Улсынхаа төсвийн нэлээд хувийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмэр оруулж байгаадаа бахархдаг 

Намайг Ням-Осорын Түвшинхүү гэдэг. Оюутолгойн ил уурхайн засварын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажилладаг. Анх байгаль орчны төсөл дээр ажиллаж байгаад, одоогийн энэ ажилдаа орсон. Тухайн үед олон ажлын байрнаас засварын чиглэлийг сонгохдоо нэлээн бодож, аав ээжтэйгээ зөвлөлдөж шийдэж байснаа мартдаггүй. Би Оюутолгой хэмээх томоохон бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулж, олон мянган залуустай мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа бахархдаг.


Сонголт & Шалтгаан: Би уг нь тэс өөр мэргэжилтэй хүн. Эхлээд ХААИС-ийг экологич мэргэжлээр, дараа нь Удирдлагын академийг бизнесийн удирдлагаар төгсөөд олон улсын компанид ажиллаж байсан. Аав маань насаараа техникч хийсэн хүн бий. Хүүхэд ахуй цагаасаа л аавыгаа дагаад машин техник сонирхож, тостой хутгалдаж, яаж засахыг заалгаж өссөн. Бага байхад минь надад “Эр хүн энэ чиглэлээр ажиллахад зүгээр, чи угийн техникийн дөртэй хүн дээ” гэж зөвлөж байлаа. Тэгээд хүүхэд байхаас минь дагуулж, зааж сургасан нь Оюутолгой хэмээх их айлын босгыг алхах, амьдралаа холбох үндэс шалтгаан болсон гэж боддог. Хэдийгээр албан ёсоор техникийн чиглэлээр мэргэшээгүй ч сүүлд “Оюутолгой” компанийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, Австралийн коллежид засьарын мэргэжлээр суралцсан.

Механикч гэхээр зөвхөн машины тостой зууралддаг, биеийн хүч л шаарддаг ажил биш. Тоног төхөөрөмж засна гэдэг оюун сэтгэлгээ шаарддаг ажил юм шүү дээ. Иймээс би энэ мэргэжлийг сонгосон.

Би анхны цалингаа авсан тэр өдрийг ерөөсөө мартдаггүй. Эхнэртэйгээ нийтийн байранд амьдарч, дөнгөж амьдрал эхлүүлж байсан үе. Сэлэнгээс хот орох замд цалин дансанд орчихсон, тэр мөнгөөрөө анхны тавилгаа авч, их урамтай сайхан байж билээ./инээв/


Бахархал&Эрсдэл: Монгол Улсын төсвийн томоохон хувийг бүрдүүлж байгаа уурхай бол яах аргагүй Оюутолгой. Энэ уурхайг хөдөлгөж байгаа амин зүрх нь манай ил уурхай юм. Улсынхаа төсвийн нэлээд хувийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмэр оруулж байгаадаа бахархдаг.

Манай засварын хэлтэс нүсэр цахилгаан ачигч, гидер ачигч зэрэг тоног төхөөрөмжүүд хариуцдаг. Хэн нэгэн буруу үйлдэл  хийхэд уурхай дагаад зогсох ч аюултай. Тэр зогсолтын хором мөч бүхэн хэдэн зуун мянган доллароор хэмжигдэх хохирол дагуулах эрсдэлтэй. 

Тийм учраас ийм л итгэл үнэмшлээр, хариуцлагатайгаар ажиллаж ирсэн. Ялангуяа цар тахал гарч, бизнес удааширсан сүүлийн хоёр жилд эрүүл мэнд эмнэлгийн байгууллага, Онцгой байдлын алба гээд чухал салбарын цалинд нэмэр болно гэдэг итгэл үнэмшилдээ бид бүр ч бат зогсож, хичээсэн.

Уурхайн тоног төхөөрөмж овор хэмжээ том, эд анги, сэлбэг, бидний хэрэглэдэг багаж хүртэл овортой. Гараар хийдэг ажил ихэнх хувийг эзэлдэг. Тэр хэрээр эрсдэл үргэлж дагаж явдаг. Манай компанийн хувьд энэ асуудалд байнга анхаарал хандуулдаг, аюулгүй ажиллагааны олон арга барил,  дүрэм журмыг мөрдүүлж ажилладаг.  


Зарчим & Үнэт зүйл: Бусадтай ижил тэгш хандаж, ямар ч үед цаг баримталдаг маань миний зарчим. Цаг баримталж сурна гэдэг зөвхөн тухайн цагтаа л ирэх тухай асуудал биш, тухайн хүнээ хүндэтгэж буйн илрэл. Өөрийнх нь хувийн зохион байгуулалт гэж хардаг.

Миний хувьд эх орондоо яг гаднын томоохон компаниуд шиг бизнесийн өндөр соёлтой, ажилтнуудаа өсөж хөгжих боломжоор хангаж, дэмжиж чаддаг компанид ажиллаж байгаадаа бахархдаг. Хувь хүний хувьд үнэт зүйл гэвэл яах аргагүй гэр бүл минь. Хайртай хүмүүсийнхээ төлөө, өөрийнхөө зорилго мөрөөдлийнхөө төлөө шаргуу ажилладаг. 


Эрэлт& Үнэлэмж: Залууст зөвлөхөд уурхайн техникийн мэргэжилтэн бол маш эрэлттэй ажлын байр. Зарим нь уул уурхайн салбарын ажил мэргэжлийг хүрз барьсан ажил гэж эндүүрдэг. Энэ бол тэр чигтээ мэдлэг сорьсон салбар юм.

Ер нь инженер гэдэг хэзээ ч “мода”-ноос гарахгүй. Миний хийж байгаа механикийн инженерийн ажил гэхэд уул уурхай түшиглэсэн манай улсын хувьд эрэлт хэрэгцээтэй ажил мэргэжил. Бараг 100 жилдээ ч хэрэгцээтэй байна гэдэгт итгэдэг. Тиймээс залуу та энэ мэргэжлийг сонгосон бол ажлын байр олдохгүй байхын асуудалгүй. 

Үүнийгээ дагаад цалин үнэлэмж нь боломжийн. Оюутолгой төслийн хувьд олон улсын жишгийн дагуу хангалттай цалинтай учраас сэтгэл хангалуун байдаг.


Ирээдүй & Боломж: Энэ жил манай ил уурхайн арван жилийн ой болж байна. Ер нь уул уурхайн салбар тэр дундаа ил уурхайн салбарт асар их боломж бий.  

Жишээ нь ил уурхайд бидэнтэй хамт мөр зэрэгцэн ажиллаж байгаад гадаадын улс орнуудын уул уурхайн компанид техникийн зөвлөх хийж байгаа залуус олон. Өмнө нь зөвлөхийг гадаад хүнээр л төсөөлдөг байлаа шүү дээ. Гэтэл манай мэргэжилтнүүд буцаад сурсан мэдсэнээ хуваалцаж, гаднын компанид зөвлөх хийх түвшинд хүрчихжээ. 

Үүнээс харсан ч, уул уурхайн салбарыг үнэхээр сонирхоод хөгжүүлж чадвал маш том боломжууд бий.

Хүн ер нь өөрийн чадах, хүссэн сонирхолтой ажлаа сонгоод явбал заавал өөдөлж урагшилна гэдэгт итгэдэг.  Цалин өндөртэй эсвэл амар хялбарыг нь харж ажил мэргэжлээ сонговол тухайн ажилдаа шимтэж дурлаж чадахгүй. Иймээс сонирхлоо дагаж мэргэжлээ сонгох нь чухал. Өөрийн дуртай ажлаа хийгээд явна гэдэг аз жаргал юм шүү. Миний хувьд Оюутолгойн олон мянган ажилтнуудын нэгэн адил дуртай ажлаа хийгээд аз жаргалтай, сэтгэл хангалуун ажиллаж амьдарч явна даа. 


Сэтгэгдэл бичих (13)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.