ХХ зууны эхэн үеийн Монголын улс төрийн лидерүүдээс жанжин Д. Сүхбаатар 1893 оны 2 сарын 2-нд Амгаланбаатар хотод мэндэлжээ. Сүхийг төрөх өдөр эцэг нь хээрээс жижигхэн мөнгөн сүх олсон бөгөөд түүнээ билэгдэн шинэ гарсан хүүдээ Сүх нэрийг өгсөн гэдэг.

Дамдин өөрийн хэдэн хүүхдээс Сүхийг онцлон эрдэм номын мөр хөөлгөх шийдвэр гарган гүн Жамьян, бэйс Цэен, гүн Гүррагчаа зэрэг эрдэм ухаан, удам угсаа сайтай багш нараар монгол бичиг, тоо бодлого, манж хэл бичиг заалгаж тухайн үедээ шаггүй боловсролтой нэгэн болжээ.
Идэр залуу насандаа өртөөний улаач хийж байсан тэрбээр 1910 онд өөрийн насны хань Янжинтайгаа (Янжмаа) нэг гэрт орсон байна. Удалгүй Хужирбулан дахь цэргийн бага даргын сургуулийг онц үнэлгээтэй төгсөж салаа, сумангийн дарга болжээ. Тэрбээр 1912 онд V зэргийн, 1915 онд IV зэргийн, 1917 онд III зэргийн, 1919 онд дэд зэргийн жинс, тогосын отгоор Богд хааны зарлигаар тус тус шагнагдсан байна.

Түүний улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа 1914 онд Хужирбулангийн хуаранд болсон 1000 гаруй цэргийг толгойлон боссоноос эхлэлтэй. Олноо “Гоймонбаатар” гэж алдарших болсон Сүхбаатар 1919 он гэхэд Улсын доод хурлын гишүүн болсон байдаг.
Цэргийн авьяаслаг жанжин байсан нь Манхдайн давааны өвөр, Зүүн Бүрхийн амны тулалдаанууд болон Хиагтыг чөлөөлөх цэргийн ажиллагаанд эртний Монголчуудын “гал могойн бүслэлт”, “галзуу барын дайралт”, “эрээн ирвэсийн гэтэлт”, “эрэгчин чонын хөөлт” гэх зэрэг уламжлалт байлдааны тактикийг хэрэглэснээс харагддаг.

1921 онд хувьсгал ялсны дараа Д.Сүхбаатар Ардын засгийн газар, бүх цэргийн зөвлөл, намын төв хорооны гишүүн хийгээд дэд тэргүүлэгч, Бүх цэргийн жанжин, Цэргийн яамны тэргүүн сайд болов. Энэ үед тэрбээр ердөө 28 настай байжээ.
1922 оны 12 сарын 9-нд Д.Сүхбаатарыг Бүх цэргийн жанжин гэсэн алба тушаалд тохоон томилжээ.

Удалгүй гэнэт тэдний гэр бүл адилхан өвчнөөр өвчилж, эмч нар Сүхбаатар, түүний гэргий Янжмаа, хүү Галсан нарыг тус тусaд нь тусгаарлан эмчилж эхлэв. Гэвч жанжин Д.Сүхбаатар 1923 оны 2 сарын 20-ны өглөө өөд болсон ажээ. Эмч нар түүнийг өвчний улмаас таалал төгссөн гэсэн дүгнэлтийг их хожуу гаргасан байдаг ч зарим эх сурвалжид жанжныг Э.Ринчено хор өгч хөнөөсөн ч гэж үзэх нь буй.