Б.Баясгалан
03 сарын 22, 2021
Цар тахал нэмэгдэж буйтай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар болон вакцинжуулалтын явцын талаар Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг зөвлөлдөв.
Энэ үeэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ковидын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон тулгарч буй хүндрэл бэрхшээлийг танилцуулаад хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа илэрхийлэв.
ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр шинжилгээ оношилгооны менежментийг өөрчилж, шинэ арга тактик хэрэглэхээр зорьж, бүтэц бүрэлдэхүүнээ өргөтгөж буйгаа мэдээллээ.
Мөн УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 3/2 хувь нь бүх нийтийн хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзсэн талаар Эрдэмтдийн зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар мэдэгдлээ.
Хэдийгээр халдварын тархалт нэмэгдэж байгаа ч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хорьж хаалгүй, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, хэвийн үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа Шадар сайд илэрхийлэв.
Цаашид хатуу хөл хорио тогтоолгүй, халдвар илэрсэн байршлуудад хэсэгчилж хөл хорио тогтоох, аж ахуйн нэгж байгууллагуудыг цахимаар ажилуулах зэрэг арга хэмжээг авч ажиллах судалгаа тооцооллыг гаргаж, танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг өглөө. Мөн халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд зохион байгуулахаар боллоо.
Улсын онцгой комисс хуралдаж дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.