Анагаах ухааны доктор Ганболдын Ууганцэцэгтэй ярилцлаа.Тэрбээр сүүлийн үед Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцорын хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийн талаар мэдээлэл бэлтгэн түгээсээр байгаа.


Нарийн тоосонцор хүний үсийг мянга хуваасантай тэнцдэг

Утааг зөвхөн өвлийн улиралд ярьдаг. Тоосонцорыг бид жилийн дөрвөн улиралд ярих ёстой, үргэлж санаж байх ёстой асуудал юм.

Нарийн ширхэгт тоосонцор нь хүний үсний ширхэгийг 1000 хуваасантай тэнцдэг.

Гудамж, талбай, үзвэрийн газар ер нь хаана ч тэрхүүнарийн ширхэгт тоосонцор бидний амьсгалаар орж, ямар нэгэн өвчин эмгэгийн суурь шалтгаан болж байдгийг бид тэр бүр мэддэггүй.   

Эхлээд хамар, залгиур, салстаар дамжиж шууд уушгины нарийн цулцангууд руу орно. Агаараар дамжин уушгинд орсон тоос тоосонцорыг хүн ханиаж, найтааж, нус цэрээрээ дамжуулан гадагшлуулдаг. 

Энэ үед 10 микрометр буюу нарийн тоос л хүний биеэс гадагшилдаг. Гэтэл 2.5 микрометр буюу хэт нарийн тоосонцрыг хүний бие организм гадагшлуулж чаддаггүй. Энэ нь яваандаа уушгины бөглөрөлт, харшлын гаралтай бронхит, уушгины холбогч эдээр солигдох силикоз зэрэг олон төрлийн уушгины өвчлөлийн шалтгаан болж байна.

 “Чимээгүй алуурчин” буюу алгуур хөнөөл

Монгол Улс дахь хорт хавдрын өвчлөлийн 7.5 хувийг уушгины хавдар эзэлж байна. Үүний гол шалтгаан нь тоос тоосонцортой шууд холбоотой.

Зарим хүн “Ядраад байна, сульдаад, харшилд дарлуулж байна” гэж ярьдаг. Яг үнэндээ онош нь олдохгүй байгаа олон өвчний шалтгаан нарийн тоосонцор байх өндөр магадлалтай.

ДЭМБ болон Олон улсын хавдар судлалын агентлагаас сүүлийн үед уушгины хавдрын гол шалтгааныг тамхинаас ч илүү бичил тоосонцор, нарийн тоос гэж үзэж байна.


Тоос тоосонцорыг хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар хөнөөж байдаг “чимээгүй алуурчин” гэж нэрлэдэг нь учиртай.

Та өнөөдөр, маргааш магадгүй хэдэн өдрөөр ч хэт нарийн тоосонцортой орчинд алхаж, ажиллаж болно. Хөнөөл нь тэр даруйдаа үл мэдрэгдэнэ. Харин олон жилийн дараа уушги болон амьсгалын замын бусад эрхтнийг гэмтээж, улмаар хавдрын шалтгаан ч болох магадлалтай.


Хамгийн эмзэглэдэг зүйл бага насны хүүхдүүд энэ чимээгүй хөнөөлд хамгийн их өртөж байна. Энэ зун гэхэд нэлээн хэдэн удаа үер боллоо. Үерээс хойш замын цэвэрлэгээ угаалга, нарийн ариутгал явагдсан эсэхийг мэдэхгүй юм. Авто замын хөдөлгөөнөөс үүссэн хэт нарийн тоос тоосонцорууд гэхэд байнга дэгдэж бууж байдаг. Энэ бүхэнд  зам даган алхаж яваа метр хүрэхгүй жаахан хүүхдүүдийн уушгинд хүнд метальтай хамт орж байна шүү дээ.

Иймээс хүүхэд гэлтгүй томчууд бид ч утаа, тоос ихтэй энэ үед PM-2.5 гэсэн бичигтэй PM2.5 буюу хэт нарийн тоосонцорыг шүүгч маскийг хэрэглэж дадах хэрэгтэй.

   Хотоо шүүрээр бужигнуулж цэвэрлэдэг арга барилаасаа салах цаг ирсэн

Гадны улс орнууд тоос тоосонцроос хамгаалах янз бүрийн арга хэмжээнүүд авдаг. 

#Цаг агаарын мэдээтэй хамт тоосонцорыг хувь хэмжээг мэдээлдэг

Цаг агаарын мэдээнд агаарын хэмээс гадна тоосонцорыг онцолж мэдээлдэг жишгийг дэлхийн олон улс хэрэгжүүлдэг. Хэрвээ тухайн өдөр нь агаар хэтэрхий их тоос тоосонцортой, авто замын ачаалал хэт их байвал улаан дохиогоор анхааруулж тодорхой цагуудыг зааж, гадуур гарахдаа болгоомжтой байгаарай, энэ газруудаар битгий яваарай, ийм үед заавал PM-2.5 хэмжээтэй маскаа зүүгээрэй гэж анхааруулж, сануулж байдаг.

#Усалгааны системээр тоос, тоосонцортой тэмцдэг

Ямар нэг байдлаар усалгааны зөв системүүдийг  ашигладаг. Өөрөөр хэлбэл, хуурай газруудаа усалж, арчилж, тордож байдаг гэсэн үг. Энэ бол нийтийн эрүүл мэндийн төлөө төрөөс төлөвлөн хийдэг энгийн алхмын нэг юм.

#Ногооны байгууламжийг олноор төлөвлөдөг

Хүн хаана байна тэнд ногоон байгууламж байх ёстой. 100 метр квадрат газар байлаа гэхэд 30 метр квадратад нь бүтээн байгуулалт хийгээд 70 метр квадратад нь бусдыг эрүүл амьдрахад нь тохирох тийм орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Үндсэндээ бид нарт бодлого хэрэгтэй. Тоос, тоосонцоргүйорчин, тийм сайхан нийгмийг яаж бий болгох вэ гэдэг дээр нэгдсэн бодлого хэрэгтэй байна. Тоос, тоосонцор бол ганц миний, таны л асуудал биш. Нийгмийн эрүүл мэндийн, нийтийн эрүүл мэндийн асуудал юм гэдэгт та бүхнийг санал нэгдэнэ гэж бодож байна.

Наад зах нь тоосыг шүүрээр бужигнуулж цэвэрлэхээ болих хэрэгтэй. ТҮК-ийн ажилчдыг техник хэрэгсэлтэй болгож, ус цацаж чийгтэй цэвэрлэгээ хийх боломжийг бүрдүүлэх нь чухал. Үүнээс гадна мод тарих, замын түгжрэл бууруулах зэргээр олон ажил хийх шаардлагатай байна.