Өнөөдөр Эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн цахим сан болох www.iltodgeree.mn вебсайтыг олон нийтэд танилцуулах нээлт боллоо.

Энэхүү мэдээллийн санг Монгол Улсын эрдэс баялгийн салбарт гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор Нээлттэй нийгэм Форум (ННФ), Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ) болон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Ажлын алба хамтран бүтээжээ.

Уг санд ашигт малтмал, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмал гэх мэт байгалийн баялгийг ашиглахтай холбоотой Хөрөнгө оруулалтын болон Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Концессын гэрээ, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс орон нутгийн захиргаатай байгуулдаг Орон нутгийн гэрээ зэрэг Монгол улсын эрдэс баялгийн салбарт байгуулагддаг гэрээнүүдийн эх бичвэрийг байршуулсан байна. 

Энэхүү сайтад уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан бүх гэрээг байршуулах бөгөөд одоогийн байдлаар 14 төрлийн 400 гаруй гэрээг байршуулаад байгаа юм. www.iltodgeree.mn, www.resourcecontracts.mn гэсэн хоёр домэйн нэртэй сайтын алинаар нь ч хандаж уг мэдээллийг авч болно.

Энэхүү мэдээллийн сангаас хэрэглэгч та уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан дээрх гэрээнүүд, тэдгээрийн тайлбарыг эрдэс баялгийн төрөл, байгуулсан цаг хугацаа, гэрээний талууд, тодорхой зүйл, заалт зэрэг ангиллаар хайлт хийж, татаж авах замаар харьцуулалт, судалгаа, дүн шинжилгээ хийх боломжтой юм.

Ийнхүү нийтийн өмчлөлийн байгалийн баялгийг ашиглахтай холбоотой гэрээний мэдээллийг ийнхүү ил тод болгосноор эрдэс баялгийн салбар дахь орлогын урсгал болон гэрээний хэрэгжилт, үр нөлөөг олон нийт хянах боломж бүрдэх юм. Энэ нь төр, хувийн хэвшлийн хариуцлагыг нэмэгдүүлэн авлигаас ангид сайн засаглалыг бэхжүүлэх замаар нийтийн баялгийн удирдлагыг сайжруулж, улс орны тогтвортой хөгжлийг хангахад тодорхой хувь нэмэр оруулна хэмээн шинжээчид үзэж буй.