Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай улсад цөлжилт ган зуд болж байна гэж бид ойлгож ирсэн ч чийг, хур тунадас ордог байдал нь өөрчлөгдөж олон хүний амьдралд нөлөөлж байна.

Дуунд гардаг намираа, зүсэр бороо орохоо больж зөвхөн аадар бороо ордог болсноос болж зуны улиралд үерийн аюул ойр гардаг болжээ.

Шархадны унаган иргэн Д.Оюунчимэг хашаандаа ногоо тарьж, тахиа нугас, галуу үржүүлж амьдралаа авч явдаг энгийн нэг иргэн.

“Хүүхэд байхад 10 хоног бороо орсон ч манай хашаа, гудамж үерлэж байгаагүй. Харин одоо 10 минут ороод зогссон борооны дараа үер орж ирж, ургуулсан ногоог маань урсгадаг болсон” гэж тэрбээр ярив.

Аадар борооны дараах үерийн ус Д.Оюунчимэгийн ургуулсан ногоо, тахиа шувууг нь урсгаж олон удаа хохироож байжээ. “Манай энэ хавийн айлууд бүгд зун ширүүн бороо орохоор тэвддэг, сандардаг айдастай” гэж Д.Оюунчимэг эгч онцлон хэлэв.

Сүүлийн 40 жилийн хугацаанд Монгол нутгийн хур тунадас эрс өөрчлөгдсөн гэдгийг цаг уурчид баталж байна. Бороо нэмэгдээгүй, багасаагүй ч үгүй. Харин буудаг эрч нь харин өөрчлөгджээ.

Зүсэр бороо, намираа бороо, шиврээ гэдэг нь маш  бага хэмжээгээр олон өдөр орж газрыг хөрсийг гүн рүү нь ортол чийглэж усалдаг бороо юм. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зүсэр бороо алга болж цөлжилт эрчимжиж байна. Зүсэр бороо байхгүй болсон нь мал ахуй төдийгүй хотод амьдарч байгаа хүмүүст сөргөөр нөлөөлдөг.

Ус Цаг Уур Орчны шинжилгээний газрын Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны албаны дарга, судлаач Д.Дуламсүрэнгийн хэлж буйгаар “Дэлхийн дулаарлын улмаас 30 градусаас дээш хэт халуун өдрийн тоо нэмэгдэж, ууршилт хурдан явагддаг болсон. Хэт халуун байвал газрын гадарга дээрх чийг хурдан ууршиж, аадар борооны үүл болж, мөн тэр хэрээр хурдан доош буудаг. Хэт халах тусам аадар бороо орох магадлал өндөр гэсэн үг.

Монгол нутгийн дундаж температур сүүлийн 70 жилд целсийн 2 градусаар дулаарсныг манай эрдэмтэд батлаад буй. 2004 онд аадар борооноос үүсэлтэй есөн удаагийн үерийн тохиолдол гарсан бол энэ тоо нэмэгдсээр 2021 онд 72 удаагийн үер бүртгэгдсэн гэж Онцгой Байдлын Ерөнхий газар мэдээлсэн юм.

Монгол орон говь хээр, хангай нутагт жилд 50-400 мм-ийн хур тунадас унадаг. Гэтэл уур амьсгалын өөрчлөлт буюу дэлхийн дулаарлын улмаас хур зарим газар огт бороо орохгүй ган болж байхад, зарим нутагт хэт их бороо орж үер болж хүний амь үрэгдэж байна.

"Аадар бороо хөрсөнд чийг болж хөрсний гүн рүү явдаггүй, зүгээр дээгүүр нь урсаад, тэр бүү замдаа таарсан ургамлын үндэс, гэр мал юу байна урсгадаг “ гэж судлаач Д.Дуламсүрэн мөн онцолсон юм.  

2004-2021 оны хооронд 75,000 гаруй мал аадар бороо үерт урссан гэж Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ.

зураг/A man on a motorbike tries to cross a flooded river in Övörkhangai province, southern Mongolia (Image: Olaf Schubert / Alamy)/

 Аадар бороо хотод хэрхэн нөлөөлж байна вэ?

Ган зуд, болон хот хөдөөгийн ялгаатай байдлаас болж хөдөөгөөс хот руу шилжих хөдөлгөөн асар эрчимжиж, Улаанбаатар, Дархан Эрдэнэт хотуудын гэр хороолол асар өргөнөөр тэлсэн билээ.

НҮБ-ын шилжих хөдөлгөөний байгууллагын судалгааны дүгнэлтээр шинээр шилжин ирэгсдийн үнэмлэхгүй хувь нь  гэр хороололд нүүж ирсэн ба хамгийн хямд олдож байгаа газар нь уулын эгц өгсүүр газрууд байжээ. Сүүлийн 20 жилд гэр хороолол тэлсэн ч уул руугаа гэр байшингаа барьж нягтаршил нь мөн нэмэгдсэн. Гэвч уул уруу гэр байшингаа барьсан айлууд үерийн үед урсах, эсвэл нүхэн жорлонгийн бохир урсах эрсдэл нэмэгджээ.

Монгол Улс далайн түвшнээс дээш өндөрт оршдог хуурай сэрүүн орон. 

Хуурай гэдэг үгийн цаана монголд тэгж их үер болдоггүй гэсэн утга агуулж байгаа ч гэж ойлгож болно. Уур амьсгалын өөрчлөлт мал аж ахуйг нэрвэж ган зудыг улмаас малгүй болсон хүмүүс хөдөөгөөс хот руу нүүх шилжиж ирэхэд үерийн тохиолдол нэмэгдэж эхэлсэн юм.

Монгол Улсын их сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимийн уур амьсгалын судлалын багш, доктор Л.Жамбажамц аадар бороог тайлбарлахдаа “Монголчууд бид Бямбад орсон бороо Бямбадаа арилна гэж ярьдаг байв. Зүсэр бороо намираа бороо нь хэвтээ хөгжлийн өргөн үүлнээс буудаг бол, аадар бороо босоо өндөр үүлнээс буудаг. Улаанбаатарт сүүлийн үед  голдуу босоо үүлүүд ажиглагдах болсон, 16 км өндөр босоо үүл ч бүртгэгдэж байсан. Тиймээс бид бороо үерийн аюулыг хот төлөвлөлтдөө шингээж оруулах хэрэгтэй байна.” гэлээ.

Аадар борооны үүлийг Cumulonimbus гэдэг.  

August 2022: Шархадны хүүхдүүд. НҮБ үерийн ус зайлуулах шугам хоолойгоос гадна үерийн үед урсахгүй байх жорлон байгуулж өгчээ. Зургыг Б.Бямба-Очир/ The Third Pole)

Гэтэл үер гэр хорооллын айлуудад маш хүндээр тусаж байна.

Гурван хүүхдийн ээж Т.Мөнхтуяа мөн Шархаданд амьдардаг ба аадар борооны үер тэдэнд олон удаа сэтгэлийн шарх үлдээжээ. Гурван жилийн өмнө аадар бороо орсны дараа уулын дээрээс урссан үерийн ус гэр лүү цутгажээ. Уулнаас бууж ирэхдээ айлуудын нүхэн жорлонг угааж доор амьдардаг айлууд руу орж, тэр хавийн олон айл гэр бүлээрээ хүндээр өвчилжээ. Бөөлжиж суулгахаас гадна хүйтэн борооны усанд норсноос болж хатгаа авсан байна.  

Уур амьсгалын өөрчлөлтийг зөвхөн цөлжилт гэж үзэж ихэнх төсөл хөтөлбөр цөлжилтөд анхаарлаа хандуулж ирсэн. 

Харин НҮБ-ийн Хабитат байгууллага давтамж нь нэмэгдэж байгаа үерийг асуудал гэж үзэн анхаарлаа хандуулан Шархаданд үерийн ус байгуулах хоолой байрлуулж өгсний ачаар Т.Мөнхтуяагийн гэрт дахин үерийн ус орж ирээгүй байна.

Төслийн Баянзүрх дүүргийг хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхөөгийн хэлж буйгаар: “үерээс болж Шархадны тэгш газар амьдардаг айлууд бүгд нүүгээд явсан байсан. Харин үеийн шугам байгуулсны дараа уг үерлэхээ больж тэр айлууд буцаж нүүж иржээ”.

Уг төсөл Баянхошуу, Сэлх, Шархад зэрэг хамгийн их үерлэдэг хэсгүүдийг сонгож үерийн шугам байгуулж өгсөн байна.

Ц.Мөнхтуяад тулгарсан асуудал бол хүн ам нь нэмэгдэж байгаа нийслэл хот маань дэлхийн дулааралтай зэрэгцэж дэд бүтцээ давхар өөрчилж сайжруулах ёстой гэдгийг харуулж байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хот 158 км үерийн ус зайлуулах далан шугам байгаа боловч дахин 300 км байгуулж байж үерийн эрсдэлгүй болно гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. 

Улаанбаатараас гадна Эрдэнэт, Дархан, аймгийн төвүүдэд бүгд үерийн давтамж ихсэж хүмүүсийн амьдралд хүндээр нөлөөлж байгаа гэдгийг НҮБ-ын судалгаанд дурдсан байна.  

Уур амьсгалын өөрчлөлт дээр нэмээд дэд бүтцийн дутуу дулимаг байдал нийгмийн эрүүл мэндийн янз бүрийн асуудал үүсгэдэг гэдгийг Шархадны өөр нэг оршин суугч М.Нандинцэцэгийн амьдрал харуулдаг. М.Нандинцэцэг хөдөлгөөний бэрхшээлтэй учраас таяггүйгээр явж чадахгүй. 

Гэвч мөн л аадар бороо орсны дараа ажилдаа явахаар автобусны буудал явдаг зам нь шавар шавхайтай. М.Нандинцэцэг олон удаа унаж шагай, тохойгоо хугалж, ноцтой бэртэж байжээ. Бэртэх тоолондоо ажилдаа явж чадахгүй болдог байна.  

“Нэг хүчтэй бороо ороод зунжингаа манай гудамж шалбаагтай болчихдог. Ганц би биш, настай хүмүүс хүртэл халтирч унахаас айгаад гэрээсээ гарахаа больдог. Хорооны хүмүүс хааяадаа шороо авчирч асгадаг ч дахиад бороо ороод ийм болчихдог” гэж ярьсан юм.