Испани улсад “Да Винчи” нэртэй роботын тусламжтайгаар уушги шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Энэ нь хагалгааны явцыг робот 100 хувь бие даан гүйцэтгэсэн анхны тохиолдол юм. 

Уламжлалт аргаар уг хагалгааг хийхдээ өвчтөний цээжинд 30 гаруй см зүсэлт хийх шаардлагатай байдаг аж. Харин робот ашигласнаар өвчтөний хавиргыг зүсэхгүйгээр уушги шилжүүлэх боломжтой болсон гэж Валл д'Хеброн эмнэлгийн мэс засалч, доктор Альберт Жаурэги мэдэгджээ. 

Түүний оронд цээжний хөндийн хажуу талаас 8 см орчим зүсэлт хийж роботын гар болон 3D камерыг шургуулах замаар мэс заслыг үргэлжлүүлэх гэнэ. 

Түүнчлэн мэс заслын багийнхан ийнхүү робот ашиглах нь хагалгааны дараах нөхөн сэргэлтийг хурдасгах давуу талтайг онцолжээ. “Да Винчи” роботоор уушгиа солиулсан дэлхийн анхны хүн болох 65 настай Ксавиер /Xavier/ ухаан орсныхоо дараа ямар ч өвдөлт мэдрээгүй гэж хэвлэлд мэдээлэл өгөх үеэрээ дурдсан юм.

Дөрвөн гартай уг хагалгааны роботын системийг АНУ болон Европын орнуудад зүрх, урологи, эмэгтэйчүүдийн мэс засалд өргөн хэрэглэдэг байна.


Эх сурвалж: Euro News