Мексикийн уран зураач Фрида Калогийн уран бүтээлийг бусад зураачдын бүтээлтэй андуурах бараг боломжгүй. Бүтээлийн олонх нь түүний амьдралын намтартай холбоотой гэдэг. Тэрээр “Би ихэнх цагийг ганцаараа өнгөрөөдөг. Бусдаас илүү миний хамгийн сайн мэдэх сэдэв бол би өөрөө юм. Тиймээс ч би ихэвчлэн өөрийнхөө хөргийг зурдаг” хэмээн хэлсэн байдаг.

Фридагийн уран бүтээлээс гадна тэсвэрлэшгүй өвдөлт, хайр, аймшигт цөхрөл, сул дорой итгэл найдвараар дүүрэн маш сонирхолтой амьдрал нь бусдын анхаарлыг татаж ирсэн.

Тийм ч учраас алдартай зураачаас гадна, энэхүү хүчирхэг эмэгтэйн түүхийг Bright side хуваалцсаныг та бүхэнд хүргэж байна. 

Фрида Кало төрсөн цагаас эхлэн тэрний амьдрал нь ер бусын зүйлсээр дүүрэн байв. Тэр 1907 онд төрсөн боловч тэр насанд хүрсэн хойноо төрсөн оноо 1910 болгон өөрчилжээ. Учир нь Фрида 1910 онд эхэлсэн Мексикийн хувьсгалтай өөрийн амьдралыг холбохыг хүссэн учраас ийнхүү өөрчилсөн хэмээн тайлбарладаг. Энэхүү хувьсгалт үйл явдал 1920 оныг хүртэл үргэлжилжээ.

Фрида багын эрүүл чийрэг нэгэн байсангүй. Зургаахан насандаа тэр полиомелиттей оношлогджээ. Үүний үр дүнд Фрида амьдралынхаа туршид хазгар болсон. Түүний баруун хөл нь зүүнээсээ хэдэн инчээр намхан байсан юм. Тэрээр урт банзал өмсөн энэхүү согогоо засахыг хүссэн ч үе тэнгийн хүүхдүүдийн доог тохуу болохоос зайлсхийж чадаагүй ажээ.

Магадгүй түүний эрүүл мэндийн асуудал нь эмчийн мэргэжлээр сурахад нь нөлөөлсөн байх магадлалтай. Тэрээр La Prepatoria нэртэй эмч бэлтгэх сургуульд 35 охин, 1965 хөвгүүдийн хамт суралцах болжээ. 

18 настайд нь ирээдүйн уран бүтээлчийн амьдралыг өөрчлөх үйл явдал болсон нь аймшигт автын осол байв. Эмч нарын хэлсэнээр, ослоос олж авсан гэмтлийн дараа амьд үлдэх боломжгүй хэмээн тогтоогдов.  Таван өдөр ухаангүй эмнэлэгт байсан дараа гэнэт сэржээ. Зургийн хэрэгсэл худалдаж авч өгөхийг хүссэний дагуу аав нь ч охиныхоо хүсэлтийг биелүүлжээ.  Аав нь охиндоо хэвтээ байрлалаас зурах боломжтой тусгай тавцанг бүтээж өгсөн ба чанх дээрээс нь тусах том толийг орных нь дээр байрлуулсан байна.
Ослын дараа түүний зурсан анхны бүтээл нь "Автобус". Энэ  зургаа Фрида харандаагаар зуржээ. Зурах л түүний амьдралд шинэ хүч өгөхөөс гадна өвчнөө даван гарахад нь тусалсан тухайгаа тэр ярьсан байдаг. 

Тэрээр “Миний амьдралд хоёр осол тохиосон: эхнийх нь автобус трамвайг мөргөсөн, хоёр дахь нь Диего” хэмээн хэлжээ.

Фрида нь Диеготой осол тохиолдсоноос хэдэн жилийн дараа танилцсан байна. Шинэхэн уран бүтээлчийн хувьд Фрида өөрийн зургуудыг нэр хүндтэй, туршлагатай уран бүтээлчид үзүүлэхээр шийджээ. Диего түүний бүтээлүүдийг маш сайн гэж үнэлжээ. Хосууд хайр сэтгэлтэй болж 1929 онд гэрлэхэд Фрида 22 настай, Диего 43 настай байсан ажээ. Диего царайлаг биш, махлагдуу нэгэн байсан ч бусдыг татах увьдастай, найзууд нь тэднийг “заан ба тагтаа” хэмээн хочилдог байжээ.

Диего хэзээ ч сайн нөхөр байсангүй. Түүний өмнөх хоёр гэрлэлт бүтэлтэй болоогүй ба байнга тэднийг хуурдаг байснаас эцэс болсон. Түүний гурав дахь гэрлэлт ч хууралтыг тойрсонгүй. Гэхдээ Фрида нөхрийнхөө янаг амрагийн явдлуудыг мэдсэн ч огт хэлдэггүй байв. Магадгүй нөхрөөсөө хариугаа авахын тулд, гэрт нь хорогдож байсан хувьсгалч Леон Троцкийтой амрагийн холбоо үүсгэсэн гэж ч үздэг. Зарим эх сурвалжаар бол Фрида нь яруу найрагч Владимр Маяаковский, Мексикийн дуучин Чавелл Варгас нартай холбоотой байсан гэж гэдэг. 

Фрида хэд хэдэн удаа жирэмсэлсэн ч зулбалтаар төгсөн улмаар үргүй болсон нь азгүй ослоос нь үүдэлтэй. Тэрбээр энэ үйл явдалтай холбоотой сэтгэл хөдлөлөө зургандаа хүчтэй дүрсэлжээ Энэхүү гунигт үйл явдлыг хүчтэй илэрхийлсэн алдартай бүтээлүүдийнх нь нэг бол “Хенри Форд эмнэлэг” юм.

Гэрлэснээс хойш 10 жилийн дараа, нөхөр нь төрсөн эгч Кристинатай нь хуурч байсныг олж мэдээд түүнээс салах шийдвэр гаргажээ. Энэ үйл явдал нь “A few small nips” зургаа зурахад нь түлхэц өгсөн байна. Тэрээр урт сайхан үсээ тайрч, тэр цаг үеэс эхлэн өмдтэй хослол өмсөж эхэлжээ.

Зүрх шархлуулсан гашуун салалтаас хойш Фрида өөрийгөө амьд амьтдаар хүрээлүүлэн зурах болсон байна. Тэр өөрөө амьтдад хайртай, нохой, бич, тоть, тагтаатай ч болов.

1940 оноос эхлэн зураач эрүүл мэндийн хувьд маш ноцтой асуудлууд тулгарсан тул эмнэлэгт хэвтэв. Диего тэр даруйд нь эмнэлэгт очин түүнтэй дахин гэрлэхийг санал болгосон ба тэр ч зөвшөөрчээ.

Жил өнгөрөх тусам Фридагийн биеийн байдал дордон хэд хэдэн хүнд мэс засал хийлгэсэн ч сайжирсангүй. 1953 онд тэр хөлөө тайруулах мэс засал хийлгэв. Түүний уран бүтээлийн үзэсгэлэн Мексикт нээлтээ хийсэн ба тэр ортойгоо үзэсгэлэнгийнхээ нээлтэд оролцжээ.

Фрида удахгүй үхнэ гэдгээ мэдэрч эхэлсэн тул өөрийн тэмдэглэлдээ “Миний гарц гайхалтай байна гэж найдаж байна. Би дахиж хэзээ ч буцаж ирэхгүй гэдэгт найдаж байна” гэж бичжээ. Түүний сүүлийн бүтээлүүд нь урам зориг дүүрэн байсан бөгөөд “Viva La Vida” нэртэй бүтээл юм. Уран бүтээлч 1954 онд уушгины хатгалгаагаар нас баржээ. 1955 онд Фридагийн амьдарч байсан байшинг гэр музей болгосон ба түүний шүтэн бишрэгчид өнөөдөр ч гэсэн айлчлах боломжтой ажээ.

https://brightside.me/