“Хариуцлагын гэрээ” байгуулж, соёл, урлагийн бүхий л үзвэр үйлчилгээг аравдугаар сарын 1-нээс нээнэ

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Монголын ресторан, зоогийн газрын холбоо, “Бэх” баар эрхлэгчдийн холбоо, Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний  төвийн төлөөлөлтэй уулзлаа.

Соёл, урлаг, үзвэр, үйлчилгээний байгууллага болон жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, караоке эрхлэгчдийн төлөөлөгчдийн тавьсан шаардлагад тулгуурлан зөвшилцөлд хүрснээр дараах шийдвэрийг гаргасан байна.

Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг нээхийн дээр үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээг 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллуулахаар болсон байна. Тодруулбал:

Халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлага хангасан караоке, эвэнт холл, урлаг соёлын арга хэмжээг заалны дүүргэлтийг 50 хувиас дээшгүй байхаар аравдугаар сарын 1-ний өдрөөс нээхээр боллоо. Үзвэр үйлчилгээг зохион байгуулахдаа заалны дүүргэлтийг 50 хувиас ихгүй байлгахаар шийдвэрлэсэн байна.

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Дүүргүүдийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж нээх юм. 

Хамгийн гол нь Халдвар хамгааллын ТҮР ЖУРАМ-ын хэрэгжилтийг сайтар хангасан байхыг анхаарууллаа.

Дээрх үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг хүртэл байхаар тогтсон байна. Аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд дээрх газруудыг үйлчилгээ эрхлэх бэлтгэлээ сайтар базаахыг сануулсан юм. 

Түүнчлэн диско буюу бүжиглэдэг баарны тухайд үйлчилгээг нээх эсэхийг одоогоор хараахан шийдээгүй байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Холбоотой сэдвүүд

нийгэм үйлчилгээний газрууд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.