Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчайг  гэрийнх нь гаднаас хулгайлсан гэх мэдээлэл өчигдөр цацагдсан. 

Түүнтэй холбоотой асуудлаар өчигдөр "Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрт ирүүлсэн “2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 09.51 цагт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Бүгд Найрамдах Турк Улсын иргэн  Вейсел Акчаяийг үл таних хүмүүс мөнгөлөг өнгийн, Toyota Alphard маркийн автомашинд суулган хүчээр авч явсан гэх” гомдол мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын хяналт дор явуулж байна" хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллэсэн юм. 

Тусгай албаныхан түүнийг Эрүүгийн цагдаагийн алба руу авч явсан бөгөөд өнгөрсөн шөнийн 02.0 цагийн үед Вейсел Акчай Эрүүгийн цагдаагийн албанаас гарч ирж, жолооч нь түүнийг авч явлаа. Энэ үед тэрээр үүсээд буй асуудалтай холбоотойгоор "Хэргийг шалгаж байна" хэмээсэн юм.

Харин удалгүй Вейсел Акчай твиттер хуудсаараа дамжуулан "Энэ хэцүү цаг үед минь тусласан Монгол ахан дүүстээ маш их талархаж байна. Монгол ардчилсан орон гэдгээ дэлхийд харууллаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.



Түүнийг авч явахаар ирсэн гэж хүмүүсийн таамаглаад буй Туркийн нисэх онгоц өчигдөр 21.30 цагийн орчимд буцсан байна.