Венесуэлийн төрийн өмчит нефтийн “PDVSA” компанийн эсрэг АНУ хориг арга хэмжээ авч, улсын эрх мэдлийг тайван замаар шилжүүлэн өгөхийг Венесуэлийн цэргийн хүчинд уриалсан байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны хэлснээр, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний холбоотнууд ард түмний эд хөрөнгийг булаахаа зогсоох хэрэгтэй ажээ.

Сүүлийн өдрүүдэд Н.Мадурог ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулахаар гаргаж буй сөрөг хүчнийхний хүчин чармайлт ихээхэн нэмэгдэх болсон билээ.

АНУ болон өөр бусад 20 гаруй улс орон сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог Венесуэлийн түр Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

“Венесуэлийн нефтийн бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааг Н.Мадурогийн Засгийн газрын эрх мэдлээс гаргах шаардлагатай бөгөөд хэрэв хориг арга хэмжээнээс зайлсхийхийг хүсвэл Х.Гуайдог хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин хэлжээ.


Венесуэлийн нефтийн бүтээгдэхүүний орлого нь АНУ-аас ихээхэн хамааралтай байдаг ба тус улсын нефтийн нийт экспортын 41 хувийг АНУ руу гаргадаг байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/BBC