Монгол Улсын ГХЯ, АНУ-ын элчин сайдын яамтай хамтран өнгөрсөн оны 10 дугаар сард эхэлсэн “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны хоёр дахь шатны аяныг өнөөдөр нээлээ.

Энэ удаагийн аяны хүрээнд ГХЯ, БНСУ-ын ЭСЯ, АНУ-ын ЭСЯ хамтран гурван талт хамтын ажиллагааг эхлүүлж байгаагаараа онцлогтой юм.

“Хариуцлагатай аялцгаая” аяны зорилго нь Монгол иргэдийн гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд гадаад улсад виз мэдүүлэх, визийн хугацаа хэтрүүлэлгүй хариуцлагатай аялахыг уриалахад чиглэж байна.

ГХЯ-ны консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг ярихдаа, “Солонгос улсад сурах, ажиллах, аялах хүсэлтэй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Одоогийн байдлаар 45 мянган иргэн Солонгос улсад ажиллаж амьдарч буй бөгөөд визний хугацаагаа хэтрүүлсэн цөөнгүй хүмүүс бий. Визний нөхцлийг хөнгөлөхийн тулд юуны түрүүнд визний зөрчилтэй иргэдийн тоог бууруулах нь чухал. Иймд ГХЯ-наас олон нийтэд хандсан видео сурталчилгааг бэлтгэхийн зэрэгцээ Солонгос болон АНУ-ын ЭСЯ-даар дамжуулан тус улсад ажиллаж амьдарч буй  иргэддээ хариуцлагатай байж, гэмт хэрэгт холбогдохгүй байхыг уриалсан  сурталчилгаа явуулна. Улмаар манай яам ЦЕГ-тай хамтран иргэдийг залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх,  хуурамч визний материал бүрдүүлж хүмүүсийг төөрөгдүүлж буй виз зуучлалын газруудтай тэмцэнэ. Визний нөхцлийг хөнгөвчлөх, визгүй зорчуулах нь зөвхөн төрийн ажил биш, төр иргэдийн хамтын ажиллагаа юм” гэлээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг