Владимир Путин жил тутмын уламжлалт илтгэлээ өнөөдөр тавина

Б.Баясгалан
02 сарын 20, 2019

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уламжлал ёсоор ойрын жилүүдэд болон ирээдүйд улс орноо хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг хэрхэн үзэж байгаагаа тодорхойлсон жил тутмын илтгэлээ Холбооны хурал буюу парламентдаа өнөөдөр тавина.

Энэ жилийн илтгэл Оросын орчин үеийн түүхэнд 25 дахь удаагийнх болох бол Путиний хувьд 15 дахь нь болж байгаа юм. ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин нийтдээ зургаан удаа, харин Путин 14, Дмитрий Медведев дөрвөн удаа илтгэл тавьж байв.

Энэ жилийн арга хэмжээ Кремлийн ордны Зочны танхимд Москвагийн цагаар уламжлал ёсоор өдрийн 12 цагт эхэлнэ. Төрийн Дум болон Холбооны Зөвлөлийн гишүүдээс гадна Путиний илтгэлийг сонсохоор Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн болон Дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурор, Сонгуулийн төв хороо, Тооцооны танхим болон Олон нийтийн танхимын тэргүүн нар, бүс нутгийн удирдлагууд, бусад өндөр албан тушаалтан болон гол шашнуудын тэргүүн нар, Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчид уригджээ.

Путиний хэлэх үгийг телевиз, радиогоор шууд дамжуулна.

Улс орны нөхцөл байдлыг үнэлэх, дотоод болон гадаад бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлох Ерөнхийлөгчийн үүргийг Үндсэн хуулиар тодорхойлсон байдаг.

Путин илгээлтээ бэлдэхэд хэзээд биечлэн ихээхэн анхаарал тавьдаг. Ерөнхийлөгчийн илгээлтийн агуулгыг Кремль мэдээлдэггүй уламжлалтай.

Ерөнхийлөгчийн Холбооны хуралд илгээлтээ тавих тогтсон өдөр байдаггүй бөгөөд жил бүр ажлынх нь хуваарь болон уг баримт бичиг бэлэн эсэхээс шалтгаалж товлодог байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/TASS/

Холбоотой сэдвүүд

владимир путин оху илтгэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.