Хойд мөсөн далайн дулаарал, түүний мөсөн давхарга санаснаас илүү хурдан хайлж байна гэж Данийн Копенгаген хотын их сургуулийн эрдэмтэд үзэж байна.

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар сүүлийн 40 жилийн хугацаанд ОХУ, Канад, Европын дунд оршдог Хойд мөсөн далайн дундаж температур 10 жил тутам цельсийн 1 хэмээр дулаарч байна гэжээ.

Өмнөх судалгаанд 0.75 хэмээр дулаарч байна гэж зааж байсан юм. Энэ хурдаар дулаарсаар байвал  ирэх 20 жилийн дотор Хойд мөсөн далайн мөс бүрмөсөн хайлж алга болно гэдгийг эрдэмтэд онцолжээ.

Орос улс дэлхийн бусад улсуудтай харьцуулбал 2.5 дахин хурдан дулаарч буй. Энэ нь Арктикийн дулаарал, Сибирийн ойн түймрийн давтамж, мөнх цэвдэг хурдан хайлах зэрэг сөрөг үр дагавар аж.

Арктикийн бүсэд энэ онд гарсан ойн түймэр 2019 онд гарсан түймрээс илүү их буюу 245 мегатон хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулаад байна. Долдугаар сараас хойш нийт 600 гаруй түймэр гарсан бол өнгөрсөн жил гэхэд 400 түймэр гарч билээ.