УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцлээ. 

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар танилцуулсан юм.

Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогоор 32 улс нэгдээд байгаа аж. 

Хэлэлцээрт нэгдсэн улс орнууд нь цэргийн зориулалтаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгах, хэлэлцээрийн хавсралтад тусгагдсан тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх зохицуулалтыг өөрийн орны хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байна.

Танилцуулгын дараа салбарын сайд Я.Содбаатар гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.

Тэрбээр энэ үеэрээ Монгол Улсын хууль тогтоомжид зорчигч тээврийн агаарын хөлөг, түүний сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалттай. Харин ерөнхий зориулалтын агаарын хөлгийн хувьд татвараас чөлөөлөх зохицуулалтгүй учраас “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсноор иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын хөлгийг татвараас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдэж, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэхэд дэмжлэг болох юм гэдгийг тодотголоо. 

Мөн МИАТ компанийн зардлын 27 хувийг шатахууны үнэ эзэлдэг, иймээс шатахууны үнийг тогтвортой байлгах, хямдруулах зайлшгүй шаардлагатай байгаа, энэ чиглэлд анхаарч ажиллана. Түүнчлэн компанийн засаглалыг сайжруулах, үргүй зардлыг багасгахад анхаарч байгаа. Энэ үндсэн дээр ялангуяа оргил ачааллын үед нислэгийн тоо, давтамж, суудлыг тоог нэмэх замаар нэгж суудлын үнийг бууруулах арга хэмжээ авна, ахиц гаргана гэдгээ хэлэв.

Одоогоор манай улсын иргэний нисэхийн салбарт зорчигч тээврийн 18, хөдөө аж ахуй, сургалт, ачаа тээврийн 13 агаарын хөлөг байгаа. Агаарын тээврийн байгууллагуудын хувьд өндөр үнэ өртөг бүхий агаарын хөлгийг шууд авч ашиглахад санхүүгийн хүндрэлтэй байдаг тул агаарын хөлгийг түрээсээр авч ашиглах нь түгээмэл байдаг. Одоогийн байдлаар манайх 4 агаарын хөлгийг түрээсээр ашиглаж байгаа, ирэх онд агаарын хоёр шинэ хөлгийг түрээсээр авч ашиглана. 

Орон нутгийн нислэгийн үнийг бууруулахын тулд өнгөрсөн онд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тусгай төслийг хоёр аймагт хэрэгжүүлж нислэгийг сэргээсэн, энэ хөтөлбөрийг ирэх жил бас хоёр аймагт эхлүүлнэ гэдгийг дурдлаа. Түүнчлэн “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар нь Европын Холбоо, БНСУ зэрэг орны Иргэний нисэхийн удирдах газраас агаарын хөлгийн засвар, үйлчилгээ хийх эрх авч гэрчилгээжсэн, 2017 онд гадаадын 50 гаруй агаарын хөлөгт засвар, үйлчилгээ хийсэн байна гэдгийг нэмж тодотголоо.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлав.



Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс