Хөгжлийн хурдаас хүн нь гээгдсэн Япон

Н.Жавхлан
11 сарын 23, 2024


Японы хүн амын тоо 2009 оноос хойш тасралтгүй буурч буй.

Энэ жилийн хувьд өмнө жилийнхээс 861,000 буюу 0,7 хувиар буурсан нь тус улсын хүн ам хамгийн огцом буурсан үзүүлэлт юм. 

Харин гаднаас ирж суурьшиж буй иргэдийн тоо түүхэндээ хамгийн өндөр буюу 11,01 хувиар өсөж, 3 сая гаруй болсон байна. 

 

Эндээс харахад Японд хүн ам зүйн цонх хаагдсан гэж болохоор байна.  

Тухайн улсын хүн амын өсөлт удааширч, нийгэм эдийн засагт ач холбогдол бүхий хөдөлмөрийн насныхан хамгийн их байх үеийг хүн ам зүйн цонх үе гэдэг. Хөгжлийн хурд нь өндөр ч хүн ам зүйн хямрал ужгирч байгаа нь тус улсын бодлого, шийдвэр гаргагчдын анхаарлын төвд байна.   

Энэ тухайд Япон улсын ерөнхий сайд Фумио Кишида “Энэ асуудлыг одоо л шийдэж чадахгүй бол дахиж хэзээ ч шийдэх боломжгүй. Би улс эх орныхоо нийгэм, эдийн засгийн байдлыг тогтвортой, хүртээмжтэй байлгахын тулд хүүхдэд зориулсан бодлогын дэмжлэгийг чухалчлан ажиллах болно” хэмээн мэдэгдсэн. 

Түүнчлэн хүүхэдтэй холбоотой хөтөлбөрүүдэд зарцуулах зардлыг 2 дахин нэмэгдүүлэх бодолтой байгаагаа хэлсэн юм. 

Засгийн газраас нь ийнхүү төрөлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр болж байгаа ч өнөөдрийн байдлаар хүндрэлтэй асуудал ар араасаа гарсаар байна. 

Японы хүн амын өсөлт буурч байгаатай холбоотойгоор нэлээд олон сургууль хаалгаа барьж байгаа гэнэ. Тухайлбал,  76 жилийн түүхтэй нэгэн ахлах сургууль хамгийн сүүлийн хоёр төгсөгчөө төгсгөөд хаалгаа барьжээ.


Мэргэжилтнүүд төрөлт буурч байгаагийн хэд хэдэн хүчин зүйлийг тодорхойлсон байна. Үүнд, улсын хэмжээнд амьжиргааны зардал өндөр, хотуудад хүүхэд асрах үйлчилгээ ховор, ажлын цаг урт зэрэг нь голлох шалтгаан болж байна. 


  • Эдийн засгийн хүчин зүйлс

Амьжиргааны зардал болон эдийн засгийн дарамт нэмэгдэх нь хүүхэд төрүүлэхгүй байх хамгийн том шалтгаан болж байна. Залуучууд ажил, орон байр, санхүүгийн асуудалтай байдгаас гэрлэлтийг хойш тавьж байна. 

  • Нийгмийн өвчин

Хүн ам зүйн насны харьцаа алдагдах энэ хямрал сэтгэл зүйн асуудал, ганцаардал зэргийг үүсгэнэ. 


  • Хөдөө орон нутгийн хөгжил буурах

Ард иргэд хүн ам ихтэй хотууд руу төвлөрснөөр хөдөө орон нутгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж, газар нутаг эзэнгүйдэх үзэгдэл ажиглагдаж эхэлжээ.


  • Ажлын цаг

Япон улсад ажлын цаг харьцангуй урт байдаг. Тиймээс хөдөлмөрийн харилцаанд төвлөрсөн орон гэдгээрээ дэлхийд танигдсан. Гэвч энэ нь гэр бүл зохиож, хүүхэдтэй болох боломжийг хазаарлаа гол шалтгаан болж байна. 

  • Соёлын өөрчлөлт

Залуучуудын боловсролын түвшин нэмэгдэх тусам олон хүүхэдтэй болохоос илүүтэйгээр карьертаа анхаарч байна. 


Ийнхүү хүн амын дунд хүүхэд, залуучуудын эзлэх хувь буурч, өндөр настны тоо давамгайлах нь олон сөрөг нөлөөтэй. Тухайлбал,

#Эдийн засгийн өсөлт буурах

Хүн амын насжилтаас шалтгаалж ажиллах хүч багасна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг сааруулж, үйлдвэрлэл болон үйлчилгээний салбаруудад сөргөөр нөлөөлөх юм. 

#Нийгмийн даатгалын дарамт 

Өндөр настны тоо өсөхийн хэрээр нийгмийн даатгалын ачаалал нэмэгдэнэ. Мөн тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээний системд хүндрэл учирч болзошгүй. 

#Боловсролын системийн хямрал

Оюутан, сурагчдын тоо буурах нь сургуулиудын үйл ажиллагаа болон төсөвт нөлөөлнө. Зарим сургууль хаагдаж, багш нар ажлын байргүй болох эрсдэлтэй. 




                                                                                                                                                                                                        Эх сурвалж: CNN


Холбоотой сэдвүүд

хүн ам япон улс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.