Эрүүл мэндийн яамнаас тэмбүү өвчнийг устгах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Манай залуусын дунд БЗХӨ жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгааг ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт Судалгааны дүн баталжээ. Өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын 13.127 тохиолдол гарчээ. 

Мөн төрөлхийн тэмбүүтэй, гепатит В вирустэй төрөлт ч нэмэгдсэн байна. Харамсалтай нь төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн ээжүүдийн 70 гаруй хувь нь давтан төрөгч байгаа юм. Өөрөөр хэлбэл жирэмсний хяналтын талаар ойлголттой байж үзүүлдэггүйтэй холбоотой аж.

Жилд гарч буй халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байгаа аж.

Үүнтэй холбогдуулан ЭМЯ-аас Яр тэмбүү өвчинтэй тэмцэх "Улаан тариа-2" аян эхэлснийг албан ёсоор мэдээллээ.

Ингэхдээ эрүүл мэндийн даатгалаар эмчлэх юм байна. Хоёр жилийн хугацаанд үргэлжлэх уг ажлыг ээжүүдийн хяналтыг сайжруулахаас эхлэх нь.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: 

Тэмбүү өвчин тархалт өндөртэй ч бүрэн эмчлэгддэг өвчин. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн системийн ажил биш, нийгмийн ажил. Эрүүл мэндийн систем манлайлан ажиллана. Эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, эрүүл эсэхээ тогтоолгох нь чухал юм. Улсын төсөв, ЭМД-ын сан, Глобаль сангийн санхүүжилтээр тэмбүүгийн тархалтыг таслан зогсооно.

Тэмбүү өвчин нь цайвар трепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн систем арьс салст, дотор эрхтэн, мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтэнийг гэмтээдэг даамжрах явцтай бэлгийн замын архаг халдварт өвчин юм.

Тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэх:

·Та эрүүл аж төрөх ёс, ариун цэвэр ялангуяа бэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сахих, аюулгүй бэлгийн харьцаа, бэлгэвч хэрэглэх талаар мэдлэг, дадалтай болох.

·Жирэмсний хяналтад эрт хамрагдаж, тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдах.

·Тэмбүү өвчин илэрсэн тохиолдолд эмчийн хяналтад эмчилгээг цаг алдалгүй бүрэн төгс хийлгэж чадвал таны хүүхэд эрүүл төрнө.

·Бэлгийн хавьтагчаа заавал шинжилгээ, эмчилгээнд хамруулах.

·Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон тохиолдолд заавал үзлэг шинжилгээнд хамрагдах.

·Шаардлагагүй хатгалтаас зайлсхийх.

·Дээрхи зөвлөмжүүдийг хэрэгжүүлж чадвал та эрүүл байж үр удам тань эрүүл төрж өсч бойжих болно.

Та үүнийг санаж яваарай!

☂Бэлгийн замаар дамжих халдварт өвчнүүд нь өөрөө аяндаа эдгэдэггүй, дур мэдэн өөрийгөө эмчлэх нь өвчнийг архагшуулан ужиг хэлбэрт шилжүүлдэг гэдгийг санаарай.

☂Та мэргэжлийн эмчийн заасан эмчилгээг цаг алдалгүй эхэлж, эмчилгээний тунг гүйцэд авснаар бүрэн эдгэрэх боломжтой, цаашид бусад эрхтэн системийг гэмтээхгүй.

☂Эмчилгээ хийх явцдаа эмчийн заасан дэг журмыг сахиж согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх, бүрэн эдгэртэл бэлгийн хавьталд орохгүй байх зэрэг заалтуудыг биелүүлээрэй.