“Ятгын хатан хаан” хэмээн ард түмэндээ өргөмжлөгдсөн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн жил Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан билээ.

Хэсэг уран бүтээлийн завсарлага авсан тэрбээр хүнд өвчнөө гадаадад эмчлүүлж эдгээж чадсан юм. Монголчуудынхаа өглөг хандив, сэтгэлийн дэм хүчээр хөл дээрээ босох цаг ирнэ хэмээн ярьж байсан тэрбээр хэдхэн хоногийн өмнө гавьяат цолны мялаалга цэнгүүн “Зайсан хилл” цогцолборт хийжээ.

Урлаг соёлын алдартнууд хуран чуулсан энэ үдэш ардын жүжигчин Н.Жанцанноров уригдан үг хэлэхдээ  "Ч.Мөнх-Эрдэнийн авьяас билгээр ятга хөгжимдөх арга барил, ятгад зориулсан хөгжмийн зохиолчдын бүтээл болон уламжлалт дуу хөгжмийн бүтээлүүдийн найруулга эрс сайжирсан" хэмээн онцлон хэлсэн байна.

Гавьяат цолны мялаалга цэнгүүний хамгийн сэтгэл хөдөлгөм мөч нь ахмад, дунд, болон залуу үеийн 40 орчим хөгжимчинд барьсан цэцгийн баглаа байжээ. Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ "Төрдөө үнэлүүлсэн минь ч та нарын маань гавьяа" хэмээн энэхүү хүндэтгэлийг үзүүлсэн аж.

Ятгачин бүсгүйн ур чадвар, эгшиглэнт уран бүтээлийг Монголд төдийгүй Европын орнуудад өндөрөөр үнэлдэг. 2005 онд АНУ-ын Манхюттэнд болсон олон улсын кино наадмаас “Шилдэг киноны хөгжим", Германы пянз үйлдвэрлэгчдийн наадмаас "Шилдэг уран бүтээл" зэрэг шагнал гардсан удаатай билээ.