Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг ярилаа. Боловсролын зээлийн сангаас дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцагчдад Боловсролын зээл олгодог. Өнгөрсөн жил зээлийн санд шалгалтууд орж, холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг салбарын сайдад үүрэг өгсөн. Тус үүргийн дагуу өнөөдрийн хуралдаанд асуудлуудыг орууллаа.

2004-2016 оны хооронд дотоодын их, дээд сургуульд Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцаж төгссөн, зээлийнхээ гэрээний үүргээ биелүүлсэн иргэдийн зээлийг төрөөс чөлөөлөх шийдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас дээд боловсролын санхүүжилтээр суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд заасны дагуу энэ асуудлын журмыг УИХ-д өргөн барихаар тогтлоо. 

Тус журмыг өргөн барьсантай холбоотойгоор дээд боловсролын салбарт, ялангуяа Боловсролын зээлийн санд хадгалагдсан 13 мянган гаруй иргэний дипломыг барьцаанаас чөлөөлөх асуудал шийдэгдэх юм. 2004, 2008 онуудад энэ асуудлыг ярьж шийдвэрлэж байсан. 

Энэ дагуу гэрээнийхээ үүргийг биелүүлсэн, улс орондоо ажиллаж байгаа, нийгмийн даатгалаа төлөөд явж буй хүмүүсийн диплом зээлийн сангаас чөлөөлөгдөх юм. Уг асуудлыг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ" хэмээн мэдээллээ.