Ё.Баатарбилэг: Сурах бичиг хэвлэх нэг ч төгрөг улсаас төсөвлөөгүй

Б.Баясгалан
03 сарын 05, 2019

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хүрэлцээ, нийлүүлэлтийн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодруулсныг хүргэж байна.

-Энэ жил  сурах бичиг хэвлүүлэхэд улсаас хэдэн төгрөгийн төсөв баталсан бэ?

-2019 оны хувьд БСШУСЯ-ны багцад сурах бичиг шинээр хэвлэх нэг ч төгрөг төсөвлөөгүй. Энэ жилийн хувьд сурах бичгийг яаж ханган  нийлүүлэх үү гэдэг асуудал толгойн өвчин болчихсон. Хамгийн сүүлд зохиогдсон ахлах ангийн сурах бичгүүдийн нэг нь ч хэвлэгдээгүй байна гэсэн үг шүү дээ. Одоо бид сурах бичгийн хүртээмжийг ямар аргаар сайжруулах вэ гэдэг асуудлыг бодлого хэрэгжүүлж буй газрынхантай ярьж байна. Бага  анги болон  эмзэг бүлгийнхэндээ сурах  бичгийг үнэ төлбөргүй өгөх хуучны тогтолцоогоороо  явуулна. Харин дунд, ахлах ангийн үлдсэн хэсэгт нь түрээсийн сурах бичгийг нэвтрүүлээд, хүртээмжийг нь нэмэгдүүлбэл ямар вэ гэдэг дээр  санал нэгдээд  ажиллаж байна.

-Хүртээмжийг нь боломжийн хэмжээнд хүргэхэд хэчнээн төгрөг шаардлагатай байгаа вэ?

-600 гаруй мянган хүүхдийн бүрэн сурах бичгийг хэвлэхэд нэлээд том тоо яригдаад  байгаа юм. Одоо байгаа сурах бичгүүдээ хэрэглээд,  дээр нь нөхөн  хангалт  хийнэ  гэхээр 40 тэрбум төгрөг шаардлагатай. Улсын төсвөөс нэг дор 40 тэрбум төгрөг гаргана гэдэг бэрх. Хэрвээ Азийн хөгжлийн банк болон Олон улсын төсөл хөтөлбөрөөс сурах бичгийн хүртээмжийн асуудлыг шийдэх боломж гарахгүй бол бид улсын төсөв рүү хандахаас өөр арга байхгүй. 

Харамсалтай нь 2019 оны төсөв батлагдчихсан. 2020 оноос наашгүй болж байна. Тиймээс бүхий л боломж, бололцоог хайж,  гадна дотнынхонтой уулзаж байна. Өмнөх “Түрээсийн сурах бичиг” төслөөс үлдсэн 3.7 тэрбум төгрөгөөр хамгийн чухал, хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа сурах  бичгүүдийг аль болох олон тоогоор яаж хэвлэх боломжтой байна гэдгийг судалж байна. Хөдөө орон нутагт  эцэг эхчүүд хүүхдэдээ номыг нь авч өгөх гэтэл ном нь худалдаанд  байхгүй байна. Өөрсдөө мөнгөөрөө авъя гэхэд ч боломжгүй нөхцөлтэй байна. Тэгэхээр энэ тогтолцоог бүх талаас нь эргэж харах, хүртээмжийг нэмэх, хангамжийг сайжруулах асуудлыг шийдэхийн төлөө ажиллана.



Эх сурвалж: БСШУСЯ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.