Л.Дэлгэрмаа
02 сарын 18, 2022
"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлэгийн бэлтгэл хөтөлбөрт 442 оюутан хамрагдаж байна.
Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ хөтөлбөрийг эхлүүлсэн.
Шалгуур үзүүлэлт хангасан оюутнууд МУИС болон ШУТИС-ийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бэлтгэл хөтөлбөрт тэнцсэн эхний ээлжийн оюутнуудад захиа, даалгавар гардууллаа.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагчийг шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, гадаадын шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэх, төгсөж ирэхэд нь орон нутагтаа ажиллах нөхцөл, боломжоор хангах зорилготой юм.
Суралцагсад Засгийн газрын баталсан журмын:
2.1. сүүлийн гурваас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалах сум, хороондоо суралцаж төгссөн байх;
2.2. тухайн жилийн математик болон гадаад хэлний хичээлийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоороо харьяалагдах сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан байх;
2.3. Элсэлтийн ерөнхий шалгалтад гадаад хэл /англи эсвэл орос/ болон математикийн хичээлээр авсан онооны дунджаар сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан байх шалгуур хангажээ.
Оюутнуудад захиа, даалгавар гардуулах ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нар оролцлоо.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.