Эр эм хоёр хүний хамтын амьдралд юу хамгаас илүү чухал вэ? Мэдээж бэлгийн амьдрал. Хэрэв бэлгийн сулрал гэгч хувь хүн хийгээд нийгмээс гаралтай гайт өвчин дайрахгүй бол өөр юугаар ч дутагдаж гачигдаж байсан нэг их ажирахгүй амьдраад байж болно. Гэхдээ өөр олон зүйлийг амьдралдаа хамтран босгодог гэдгийг  хэн хэнгүй мэдэх хойно. Нийгмийн элдэв дарамт, аж амьдралын төлөөх цаг наргүй зүтгэл эсвэл хэмжээ хязгааргүй зугаа цэнгэл, архидалт, мансуурал сайхан залуусыг цагаас нь эрт хамтын амьдралын хамгийн сайхан зүйлээс нь "хагацааж" байгаа тухай уншиж сонсож байна. Бие эрхтний хувьд бэлгийн сулралд орох эм тариагаар аргалж, эдгээж болох зүйл. Харин оюун санааны сулрал. 

Хөгшин эмээ минь унтахад үлгэр ярьж өгдөгсөн. Би хичнээн үлгэр хэд дахин яриулсанаа ч санадаггүй юм. Эмээ нөгөө “Үнэг чоно хоёр”-оо гэхэд л “Эртээ урьдын цагт” гээд эхэлдэгсэн. Үлгэрийн гайхамшигт ертөнцөөр аялах хүүхдийн оюун санаанд ямар их нөлөөтэйг одоо л мэдэж байгаа юм биш . Аль эрт өвгөд хөгшид мэдээд үр хойчдоо үлгэр домог ярьдаг байжээ. Гэтэл энэ цагт арван  үлгэр цээжээр мэддэг аав ээж олдохгүй. Эмээ өвөө ч ховор. Хүүхдээ унтахад үлгэр ярьж өгдөг байсан сайхан уламжлал одоо сансарын тоосонд сарнижээ.  Оюун санааны сулралын хамгийн анхны энгийн шинж тэмдэг. Пушкины асрагч эх нэг ярьсан үлгэрээ хэзээ ч давтаж ярьдаггүй байсан гэнэлээ. Хэдэн зуун үлгэр мэддэг гэсэн үг. Өвлийн уртад үлгэр сонсоод хэвтэж байхад зууханд хуурай түлээ пад пасхийн дуугарч шатаад, гэрийн доторхийг гэрэлтүүлэх дэнгийн гэрэлд элдэв сүүдрүүд амилан босож ирэх шиг санагдахад нүдээ тас аниад эмээгийнхээ ар нуруугаар тэврэн хэвтсэн тэр л өдрүүд хүүхэд насны минь амьдралын дэндүү сайхан агшин байлаа. 

Ажил, ажил, амьдрал, мөнгө, олох олох гэсээр би л гэхэд овоо хэдэн үлгэр мэддэг атлаа охидууддаа цөөхөн үлгэр ярьж өгчээ. Бидний оюун санааны сулрал аль хэдийнээ хам шинжээ олжээ. Нийгэм даяараа оюун санааны сулралд оржээ. Бэлгийн сулрал яах вэ? Нэгэн биений асуудал. Харин оюун санааны сулрал...

Бидний асар их үлгэр авдаг Америкийн конгрессын нэг гишүүнийг дараагийн сонгуулиар намаас нь нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлажээ. Ердөө хоёр хүүхэд өнчрүүлж, дахин гэрлэснийх нь төлөө. Гэр бүлээ хайрлаж хамгаалж чадаагүй хувийн зугаа цэнгэлээр сольсон хүн түмний төлөө хэрхэн ажиллах гэж үзжээ. Нам гэдэг үзэл санааны нэгдэл боловч ёс зүй ямар хүчтэй нь жишээ ч юм шиг. Манайд бол бүх л зүйл эсрэгээрээ, харин ч хэвлэл мэдээллээр ёстой нэг өргөн сурталчилна. Хачирхалтай нь сэтгүүлчид ичих ч үгүй үр хүүхдээ өнчрүүлсэн өөдгүй эрийг биеийн чалх сайтай үлгэрийн баатарт өргөмжилнө. Түүнийг нь эр эм, хөгшин хөвөөгүй үзнэ, харна, уншина, бишрэн шүтнэ. Тэд юуны тухай бичиж, олон түмэндээ юу уншуулж, үзүүлж харуулж  байгаагаа мэдэх ч  үгүй. 

Жинхэнэ оюун санааны сулралд хүргэх вакциныг хайр найргүй шахагсад. Дээхэн үед нэг яруу найрагч радиогоор шагнал хүртсэнээ сонсоод л гэрээсээ олон сар бэлдэж зэхсэн шар чемоданаа аваад гарсан юм гэнэлээ. 

Учир нь гэр бүлийн талаар асуудалтай бол төрийн ямар ч хайр хүндэтгэл олгодоггүй цаг байжээ. Хүний эрх чөлөө тэр талаараа муулахаас аргагүй ч хүний ёс зүй- хүн, хүн байх нь чухал гэж үзэх талаасаа зөвтгөмөөр ч байсан санагдана. Үзэл суртал энэ тэр гэж тэр үеийг бид баахан муулдаг. Гэтэл Америкт түүнээс ч илүү “ҮЗЭЛ СУРТАЛ” одоо ч үйлчилсээр. Уран бүтээлчийн хийсэн бүтээлийнх нь чанар чансаад нь биш харин элдэв цуу цуурхал, дуулиан шуугианд нь олон эхнэр, өнчин хүүхдүүдийнх нь нулимсанд төр “шагналаа” өгчихдөг болсон мэт. Улс төрчдөд ч  ард олон ч итгэлээ өгчихдөг болсон мэт. Энэ бүхний цаана оюун санааны сулралд хүрсэн бидний амьдралын эрээнтэй бараантай дүр зургууд, их бага хэмжээгээр үзэл суртал хэрэгтэй төр хийгээд нийгмийн харилцаа харагдана. Хархан багаасаа нэг ч үлгэр сонсоогүй, дунд сургуульд монгол хэлний багш нар нь өгүүлбэрийн гишүүдээр л ялган зурахыг зааснаас үйлийн үр, жамын тухай заагаагүй, Академич Х.Намсрай, загасны А. Дулмаа, вирусын П.Нямдаваа гэдэг нэрийг огт сонсоогүй өвөө эмээ, аав ээжүүд, охид хөвгүүд ертөнцөд бэлгийн сулралаас үхтлээ айхаас оюун санааны сулралд орсоноо ч үл ойлгоно. 

Үндэсний томоохон музейн нэг ажилтан 1070 гаруй хосгүй ховор үнэт эд зүйлсийг гадныханд худалдсан хэрэг гарахад хэн ч тоогоогүй өнгөрсөн ч эрхэм гишүүний хүүхдийн хуримыг уулга алдан үзүүлдэг, бичдэг  зурагт радио, сонин сэтгүүлээр дүүрсэний гол буруутан нь бид өөрсдөө гэдгийг олж харах цаг болоогүй бололтой. Тэртээ 90-ээд оны эхэн үед анхны ерөнхийлөгчийн “яасан том торт вэ?” хэмээн дуу алдсан шинэ жилээс хойш ард олон минь оюун санааны сулралд орж эхэлснийг ТӨР  одоо ч анзаарахгүй байгаа нь харамсалтай. Ерөнхийлөгчийн уулга алдсан тэр тортноос л бидний оюун санааны сулрал эхэлсэн гэх энэ даажинтай муйхарлал минь яг л “Шивээ хиагт” дуунаас шинэ үеийн уран зохиолын түүх эхэлсэн, “Хонхны дуу”-наас Ардчилсан хувьсгаалч уран зохиолын түүх эхэлсэн гэж үзэхтэй адил тэнэг сонсогдож болох ч гарцаагүй тэр л үеэс топ шоп миссүүд, пүүс түүц боссуудын л суу алдар мандаж, оюун санаа үнэгүйдэх замдаа гарсан нь үнэн юм чинь яах билээ. 

Жилд хэд хичнээн ховор үнэт соёлын зүйлс буруу санаатнуудын хараас хар гайгаар хил даван одож буйг хэн ч мэдэхгүй. 

Түүнийг тоох анзаарах тийм чадал чансаагаа бид аль хэдийн алдчихсан.  Мөнхийн бүтээлүүд нэгэн цагт мөхлийн ирмэг дээр очсон бол одоо мөнгөний илгээмжинд явчихжээ. Дундговь аймгийн Гурвансайхан сумын гандан хийдээс алдагдсан эртний хүрэл бурханг шашны зан үйл гүйцэтгээд худгийн онгоцтой усанд нэг тонгойлгоход л бороо нутаг даяар нь шаагин ордог байсан тухай найз минь надад ярьж билээ. Гэтэл тэр эртний бурхан хэдэн жилийн өмнө хар санаатны гарт орж харь нутагт сураг замхрав. Хэрэв оюуны сулралгүй төр түмэн тийм зүйлээ хулгайд алдсан бол үндэсний эмгэнэл зарлах байсан юм. Харин манайд хэн ч энэ тухай сонссонгүй, сонссон нь ч тоосонгүй. Нэг даргын эхнэрээ сольсоныг л бичихийг хүссэнээс, бусад нь уншихыг хүссэнээс эртний бурхан алдагдах зэрэг хэнд ч сонингүй. Гэтэл Луврын музейгээс нэг зураг алдагдахад Франц улс даяар түрхрэн босч байсан гэдэг. Манайд бол дарга эхнэрээ сольж, хүү нь хуримаа хийх, нэг дуулдаг нөхөр тоглолтоо сурталчлах, өглөөний дасгал нэг хоёр гурав л чухал. Энэ бол оюуны сулрал овоо үгтэрсэний хамгийн энгийн болоод тодорхой эмгэг шинж. Баярын өдрүүдээр бид юу үздэг вэ? Жинхэнэ эмгэнэл. Зурагтаар хэнийг харуулдаг вэ? бүүр гүн сулрал. Ярих ч юм биш. Нэг эсвэл алиг шалиг мазаарал, инээлгэх гэж ядаад зурагтын нүүрнээс сугарч гарч ирээд гижигдэх нь холгүй арга ядсан үзүүлбэрүүд, нөгөө бол хоймор суусан хийморь гутаамаар дарга нар. Тийм юм харснаас ан амьтдын суваг үзсэн нь хамаагүй дээр. Өнөө оюун ухаантнууд эрдэмтэн мэргэд, зохиолчид, мэргэжлийн театрын жүжигчид, спортын суу алдартнууд нь хаачихдаг бүү мэд. Хэдэн марзан нөхдүүдийг хэдэн цагаар үзүүлээстэй.

Оюуны сулрал инээх өвчнөөр их тодорхой харагдана. Эмгэнэлт жүжиг үзсэн ч инээнэ. Бүүр гайхмаар. Саяхан эмгэнэлт  жүжиг үзээд инээгээд байсан дэргэдэх нөхрөө би ойлгоогүй. Энэ чинь эмгэнэл шүү дээ? Инээдэм биш гэсэн чинь “тэгвэл яагаад инээдэмтэй дүр үзүүлээд байгаа юм. Энэ жүжигчид чинь” гэж ам тагласан юм даа? Инээхээр л юм байвал сонирхоно.  Аливаа юмны хөнгөн нь дээр гэж үзэх нь оюуны сулралын хүндэрсэн хэлбэр. Амар хялбар, ойлгоход төвөггүй л юм бидэнд сайхан." Сонин бол шар нь дээр ном нь бол шалиг нь дээр" гэсэн сургаал ч юм шиг, судлал ч юм шиг үзэлд автжээ. Үзэл ч юу байхав. Ердөө л ОЮУНЫ СУЛРАЛД. Гэвч юу хамгаас харамсалтай вэ? Ирээдүй маань энэ хэвээр сулрах.

Нийтээрээ  бичиг үсэгт нэвтэрч Азидаа толгой цохиж, Алтан медаль хүртсэн энэ тэрээ ярихаа больё. Бэлгийн сулралд орохгүй нь тулд эр эмгүй эм тариа их хэмжээгээр уудаг болсноо больё. Бэлэг эрхтнээ л сулрахыг мэддэгээс билиг оюун сулрахыг үл тоох залуус дүү нараа харааж загнахаа больё. Гагцхүү оюуны сулралд автсан ТҮМНЭЭ яаж аврахаа л ТӨР байдаг бол бодъё. 

              ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ