Гуравдугаар сарын 12-ноос 19-нийг дуустал үргэлжлэх 2021 оны Төрийн албаны ерөнхий шалгалт өчигдөр Улаанбаатар хот болон 20 аймагт нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн шалгалт коронавирусийн халдварын улмаас 100 хувь цахим хэлбэрээр явагдаж байгаа аж. 

Шалгалтад  улсын хэмжээнд нийтдээ 13.094 иргэн бүртгүүлсэн бөгөөд нээлтэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Төрийн албаны зөвлөлийн гишүүд, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга, Төрийн албаны шалгалтын төв комиссын бүрэлдэхүүн оролцсон байна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нээлтийн үеэр “Хүн ирээдүйн амьдралаа баталгаатай байлгахыг хүсэж, ирж буй цаг хугацааг илүү утга учиртай байлгахын төлөө бага наснаасаа цэцэрлэг, сургуулиар дамжин олон жил сурч бэлтгэгддэг. Хамгийн товчоор хүний амьдралыг тодорхойл гэвэл би “шалгалт” гэж хэлнэ. Эргээд харахад Та бид маш олон төрлийн шалгалтыг давж туулсан байгаа биз. Тэдгээрийн дотроос дэлхийн улс орнуудад хамгийн түгээмэл байдаг, хамгийн үнэ цэнтэй шалгалтуудын нэг нь та бүхний өнөөдөр өгөх гэж буй төрийн албаны шалгалт юм. Иймд та бүхэндээ амжилт хүсье. Түүнчлэн энэ удаагийн шалгалтад шинэ үеийнхэн хүч түрэн орж ирж, 13 мянга гаруй хүн бүртгүүлсний 52.4 хувь нь 30 хүртэлх насныхан буюу Z үеийнхэн байгаад баяртай байна” гэв.

Мөн Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар “Төрийн албаны өөрчлөлт, шинэтгэл нь төрийн захиргааны бүх шатны байгууллага зорилт, чиг үүргээ мэдлэг чадвартай хүний нөөцийн хүчээр хэрэгжүүлэх, иргэдэд чанартай төрийн үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний шинэ хэлбэрүүдийг бий болгохыг шаардаж байна.  Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн хүрээнд чадахуйн зарчимд суурилсан, шатлан дэвших тогтолцоо бүхий, улс төрөөс хараат бус, иргэн төвтэй, жендэрийн мэдрэмжтэй, тогтвортой, мэргэшсэн төрийн албыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад төлөвшүүлэхэд анхаарч ажиллах болно” гэлээ.

Z ҮЕИЙНХНИЙ ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ИДЭВХ СЭРГЭЖЭЭ