100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухны нүүрсний зарцуулалт, хэрэглээнд хийсэн хяналт шалгалтын талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Түүхий нүүрс түлж байна. Айл өрхүүд гэхээс илүү ААН-үүд түүхий нүүрс түлж байна гэсэн олон гомдол ирсэн. Үүний дагуу уурын зуухуудад шалгалт хийлээ. 

Шалгалтаар уурын зууханд нь шүүлтүүр байгаа боловч ажиллуулдаггүй, зарим шүүлтүүр нь эвдрэх дөхсөн учир ажиллуулаагүй, түүхий нүүрсээ ил задгай хадгалж, агаар орчныг бохирдуулсан зэрэг зөрчил илэрсэн. Шалгасан нийт объектын 10 орчим хувь нь шүүлтүүр хэрэглээгүй, 80 гаруй хувь нь хэрэглэж байна. Тэгэхээр шүүлтүүр хэвийн ажиллаж болж байна гэсэн үг. 

Түүхий нүүрсээ ил задгай хадгалсан ААН-үүдэд Зөрчлийн тухай хуулиар хэрэг үүсгэн шалгаж байна. Шүүлтүүр хэрэглээгүй ААН-үүдэд Зөрчлийн тухай хуулийн багаж, тоног төхөөрөмжийн хэвийн журмаар ашиглаагүй гэдэг үндэслэлээр 1.500.000 төгрөг, иргэдэд 150.000 төгрөгийн торгуул ногдуулж байна.

ААН-үүдэд анхааруулахад бага хэмжээний цахилгааны зардлаа хэмнэх нэрийдлээр агаар, орчныг бохирдуулж, иргэдийг бухимдуулалгүйгээр ажилла. Бага мөнгө хэмнэх, торгуулах хоёрыг харьцуулж үз. 

Зарим ААН өөрсдийнх нь зөв юм шиг нийгмийг турхирч байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт байрлах "Тереза эх" асрамжийн төвийнхөн "бид халамжийн үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс түүхий нүүрс түлж болно" гэсэн утгатай зүйл ярьж, мэдээлж байна.

Түүхий нүүрс түлсэн тохиолдолд утаа шүүлтүүртэй байх шаардлагатай. Нүүрсээ ил задгай хадгалж болохгүй" гэдгийг онцлон хэллээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг тодруулбал,

  • Уурын зуухын шүүлтүүр байхгүй 9 ААН
  • Утаа шүүгч нь эвдэрсэн 17 ААН
  • Камергүй 8 ААН байна. Түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авахдаа бүрдүүлэх шаардлагатай 9 зүйлийн нэг нь харуул хамгаалалтын камер байдаг.
  • Нүүрсээ ил задгай хураасан 18 ААН байна.