Бид уншигчдынхаа захидлыг өөрсдийнх нь зөвшөөрөлтэйгээр нийтэлж байгаа билээ. Энэ удаа араар тавилтын улмаас шаналж буй нэгэн залуу бидэнд захидал ирүүлжээ.


Би эхнэртэйгээ оюутан байхдаа танилцаж билээ. Бид үерхээд дөрвөн жилийн дараа хурим хийсэн, хамтдаа 15 жил амьдарч байна. 

Би гэж хүн гэр бүлийнхээ төлөө үргэлж илүү цагаар ажиллан ядарсаар нэг мэдэхэд маш залхуу болсон байсан. Эхнэр маань ч гэртээ үзэгдэхээ байж гадуур тэнээд, асуухаар хүнтэй уулзаж байна гэдэг.

Саяхан баригдаад, нэг хүнтэй чатлаад... Би ингэж их хичээсэн байтал амьдрал яагаад ингэж муухай хандана вэ. Би эхнэрээ нэг ч удаа хуурч байгаагүй. Тэр талаар боддог ч үгүй. 

Аминдаа л хайртай гэдгээ илэрхийлж баяр алгасалгүй бэлэг авж өгдөг. Гэтэл өнөөхтэйгээ ахиж харилцахгүй гэж хэлсэн ч дахиад л хоорондоо бичилцээд эхэлжээ. Үүнийг нь нөгөө залуугийнх нь эхнэр надтай холбогдож хэлээд надаас гуйсан. Эхнэртээ хэлээд өгөөч гуйж байна гээд. Надад хэцүү байсан....Эхнэрийгээ дуудаад ирэхэд нь нүдэн дээр нь судсаа ханасан....Гэвч үхсэнгүй. 

Одоо яах учраа олдоггүй. Уг нь эхнэр маань надад жигтэйхэн хайртай би ч гэсэн хайртай, халуухан явсан үе бидэнд бий. 

....Уг нь нөгөө хүнтэй ч гэсэн харьцахгүй гээд эхнэрт нь хэлээд уучлалт гуйсан. Би эхнэрийгээ тэр залуутай явалдсан гэж бодохгүй байна гэхдээ сэтгэл нь хэдийн явчихсан нь мэдрэгддэг. Одоо хүүхдүүдээ бодоод дахиад хамт амьдарцгаая гэж гуйдаг. Хэчнээн алдсан ч би түүнийгээ хайрлахгүй байж чадахгүй, бүр мөсөн алдахаас ч айж байна. 

Амьдрал ийм хэцүү юм бол зүгээр энэ хорвоогоос явчихмаар байна...

Уучлаад хамт амьдармаар, гэхдээ чадах эсэхдээ одоо ч эргэлзэх юм. Зүгээр байж байгаад гэнэт дотор пал хийгээл шаналдаг болсон. 

Эхнэр маань сайн хүн л дээ. Гэхдээ эмэгтэй хүний шунал хэзээ ч дуусдаггүй юм байна гэдгийг ойлголоо. Буцаад нийлье гэсэн чинь хурдан баяжаад гоё бэлэг авч өгвөл би шуналтай юм чинь буцаад татагдана гэж хэлсэн гээч. Бас шинэ хувцас аваад гангарч бай гэсэн. Өөрийнх нь авч өгсөн хувцаснаас өөр юм өмсдөг биш би юугаа мэдэх билээ. 

Эргээд бодохоор би түүнийгээ анхаарал халамжаар дутаасан байж магадгүй ээ. Амьдрал амьдрал гэсээр байгаад. Би байр, машинаа өгсөн. Өөртөө юу ч авалгүй бүгдийг нь гэр бүл эхнэртээ зориулж байна гэж бодсон. 

Залуус минь эхнэр, найз бүсгүйгээ анхаарал халамжаар хэзээ ч битгий дутаагаарай. 

Би сэтгэл зүйчид цаг авсан, тэр болтол тэснэ ээ.


Энэ тохиолдолд яах вэ?

Хэрэв эхнэр тань одоог хүртэл таньд хайртай хэвээрээ, хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэр бүлээ хадгалан үлдэхийг хүсэж байгаа бол шийдвэрийг зөвхөн та өөрөө гаргана. Та түүнийг уучилж, араар тавьсныг нь мартаж, харилцаагаа үргэлжлүүлж чадах уу? Хэрэв үгүй бол гэр бүлээ хадгалан үлдэх хэрэггүй, учир нь сайн сайхан зүйл болохгүй. Хэрэв та бүгдийг мартаж, шинээр эхэлж чадна гэвэл та болсон зүйлийг дахин сөхөлгүйгээр, эхнээрээсээ амлалт аван шинээр амьдралаа эхлүүлээрэй!

Мэдээж хамгийн чухал нь мэргэжлийн сэтгэл зүйчид хандахаа хэзээ ч мартаж болохгүй.