ЕБС-ийн багш хүүхдээ зодсон асуудлын дараа энэ асуудал нийгэмд олон өнцгөөр тайлбарлагдан яригдаж байгаа билээ. Энэхүү асуудалтай холбогдуулан манай уншигч бидэнд захидал илгээснийг нийтэлж байна.


Би Улаанбаатар хотод дунд сургуулиа дүүргэсэн. Дунд сургуульд сурдаг байхад дандаа зоддог байсан багшаа мартдаггүй. Манай ангийн багш л даа. Бид нарыг хичээлээсээ хоцрох ч юм уу, даалгавраа дутуу хийх, дүрэмт хувцасаа бүрэн өмсөөгүй үед зодож шийтгэдэг байсан юм. Заримдаа охид нүүрээ будаад ирсэн үед ёстой нэг гөвүүлнэ шүү дээ. Зоддог тусгай хэрэгсэлтэй. Тэр нь дөрвөн ширхэг нарийн кабелийн утас хооронд сүлжиж холбосон ташуур юм. Гар утас, интернэтийн утас сүлжээд хийсэн харахаас уур хүрмээр эд. Багш бид нарыг самбарын урд тонгойлгон зогсоож байгаад ташуурддаг байсан. Гуя, өгзөг гээд хаа сайгүй.

Багшийн цохьсон газар нь лав л гурав хоног улайж, хөхөрч, өвдөж явдаг байлаа. 

Тухайн үед хүүхдүүд хойно гэнэн томоогүй зангаар буруу зүйл хийсэндээ гэмшээд л өнгөрдөгсөн. 

Бас багшийг бидэнд хайртай учраас л ингэж ойлгуулж байгаа гэж боддог байлаа. Зодуулсан нь хоорондоо чинийх хэд хоног өвдсөн бэ, мөр нь арилсан уу гэх мэт яриа өрнүүлээд л өнгөрдөг. Дахиад зодуулахгүйг хичээвч аанай л алдаа гаргаж орхино.

Зарим нь энэ тухайгаа эцэг эхдээ хэлсэн л дээ. Тэр нэг өдөр багшийн царай нэлээн барайчихсан орж ирэв. “Та нар эцэг эхдээ хов зөөгөөд хэрэггүй, эцэг эх чинь зөвшөөрөл өгсөн” гэж хэлээд бүүр илүү чангаар зодсон. Хамгийн муухай нь зарим эцэг эхчүүд "Наадуулдаа хааяа таван салаа боов өгөхөд гэмгүй" гэж өөгшүүлсэн байгаа юм. Багш юу гэж хэлснийг бид мэдэхгүй л дээ. Нэгэнт зөвшөөрөл авсан юм чинь өнөө муухай аргаараа л биднийг шийтгэн шавхуурдана.


Заримдаа бүр яаж ийгээд биднийг зодох арга олно. Жишээ нь ар гэрт нь ч юм уу ажил дээр нь  асуудал гарсан үед бид нараас өө хайн илүү олон удаа, бүр чангаар цохино. Бид үүнийг нь ч мэддэг байлаа. 

Миний хувьд тухайн үедээ энэ бүхнийг хүндээр тусгаж аваагүй. Бид нарын л буруу юм чинь гэж бодоод өнгөрчээ. Одоо эргээд бодоход багш аймшигтай харгис үйлдэл хийж байжээ. Тэр өвдөлт цохилт нь бодоход л мэдрэгдэж, хөндүүрлэх шиг болох юм. Сүүлд сонсох нь ээ багш маань өнөөх харгис зодуураа одоо ч үйлдсээр байгаа сураг дуулдсан. Үүнийг сонсоод тэсэж тэвчихийн аргагүй уур хүрсэн. Яагаад хүүхдүүд тэр багшийн гарын шүүс болох ёстой гэж. Сүүлд нэг зүйлийг буруу бодож байснаа ойлгосон. Хайр өвтгөдөггүй шүү дээ. Багш биднийг хайрласандаа биш амьдралынхаа стресс бухимдлыг л тайлдаг байж. Магадгүй тэр харгис хатуу гэр бүлд өссөн байх. 

Өчнөөн сайхан багш байсан хэрнээ багш гэж бодонгуут л тэр багшийн дүр төрх санаанд ордог билээ. Одоо хэдийн 30 дөхсөн хүний хувьд үүнийг би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Хүүхдээ сургуульд өгөхдөө хүртэл багшийг нь судалж, бүр нүүр тулан уулзаж, хичээл дээр нь хэд хэдэн удаа сууж үзэж байж өгч билээ. Миний зүрх сэтгэл тэгтлээ шаналсан байсныг би мэдээгүй байжээ. Эмзэглээгүй ч тэр зодуур миний зүрхэнд үлдсэн хэрэг. Миний хүүхэд, бас хүний нялх үрс тийм хүнд байдалд орох вий гэсэн айдас надаас салдаггүй. Би хүүхдүүддээ хэзээ ч тийм зүйлийг хүсэхгүй.