Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд тус тус танилцуулсан. 

Манай улсын хувьд өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжиж, ашиглах цар хүрээ, тавигдах шаардлага өндөрсөж байгааг уг хуулийн гол агуулга гэж үзэж болно.

Улсын Их Хурлаас 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталсан боловч уг хууль нь зөвхөн Үндэсний олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын зарчмыг тодорхойлоход чиглэгдсэн. 

Гэтэл өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Улаанбаатар хотод 29, орон нутагт 66, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт 8, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 16, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 1, орон нутагт 50 байна. 

Эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаа болон хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдсан хэрэгцээ, шаардлагыг харгалзан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.

Түүнчлэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч болон радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага, өргөн нэвтрүүлгийн хөтөлбөр, зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлагууд, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд хориглох зүйлийг нарийвчлан зааж өгсөн байна. 

Тухайлбал, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нь үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл агуулсан мэдээ, хөтөлбөртэй байх; зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, бусдын бүтээлийг албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй нэвтрүүлж, дамжуулах; гамшгийн аюул болон гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, нэвтрүүлгийг үнэ төлбөргүй, шуурхай нэвтрүүлэх; хуулиар хориглоогүй боловч хүүхэд, залуучуудын оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлж болохуйц агуулгатай нэвтрүүлэг, баримтат болон уран сайхны киног дамжуулахдаа нэвтрүүлэх цагийн зохицуулалт хийх, эсхүл техникийн бусад арга хэмжээг ашиглах замаар хязгаарлалт тогтоох; нэвтрүүлгийг бэлтгэх, нэвтрүүлэх, дамжуулах техник, тоног төхөөрөмж нь сүлжээний найдвартай ажиллагаа, олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан байх; хөтөлбөр дэх нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа тодорхой байх; дамжуулж байгаа гадаад улсын нэвтрүүлэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байх зэрэг шаардлагыг хуулийн төсөлд тусгажээ. 

Мөн хуулийн төсөлд төрийн байгууллага, албан хаагч, улс төрийн нам, эвслийн удирдах болон гүйцэтгэх ажилтан, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч мэдээ, нэвтрүүлгийг ивээн тэтгэхийг хориглохоор зохицуулсан байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуулийн төслүүдийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан, О.Баасанхүү, М.Оюунчимэг, Х.Баделхан, Н.Учрал нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хууль батлагдсанаар мэдээллийн сувгийн тоо цөөрөх, телевизийн төлбөр, хураамж 20 хувиар нэмэгдэх эсэх, цаашлаад контентын чанарыг хэрхэн сайжруулах талаар тодруулсан. Мөн хүчирхийлэл болон зохисгүй агуулгатай нэвтрүүлгийг  хэрхэн хязгаарлах талаар төсөлд тусгагдсаныг лавлав.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хариултдаа, хуулийн төсөл нь үйл ажиллагаа явуулж байгаа 140 гаруй телевизийн тоог цөөлөх бус нэвтрүүлгийн чанарыг сайжруулах, сайн контентыг үнэлэхэд чиглэсэн. Ингэснээр телевизүүд гадаадын бэлэн контентыг худалдаж авах бус өөрсдөө сайн нэвтрүүлэг хийж, үзэгчдийг татдаг энэ хэрээр санхүүждэг олон улсын жишигт нийцүүлнэ гэдгийг онцолсон. 

Ажлын хэсгийн зүгээс хуулийн төсөлд 20.3-т Энэ хуулийн 20.2.2-т заасан төлбөрийн хэмжээ нь тухайн үйлчилгээ эрхлэгчийн телевизийн үйлчилгээний хураамжийг 20 хувиар нэмэгдүүлснээс хэтрэхгүй байна гэж заасан байгаа.  Мөн Сангийн хөрөнгө нь улсын төсөв, чанар, стандартын шаардлагыг хангасан өргөн нэвтрүүлгийн төрөл бүрийн оюуны бүтээлийн дамжуулж байгаа үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээг авч байгаа хэрэглэгчийн төлбөрөөс бүрдэнэ гэж тусгасан байгаа. Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжвэл Ажлын хэсэг төлбөрийн зохицуулалтыг дахин ярилцана гэж байлаа.

Түүнчлэн өргөн нэвтрүүлгийн стандартад +6,+12,+18 гэж нас заасан байдгийг дурдаад хүчирхийлэл, гэмт хэргийг сурталчилсан нэвтрүүлэг цацахыг өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд хориглосон гэж байв.

Гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжиж байгаа илэрхийлэхийн зэрэгцээ үзэх шаардлагагүй сувгаа хэрэглэгч нь өөрөө хасдаг болох, телевизүүдийн санхүүжилтийн схемийг зөв болгох, үзэгчдийн төлөх төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр асуудлыг шийдэх шаардлагатай гэж байлаа. 

Түүнчлэн үндэсний контент бэлтгэж байгаа телевизүүдийг эрэмбэлдэг болох, түүх, ёс заншил, боловсрол, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний контентын бодлоготой байх, энэ асуудалд төрөөс тодорхой хэмжээгээр дэмжих нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Ингээд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн  70.8 хувь нь  дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.