Б.Баясгалан
11 сарын 18, 2019
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр мэдээлэл хийж, Чингис хааны мэндэлсэн өдрөөр болох арга хэмжээний хөтөлбөр, "Чингис хаан" одонг хүртэх эрхмийн нэрийг зарлав.
Үүний дараа түүнээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавих эсэх талаар асуухад "Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулах ёслол өнөөдөр 16.00 цагт Төрийн ордонд болно. Танхим нь зай багатай учраас Телевизийн холбоотой ярилцаад МҮОНТ-ээс гадна хоёр телевизийг оруулахаар болсон.
"Давхар дээлтэй" дөрвөн сайд дээр хориг тавих тухай яригдаж байгаа. Хоригийг хүлээж авах бүрэлдэхүүн УИХ-д буй эсэхийг судалж байна. 100 хувийн саналаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан хүмүүс дөрвөн "давхар дээл"-дээ дуртай байх шиг байна. Судлаад хориг хүлээж авахааргүй байвал Хориг тавихгүй. Үндсэн хуулийн бусад нэмэлт өөрчлөлттэй Ерөнхийлөгч санал нийлж байгаа.
УИХ-аас 2020 оны Улсын төсвийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлээгүй байна. Ирэхээр нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувь дээр Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихаар бэлтгэж байна. 23 хувийг 25 болгохоор төсөвт тусгасан байгаа. Үүнийг 25 болгохгүй 23 хувь дээр нь зогсоохоор Ерөнхийлөгч хориг тавина гэсэн үг" хэмээлээ.
Сануулахад, Өнгөрсөн пүрэв гарагт УИХ батласан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд "Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилж чөлөөлнө. Засгийн газрын гишүүдийн дөрөв хүртэлх нь УИХ-ын гишүүн байж болно" хэмээн тусгасан. Өөрөөр хэлбэл, "Давхар дээл"-тэй дөрвөн гишүүн байхыг зөвшөөрсөн юм. Уг заалтад Ерөнхийлөгч хориг тавихаар судалж буй аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.