Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
01 сарын 21, 2026
Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, горим ажиллагааны талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Тодруулбал, өчигдөр буюу нэгдүгээр сарын 20-ны 06:20 цагт "ДЦС-4"-ийн наймдугаар зуухны халах гадаргууд гэмтэл гарч зогссоны улмаас цахилгааны 161 МВт хэрэглээг хязгаарласан. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зуух руу орж байгаа нүүрс 2026 оны нэгдүгээр сарын 20-ны 18 цагт хөлдөж бөглөрснөөс ачаалал 120 МВт-аар буурч, хязгаарлалтын хэмжээ нэмэгджээ.
Үүний улмаас 371,174 айл өрх, 46,691 аж ахуйн нэгж, нийт 417,865 хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалт хийжээ.
Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээлснээр зуухны гэмтлийг шуурхай засварлах ажлыг өчигдөр эхлүүлсэн бөгөөд өнөөдөртөө багтаж хэвийн горимд оруулах юм байна.
2025-2026 оны Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1,800 МВт хүрэх тооцоолол гарсан байна. Харин 2026 оны нэгдүгээр 19-нд 1,803 МВт хүрчээ.
Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүд нийт 2,019 Гкал/цагийн ачаалалтай ажиллахаар төлөвлөсөн, 2026 оны нэгдүгээр 20-ны байдлаар 2,055 Гкал/цагийн ачаалал авч ажиллаж байна. Түүнчлэн гадна агаарын хэм өмнөх жилийн хамгийн хүйтэн өдрийн дундаж хэмээс -6°С хэмээр илүү байна гэлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.