"Дэлхийн хүүхдийн аж байдал 2021" тайлан анх удаа хүүхэд, өсвөр үеийнхэн, тэдний асран хамгаалагчдын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг авч үзлээ. 

Уг тайланд хүний амьдралын эгзэгтэй үе, нөхцөл байдалд  тулгарч болох эрсдэл, хамгааллын хүчин зүйлс нь тэдний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхой өгүүлжээ.

Энэ цаг үед олон сая хүүхэд, залуус, гэр бүл хүнд хэцүү мэдрэмж, зовлонг амсаж байна. КОВИД-19-ийн бараан сүүдэр нь хүүхэд, залуусыг олон жилийн туршид дагах нь тодорхой болоод байна.

Цар тахал эхэлснээс хойш гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй энэ үед хүмүүсийн амьдралын хэмнэл, боловсрол, амралт чөлөөт цаг гээд бүх зүйл орвонгоороо өөрчлөгдөж, зарим хүний хувьд орлого, амь зуулга нь тасалдаж, эрүүл мэнд нь доройтож, олон хүүхэд залуус ирээдүйдээ итгэх нь алдарч түгшүүр, цөхрөлөөр сэтгэл нь дүүрч байна..


“Чи хэчнээн том зорилго тэмүүлэлтэй байлаа ч түүндээ хүрч чадахгүй. Яагаад гэвэл чи сэтгэлзүйн хувьд бүрэн бууж өгсөн.”

 Египет улсад амьдардаг өсвөр насны охины ярианаас...

Цар тахлаас ч өмнө олон хүүхэд, өсвөр үеийнхэн сэтгэлзүйн стресс, сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын улмаас шаналж байсан.

Өөчлөгдөж буй хүүхэд нас” хэмээх тайланд 15-24 насны 5 залуу тутмын нэг нь байнга сэтгэл гутралд ордог, бүх юм утгагүй санагддаг хэмээн дурдсан байна (НҮБ-ын Хүүхдийн Сан ба “Галлуп” судалгааны байгууллага, 2021). Уг тайланд дайн дажин, хямралын улмаас нутаг орон, гэр орноосоо  дүрвэн дайжиж, улмаар боловсрол, хамгаалал, халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй болсон олон сая хүүхэд залуус хамгийн хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна.

“Энэ өвчнөөр ямар олон хүн нас барж байгааг бодоход надад их гунигтай санагддаг. Өвчлөлийн тоо нэмэгдэхээр миний сэтгэл их хямардаг.”

Ардчилсан Конго Улсад амьдардаг өсвөр насны хүүгийн ярианаас..

Цар тахлаас бидэнд өгсөн нэгэн том сургамж бол хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд тэдний амьдарч буй орчин, нөхцөл байдал, тэр дундаа эцэг эхийн нөлөө, хүүхэдтэйгээ хэр дотно харилцаж, хамтдаа тоглож, суралцаж, хүүхдийнхээ хөгжилд анхаарч байгаа нь нэн чухал гэдгийг харуулж, мэдрүүлж байна.

Хүрэлцээгүй хөрөнгө оруулалтаас үүдэлтэй өндөр төлөөс

Асуудал их байгаа ч засгийн газрууд хүүхэд залуус тэдний асран хамгаалагчдын сэтгэцийн эрүүл мэндийг ойлгож, хамгаалж, дэмжихэд хэтэрхий бага, хүрэлцээгүй хөрөнгө мөнгө зарцуулж байна.

Ийнхүү үл хайхарсныхаа хариуд бид маш олон зүйлсийг алдаж бас асар өндөр төлөөсийг төлж байна. Хүний капиталын алдагдлыг тооцвол жил бүр 387.2 тэрбум ам. долларын алдагдлыг улс орнууд хүлээж байна.

Хүмүүсийн амьдралд үзүүлэх бодит хохирлыг мэдээж тооцоолох ч аргагүй.

15-19 насны залуусын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь  амиа хорлолт болж байна. Жил бүр 10-19 насны 46,000 орчим хүүхэд залуус  амиа егүүтгэж байгаа  нь минут тутамд 11 хүн нас барж байна гэсэн үг.

Дэлхийн улс орнууд эрүүл мэндийн төсвийнхөө ердөө 2 хувийг сэтгэцийн эрүүл мэндэд зарцуулдаг. Зарим улс орнуудад нэг хүнд 1 ам. доллар хүрэхтэй үгүйтэй төсөв ногдож байна.  Ийм бага мөнгөөр сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эмгэгийг эмчлэх, тусламж үйлчилгээ нэн шаардлагатай  хүмүүст хүрч ажиллах,  эерэг өөрчлөлт, үр дүн хүлээх боломжгүй байна.

“Намайг найзууд маань шоглож дээрэлхдэг байсан.…Би тэдэнд гомдож, урам хугарах үед тэд миний хувьд хэн ч биш болсон мэт санагддаг байсан.”

Индонези охины ярианаас

Судалгаанаас үзвэл, хүүхэд залуусын ихэнх нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг ганцаараа бие даан шийдэхээс илүү бусадтай сэтгэл санаагаа хуваалцаж, дэмжлэг авах замаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж байна (НҮБ-ын Хүүхдийн Сан болон Галлуп судалгааны байгууллагын хамтарсан тайлан).

Гэвч олон сая хүний хувьд сэтгэлээ онгойтол ярилцах хүн байхгүй эсвэл тусламж авахаар хандах газар байхгүй нь нэн харамсалтай.