Хүн өөрийгөө хайж олдог уу эсвэл бүтээдэг үү? Энэ сэдвээр Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэлзүйч М.Алтанцэцэгтэй ярилцлаа. 


-Сэтгэл зүйчийн хувьд өөрийгөө олж нээх нь яагаад чухал вэ гэдгийг тайлбарлахгүй юу? 

-Хүн болгон энэ хорвоод ирэхдээ аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахыг хүсдэг. Үүний тулд хүн болгон өөрийн дотоод мөн чанараа ойлгож таних ёстой. Чухам юу хүсэж, юунд тэмүүлж, ямар зүйл баярлуулж эсвэл гуниглуулж бас амьдралыг тань утга учиртай болгож байдгийг таньж ойлгох нь чухал.

Өөрийгөө танихын тулд хамгийн түрүүнд зан төлөвийн хувьд ямар ааш араншин, өөрт тань байгалиас заяасан өгөгдөл, генетикийн онцлогоо таньж мэдэх нь эхний алхам юм. Та ямар орчинд жаргалтай болж, бусдын ямар үйлдэлд цухалдаж эсвэл баярладаг вэ, магадгүй ямар ямар амтанд дурладаг вэ? Өөрийнхөө энэ бүх энгийн зүйлсийг ажиглаад ойлгочихвол амьдрал илүү хялбар бас хүмүүстэй харилцахад ч илүү амар болно.


Зарим хүн өөрийнхөө өгөгдөл, авьяас, ур чадварыг мэддэггүй, олж хардаггүй. Хэн нэг маань үнэхээр өөрийн хүссэн зүйлээ хийгээд амьдардаг. Гэтэл нөгөө нэг нь ээж аав, өөр хэн нэгний шахалтаар, эсвэл тэдэнд таалагдахын тулд дүр эсгэж амьдардаг. 


-Тэгвэл дотоод хүнийхээ хүсэл сонирхлоосоо эсрэг зүйл хийгээд байвал хүний сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлэх вэ?


-Өөрийн ур чадвар, хүсэл сонирхолдоо нийцээгүй зүйл хийснээр өөрт нь тухгүй байдал үүсэж төвөгшөөж эхэлдэг. Хэдийгээр олон дахин оролдсоор дасаж болох ч хүсэхгүй байгаа мэдрэмж нуугдсаар л байна. Энэ нь яваандаа сэтгэл хангалуун бус байдалд хүргэж, аз жаргалыг үгүй хийдэг. Ийм шалтгаанаас болж зарим хүн олон жил хийж байсан ажлаа нэг өдөр орхих шийдвэр гаргадаг. 

Өөрийн төрөлх зан чанар, авьяас чадвараа байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь өөртөө байгаа “хос далавчаа” дэлгэж буй хэрэг юм. 


-Өөрийгөө олж нээхэд бага насны төлөвшил нөлөөлөх үү эсвэл нас биед хүрсний дараа явагдах процесс уу?

-Нас биед хүрсэн хойноо бүх зүйлийг шинээр эхэлж байгаа юм шиг санаж явдаг хүмүүс бий. Гэтэл хүн зан байдлынхаа 70 орчим хувийг долоо хүртэлх насандаа олдог. Энэ үедээ зөв бурууг ялгаварлаж ухамсартайгаар ангилж чадахгүй. Харин эргэн тойрны хүмүүсийн үйлдлийг өөрийн мэдэрч байгаагаар загварчилж сурдаг. Тэгэхээр энэ насанд нь гэр бүлийнхэн, ойрын хамаатнууд, найз нөхөд нь нөлөөлж бүрэлдүүлэх учраас тэдний оролцоо чухал. 


-Тэгэхээр бага нас бие хүний төлөвшилд хамгийн чухал байх нь ээ?

-Энэ үе хамгийн чухал. Тухайлбал багадаа болохгүй, битгий, ханан дээр бүү сараач, тоглоомоо хурааж тавь, эмх цэгцтэй бай зэрэг үгсийг байнга сонсож өссөн бол чөлөөтэй сэтгэх чадвар алдагддаг. Хожим өөрийгөө илэрхийлж чаддаггүй хаалттай нэгэн болж төлөвших өндөр магадлалтай. Нөлөөгөөр нь бие дааж шийдвэр гаргаж чаддаггүй. Нас биед хүрчихсэн хэрнээ сонголт хийж чаддаггүй, хэн нэгнээс заавал асуудгийнх нь шалтгаан бүр бага наснаас тогтчихсон байдаг.

Хүүхэд насандаа нэгэнт ямар нэг зүйлийг  дутуу мэдэрсэн бол гүйцээхийг хүсдэг. Тэр нь цаг хугацаа өнгөрөх тусам өөртэйгээ буюу дотоод мөн чанартай зөрчилдөх эхлэл болдог. Иймд үе өөрийгөө нээх, таних үйл явц  дахин үргэлжлэх болно. 


-Өнгөрсөндөө харамсаж, одоогийн нөхцөлд бусдыг буруутгадаг хүмүүс байдаг. Энэ нь өөртэйгөө зөрчилдөж байгаагийн илрэл үү? 


-Өөртэйгөө зөрчилдөж эхлэх хамгийн төвөгтэй зүйл. Тухайн хүн амьдралдаа сэтгэл хангалуун биш болж, ямар нэг зүйл нь болохгүй байгааг анзаарч эхэлснээр өөртэйгээ зөрчилдөх шинж тэмдэг илэрдэг. Ийм нөхцөлд орохоороо хүн голдуу бусдыг буруутгаж хохирогчийн дүрд тоглох нь элбэг. Жишээлбэл “Ээж аав намайг сайн сургуульд явуулаагүйгээс би ингэж амьдарч байна, “Нөхөр маань ажил хийхгүй болохоор мөнгө хүрэхгүй байна”, “Нийгэм хэцүү болохоор ажил олдохгүй байна” зэргээр хөндлөнгийн хүнд бурууг тохож, алдааг өөрөөсөө булзайруулж байдаг. 


-Ийм үед ихэнх хүн ойр дотны хүмүүстээ асуудлаа ярьж зөвлөгөө авдаг. Энэ нь хэр зөв шийдэл вэ?

-Мэдээж эргэлзээнд орсон хүн эргэн тойрныхоо хэн нэгэнд асуудлаа ярьж хуваалцана.

Ойр дотны хүн зөвхөн чиний талаас асуудлыг олж хардаг учраас маш буруу зөвлөгөө өгдөг тал бий. Жишээ нь эгчдээ эсвэл найз бүсгүйдээ энэ талаар хэлбэл “Чи ингэж амьдрах ёсгүй, уг нь илүү дээр сонголт байсан” гэх мэтээр сэтгэл санааг нь улам унагаадаг. Ийм үедээ л мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай. Эсвэл өөртэй нь төстэйдүү асуудлыг даван туулссан хүнээс зөвлөгөө авах нь зөв шийдэл юм.


-Асуудлын шалтгааныг эхлээд өөрөөсөө эрэх нь хамгийн чухал алхам гэж ойлгож болох уу?

-Амьдралд нь асуудал тулгараад эргэлзээнд орсон хүн өөрөөсөө асуух хэрэгтэй. “Яагаад надад дандаа асуудал тулгардаг юм бэ”, “Намайг яагаад дандаа бүтэлгүйтэл дагаж байгаа юм бол” зэргээр бодох нь өөрчлөлтийн эхлэл юм. 

Цаашлаад үүссэн асуудлыг шийдвэрлэхэд “Миний бодол, хариу үйлдэл яаж нөлөөлж байна вэ” зэргээр өөрийгөө ухаж төнхөж, бодож тунгааснаар нэг шат ахидаг.


- Өөрийн засаж болох алхамыг хийсэн ч  үр дүн гарахгүй байгаа юм шиг санагдах үед яах ёстой вэ? 


Ингээд асуудлаа олж хараад,  шийдвэрлэх шинэ арга зам хайж, оролдлого хийсний дараа тодорхой хэмжээний зөрчил үүснэ. Хэчнээн хичээсэн ч болж бүтэхгүй байна, ерөөсөө болохгүй нь гэсэн бодол төрж, уур бухимдал, стресс үүсэх нь ердийн л хэрэг. Тодорхой хэмжээнд бухимдаж, хүч үүсгэснээр үйл явцыг хурдасгахад туслах үр дүнтэй. 


Хэдхэн удаагийн оролдлогоор удаан хугацаанд үргэлжилсэн дадал, тогтсон хэв маягийг арилгахад амар биш.  Анхаарах зүйл гэвэл уурлаж бухимдах нь өөр рүүгээ чиглэж байна уу, эсвэл бусдыг буруутгасан хэвээр байгаа эсэхээс үр дүн хамаарна. Хэрэв бодлоо зөв чиглүүлж, өөртөө илүү их анхаарч чадвал асуудлаа даван туулахад хялбар байх болно.


-Бодлоо зөв чиглүүлж  цэгцлэх талаар зөвлөгөө өгч болох уу?

-Миний зүгээс хүмүүст хамгийн энгийн нэг зүйлийг зөвлөдөг. Энэ бол бодлын тэмдэглэл хөтлөх арга юм. Хүний толгойд янз бүрийн бодол эргэлдэж байдаг. Зарим нь тухайн хүнийг тэжээж тэтгэх эерэг санаа бол нэг хэсэгт хүсэл мөрөөдлийг унтраах сөрөг бодлууд ч бий. 

Эдгээрийг цэгцлэхийн тулд дэвтрийн хуудсыг хоёр хэсэг хуваагаад нэг талд нь сайн бодлуудаа, нөгөө талд нь сөрөг муу бодлоо жагсааж бичээрэй. 

Хүмүүс заримдаа зурвас бодлуудаа мартдаг эсвэл анхааралгүй өнгөрөх тохиолдол цөөнгүй. Харин бичих явцдаа бодлоо эргэн санаж,  эргэцүүлэн тунгааж, ирээдүйгээ төсөөлж илүү нухацтай бодох болно.

Жишээлбэл дэвтэрээ эргэн унших үедээ “Би яагаад тэр үед ингэж бодсон юм бол”, “Сүүлийн үед сөрөг бодлууд давамгайлах болсон байна”, “Энэ үед би гомдчихсон юм байхдаа” гэх зэргээр бодолдоо ажиглалт хийснээр өөрийгөө сэтгэл санааны хувьд ямар байгаа тодорхойлж, бодлоо чиглүүлж чадах юм.