Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Ерөнхий боловсролын сургууль 620 гаруй хүүхэд 70 гаруй багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тус сургуулийн хамт олон 10 мянган мод буд тарьж ургуулах ажилд ханцуй шамлан оржээ. 

Мөн “Эко зуслан” сургалт судалгааны төв байгуулан ашиглалтад оруулаад байна. Тус зуслан нэг ээлжид 60 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд хүүхдүүд байгаль экологийн хичээлээ бодит байдал дээр үзэж, туршилт, бичил судалгаануудыг хийх боломжийг бүрдүүлжээ. Тэд анх тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд “Эко зуслан” гэсэн төсөл бичээд шалгарчээ. 

Зуслан байгуулах явцад өөрийн үнэлгээг хийлгээд ирэхээр бусад зүйлийг хийх шаардлагатай нь харагдаж сургуулиараа ярилцаж олон төрлийн ажил төлөвлөсний нэг нь ойжуулах, хүүхдүүдээ байгаль орчноо хамгаалах, эх дэлхийгээ хайрлаж сургах үүднээс мод тарьж эхэлсэн байна. 

Туршилтын талбайд жимс, ногоо яг боловсрох үеэр хүүхдүүдийн амралт таарч ургалтын талаар таниулах аргагүй байдаг. Тиймээс жилийн 4 улирал арчилж таниулахын тулд модыг сонгож тарих нь зөв юм байна гээд ойн талбайтай болж эхэлсэн. 

Үүнийгээ байгалийн ухаан, биологи, газар зүйн зэрэг хичээлд сурагчдад таниулах байдлаар ашиглаж эхэлжээ. Одоогоор гацуур, жимсний болон гоёлын гээд нийт 10-аад төрлийн мод тарьж байна. Дандаа үрээр нь тарьж байгаа бөгөөд намар үрийг нь түүж аваад хавар, намартаа тарьж аж. 

Мод бүрд таарсан, өөр өөр хөрс сонгон тарьж 10 мянган модны үрсэлгээг ургуулж байна. Тус сургуулийн захирал Ц. Цолмонбаатар “Төсөл хэрэгжүүлэгчээс болон аймгаас тус бүр 7.5, нийт 15 сая төгрөгөөр эхлүүлсэн. 

Яг юмаа хийгээд явахаар орон нутгийн, төрийн байгууллага, иргэд, эцэг эхчүүд, хувийн байгууллагууд дэмжээд ирдэг. 2 куб банз өгөх зэргээр дэм дэмээрээ тусалдаг. Нийтдээ 50 орчим сая төгрөгийн өртөгтэйгөөр, хамт олны хүч хөдөлмөрөөр зуслантай, ойн талбайтай болоод байна. 

Бусадтай туршлагаа хуваалцан ярьж таниулж, ойлгуулсны хүчинд мөн энэ бүхэн бүтэж байгаа юм. Одоо туслах аж ахуйтай болох зорилгоор Зөгий үржүүлэх төсөл бичсэн санхүүжилт хайж байна. Аймаг, орон нутгаас бодлогоор дэмждэг” гэсэн юм.