Эрчим хүч бол хүн төрөлхтний соёл иргэншил, хөгжил дэвшлийн үндэс, хөдөлгөгч хүч. Монгол орны аюулгүй байдал, оршин тогтнохын баталгаа эрчим хүч гээд хэлчихвэл хэтийдсэн болохгүй биз ээ. 

Монгол Улс нүүрс, нар, салхи зэрэг эрчим хүчний асар их нөөцтэй. Харамсалтай нь, хүн амаа эрчим хүчээр бүрэн найдвартай хангаж чадахгүй явсаар өнөөдөртэй золгож буй. 

Юун Ази тивийг эрчим хүчээр хангах. Тийн мөрөөдөхөөсөө ч ичих хэрэгтэй.

Нэгдсэн босоо удирдлагатай эрчим хүчний салбарыг задлан, олон улсын жишгээр эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх шатлалаар нь салгаж, тус тусад нь төрийн өмчийн хувьцаат компани болгосны гор өнөөдөр нүүрлэж байна. 

Жил бүр салбарын мэргэжилтэн, инженерүүд эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг үе үеийн засгийн газарт уламжилсаар ирсэн ч төр засгийн удирдлагуудын эрх ашиг дийлсээр иржээ.

Өнөөдөр Монгол Улсын цахилгаан эрчим хүчний 5 станцын насжилт 40-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээний насжилт 30-60 жил болсон. Гэвч өвлийн оргил ачааллын үед бүгдийг бүрэн хүчин чадлаар нь “зүтгүүлсээр” буй юм. Энэ нь Монгол Улс нэг л өдөр “гал алдах” эрсдэлтэй нүүр тулах цондон.

Эрчим хүчний дэд сайд Н.Тавинбэх “Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд хэрэглэгчийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулахгүйгээр өндөр үнэтэй импортын цахилгааныг бууруулах, эрчим хүчний компаниудын хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг хэмнэх, дотоод хэрэгцээний цахилгаан болон дамжуулах, түгээх сүлжээний алдагдлыг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Ингэснээр жилд дунджаар 62 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт бий болгосон.

Гэвч 2019 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд үнэ тарифт өөрчлөлт оруулалгүй тогтвортой мөрдөж ирсний улмаас 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөгийн, 2021 оны 78 тэрбум төгрөг, 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 168.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажилласан. 

Цахилгааны дундаж үнэ болох 175.0 төгрөг/кВт.ц-ийг 28-30 хувиар нэмэгдүүлж, бодит өртөгт нь нийцүүлэх шаардлага үүсээд байна" гэж мэдээлж байв.

2022 онд эрчим хүчээ 224төгрөгөөр үйлдвэрлэж байсан Монгол Улс өдгөө 243 төгрөгөөр үйлдвэрлэчихээд, 175 төгрөгөөр зараад байвал ямар ашиг гарах билээ. Үйлдвэрлэлийн өртөг зардал өссөөр байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, талхыг 1000 төгрөгөөр үйлдвэрлэчихээд, 500 төгрөгөөр зараад байвал тэр үйлдвэр дампуурахаас өөр аргагүйд хүрнэ. Яг ийм л нөхцөл байдал эрчим хүчний салбарт тулгамдаад буйг засаг төр, улс төрчид ойлгохыг хүсэхгүй байгаад асуудлын гол бий юм. 

Эрх баригчид, улс төрчдийн үхтэлээ айж буй асуудлуудын нэг нь эрчим хүчий үнэ тарифыг нэмчихвэл сонгуулиар өөрсдийг нь сонгох хүнгүй болно гэсэн болгоомжлол, амин хувиа хичээлт. Үүний уршгаар эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж, эргэж сэргэхгүйгээр уналтад ороход туйлын ойрхон байна.

Ядаж өртөгтэйгөө ижил, доод тал нь 224 төгрөгөөр зарах хэрэгтэй юм. Цаашлаад эрчим хүчний салбарыг илүү ашигтай ажиллуулахын тулд 230, 240 төгрөгөөр зарах шаардлагатай болно. 

Эрчим хүчний салбар хараат бус, бие даасан байх ёстой. Тиймээс эрчим хүч тусгаар тогтнолын баталгаа юм шүү гэдгийг иргэн бүр ойлгох хэрэгтэй.  

Шийдвэр гаргах түвшинд аль нэг, нам улс төрийн хүчнээс үл хамаарч, энэ салбар алдагдалгүй ажиллаж байж бид тасралтгүй, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангагдах учиртай. Улмаар эрчим хүч бол бидний аюулгүй байдал гэж алсын хараа болгон хараад, шийдвэр гаргах хэрэгтэй юм.

Энэ салбарыг эрсдлээс сэргийлэх, хүн амын эрчим хүчний хэрэгцээ шаардлагыг бүрэн, баталгаатай хангахын тулд бүтцийн босоогоос гадна хэвтээ задаргаа явуулах хэрэгтэйг экспертүүд хэлж буй юм. Үүнд эрчим хүчний үйлдвэрлэлийн олон шинэ нийлүүлэгч, түгээгчтэй болох, дамжуулах компанидаа хөрөнгө оруулалт хийж, хүч чадлыг нь нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах шаардлага багтаж байна. Үүний тулд юуны өмнө 

нүүрсний уурхай, цахилгаан станцуудын үйл ажиллагааг ашгаар нь хэмжих, үнийг наад зах нь зардлаа хасаад, 10 хувийн ашигтай байхаар тооцох шаардлагатай. 

Мөн бүх компанийн хувьцааны 51 хувийг хөрөнгийн бирж дээр борлуулах, тэгэхдээ нэг эзэмшигч таваас илүү хувь авахгүй байхаар зохицуулвал зардлын хяналтын тогтолцоо бүрдэнэ гэж эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд тооцоолсон байдаг юм билээ.

Зөвхөн ашигтай салбарт л хөрөнгө оруулагчид, шинэ тоглогчид орж ирдэг. Өнөөдрийн байдлаар шинэ станц байгуулах олон зөвшөөрөл бий ч “Оюу Толгой” компанийн Тавантолгойн станцаас бусад нь хэрэгжих боломжгүй аж. Тод жишээ нь, 20 жил ярьж, 10 удаа шавыг нь тавиад алга болсон 5-р цахилгаан станц гэж эдийн засагч Д.Жаргалсайхан бичсэн нь бий. 

Гашуун туршлагаасаа суралцаж, зах зээлийн үнэлгээнд шилжүүлж, эрчим хүчний салбараа, эдийн засгаа эрчимжүүлэхгүй бол Монгол Улс гал алдахгүй гэх баталгаа алга. 

Улс орны амин чухал хэрэгцээт эрчим хүчний салбартаа хоноцын сэтгэлээр хандахгүй байхсан.