19 настай залуу Адилан хоёр сарын хугацаанд далайд ганцаараа хөвсөний эцэст гэр бүлийнхэндээ эсэн мэнд эргэн иржээ. 

Түүний урьдчилан төлөвлөөгүй, гэнэтийн аялал 7 дугаар сарын дундаас Манадагийн умард эргээс эхэлжээ. Адилан модон оромжтой завин дээр зургаан сарын турш гэрэл тусгах ажил эрхлэхээр очсон байна.  Уг гэрэл нь цахилгаан үүсгүүрээр ажилладаг ба шөнийн цагаар загаснуудыг өөртөө татах зорилготой аж. 

Тус завийг эргийн ойролцоо бетонон блокноос бэхэлдэг бөгөөд алслагдсан завин дээр түүний ажил олгогч нь долоо хоног бүр ус, хүнс, шатахуун хүргэдэг. Мөн түүний барьсан загасыг цуглуулахаар очдог байжээ. 

Нэг өдөр хүчтэй салхи Адиланы завины бөхөлгөөг тасалснаар тэрээр ямар ч сэлүүргүй учир алслагдан холдсон байна. Тус байгалийн үзэгдлээс болж Адилан амьд гарах шалгууртай тулж, ганцаараа 49 хоногийг далайд өнгөрүүлжээ.

Түүний хоол хүнс дуусахад тэрээр загас барьж, хувцасаа ашиглан далайн усыг шүүн ундандаа ашигладаг байжээ. Замдаа 10 гаран усан онгоцтой тааралдсан боловч түүнийг огт анзаараагүй байна. Хэд хэдэн удаа далай руу үсрэн гай зовлонгоо төгсгөл болгоё гэж бодсон боловч “Гай зовлон тохиолдвол залбир” гэж хэлдэг эцэг эхийх нь дуу хоолой сонсогдох шиг болсон гэдгийг Адилан хэлжээ . 

Өнгөрсөн 8 дугаар сарын 31-нд тэр нэг усан онгоцтой тааралджээ. Азаар тэд анзаарсан боловч хүчтэй давалгаа аврахад бэрхшээлтэй болгосон гэнэ. Адилан завинаасаа үсрэн усан онгоц руу сэлж аврагдаж чадсан байна. Түүнийг Японы эргийн харгалзагч онгоц авран, эмнэлгийн тусламж үзүүлжээ. Адиланы амьд үлдэж, аврагдсан түүх олон хүмүүсийн анхаарлыг татсан бөгөөд түүнийг аварсан Арпегио багийнханд талархалаа илэрхийлсэн байна.