2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгүүдэд хамрагдах хүүхдүүдийг өнөөдөр буюу 7 дугаар сарын 22-ноос цахимаар бүртгэж эхэллээ. 

Энэ талаар нийслэлийн Боловсролын газар, Мэдээлэл технологийн газраас мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдах нийслэлийн 2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэнэ. 2019-2020 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90.000 хүүхэд, төрийн бус өмчийн 450 цэцэрлэгт 33.000 гаруй хүүхэд суралцах төлөвтэй байна. 

https://tsetserleg.ulaanbaatar.mn/ сайтаар нэвтэрч бүртгүүлнэ. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд дүүргийнхээ Боловсролын хэлтэст хандаж, зөвлөгөө авч хүүхдээ бүртгүүлэх боломжтой. Цахим бүртгэл 8 дугаар сарын 22-ныг хүртэл 30 хоногийн хугацаанд үргэлжилнэ. 8 дугаар сарын 23-нд цахим элсэлтийн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулна. 

Энэ жилийн хувьд 2 настай буюу 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс тус оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд бүртгүүлэх боломжтой" гэдгийг нийслэлийн Боловсролын газраас мэдэгдлээ.


Цэцэрлэгийййн цахим бүртгэл өнөөдөр 09.00 цагаас эхэлсэн бөгөөд 10 цаг 33 минутын байдлаар 4033 хүүхэд бүртгүүлсэн байна. Цахим бүртгэлийн дараа цахим элсэлтийг зохион байгуулахдаа хяналтын тооноос хэтэрсэн тохиодолд санамсаргүй түүврийн арга ашиглана. Хүүхдүүд цахим элсэлтэд сонгогдоод цэцэрлэгтээ элссэн тохиолдолд бүртгүүлсэн гар утасны дугаарт нь мэссэж илгээнэ. Мөн цэцэрлэг дээр нь тус мэдэээллийг ил тод байршуулна. 

Цахим бүртгэлийн давуу тал нь 24 цагийн турш хаанаас ч бүртгүүлэх боломжтой бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэх гэж хэд хоног дугаарлаж, хүндрэл үүсгэдэг асуудал байхгүй болсон. 

Цахим бүртгэлд анхаарах гол зүйл нь хамран сурах тойрог буюу хаяг. Хүүхдийн төрсөн эхийн хаягаар хамран сурах тойргийг тогтоосон. Хүүхдийнхээ регистерийн дугаарыг системд оруулахад танай байнга оршин суугаа хаягийн мэдээлэл, хамран сурах тойрогт хамаарах цэцэрлэгүүдийн мэдээлэл гарч ирнэ. Та үүнийг шалгаад зөв гэж үзсэн тохиолдолд бүртгэлийн код гар утсанд тань мэссэжээр ирнэ. Тухайн кодоо системд бүртгүүлснээр цахим бүртгэлд хамрагдах юм.

Бүртгүүлсэн эсэхээ https://tsetserleg.ulaanbaatar.mn/ сайтын бүртгэл шалгах цэснээс хянах боломжтой" гэдгийг Мэдээлэл технологийн газраас онцоллоо.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.


Та энд дарж хүүхдээ бүртгүүлнэ үү.