Хүүхдийг зөвхөн багш нар л сургаж хүмүүжүүлэх үүрэгтэй биш. Зөв хүн болгож төлөвшүүлэхэд эцэг эх, багш, хүүхдийн хамтын ажиллагаа чухал. Үнэнийг хэлэхэд манай эцэг эхчүүд дунд “Зааж сургах нь багшийн л хийх ажил. Хэрэв хүүхэд сураагүй бол багшийн буруу” гэсэн буруу ойлголт, дутагдал бий. Энэ асуудлыг тун энгийнээр шийдэж, амжилттай хэрэгжүүлж буй жишээг та бүхэнтэй хуваалцъя.

Энэ удаа манай сурвалжлах баг Багануур дүүргийг зорилоо. Хотын төвөөс 130 гаруй км-ийн зайд орших тус дүүргийг зорьсон шалтгаан маань 235 дугаар цэцэрлэг. 

Энд хотын төвийн, улс, хувийн аль ч цэцэрлэгт төдийлөн заагаад байдаггүй боловсролын шинэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Монгол хүүхдийн нас, сэтгэлгээний онцлогт тохируулсан арга барилаар танин мэдэх энгийн суурийг тавьдаг нь энэхүү хөтөлбөрийн онцлог юм. Давуу тал нь хүүхэд тоглонгоо суралцдаг бас эцэг эхчүүдийн оролцоотой.

Тус цэцэрлэг дөрвөн бүлэгтэй. 150 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэхэн цэцэрлэг. Бүлэг бүрт хүүхдүүдийн насны онцлогт тохирсон хөтөлбөр боловсруулж, хичээл заадаг байна. 

Бичлэг үзэх:


Хүүхэд байгаа орчныхоо ширхэг цааснаас ч суралцдаг …

235 дугаар цэцэрлэгийн үүдээр ормогц олон өнгийн цэцэг навч, гараар урласан өнгөлөг бүтээлүүд угтлаа. Сурагчдын зурсан зураг, баримлаар хийсэн бүтээлч ажлуудыг шатны хонгил, коридорт нь ч багтах зайгүй болтол ирийтэл өрсөн нь нүдэнд дулаахан.

Ямар ч үнэтэй тоглоом, үзүүлэнгийн материалаас илүү хүүхдүүдийнхээ бүтээлээр л цэцэрлэгээ гоёж гангалах дуртай” гэсээр биднийг угтсан хүн бол тус цэцэрлэгийн ахлах бүлгийн заах аргач багш Г.Цэвэлмаа юм. Энэ жил тэрбээр ахлах бүлгийн бяцхан шавь нартаа “Монгол ахуй” сэдэвт төсөлт хөтөлбөрийг зааж байна. Гэхдээ Монгол ахуйгаар бүрэн тохижуулсан анги танхимаар энэхүү хөтөлбөр хязгаарлагдахгүй. 

Цэцэрлэгийн хүүхэд болгоны цүнх, шүүгээ, ор гудас дээр хэзээний л мэдэх баавгай, дэгдээхэй, морь зэрэг байнга хэрэглэгддэг амьтдын дүрсний ашигладаг шүү дээ. Г.Цэвэлмаа багш үүний оронд хүүхдийнхээ таних тэмдгийг хөөрөг, дашмаг, цацал, домбо, ташуур гээд монголын ахуйн уламжлалт эд зүйлсийг сонгожээ. 

Харахад ганцхан таних тэмдэгийг сольсон энгийн ажил мэт харагдавч хүүхдэд ёс уламжлалаа таньж мэдэхэд туслах сургалтын материал юм. Хүүхэд бүр өөрийн таних тэмдэгээ нэрлэж, ямар зориулалтаар хэрэглэдгийг нь ярьж өгнө. 

Жишээ нь домбоны зурагтай таних тэмдэгтэй хүүхэд түүнийгээ зурж, баримлын шавраар хийж, түүнтэй холбоотой шүлэг, дуу сурч, зүйр үгсийг цээжилдэг. Үүгээр дамжуулж бяцхан үрсдээ монгол уламжлалаа таньж мэдүүлэх зорилготой.

Багш нар нь эдгээр сургалтын материалыг хийхэд маш их цаг зарцуулсан нь бүтээлч ажлуудаас нь харагдана. Тэмдэг тус бүрд танилцуулга бэлтгэж, заавар номд яаж зурах, баримлын шавраар хэрхэн хийх вэ гээд бүх дарааллыг нэг бүрчлэн гараар хийж тавьжээ. Хоёр давхарын коридор тэр чигтээ хөрөг, даалин, домбо тэргүүтний зураг, баримлаар дүүрсэн байлаа. Хүүхдүүд юу шинээр сурч мэдсэнээ улирлын төгсгөлд ээж аав, ангийхандаа танилцуулж, илтгэл тавьдаг гэнэ. 

Дөнгөж дөрөвхөн настай хүүхэд илтгэл тавьдаг гэвэл итгэх хүн ховорхон л байх. Биднийг очиход улирлын төгсгөл дөхөж байгаа гээд хүүхдүүд бүгд илтгэлдээ бэлдэж, зургаа тайлбарлацгааж байв. Энэ нь зөвхөн монгол ахуйгаа тайлбарлах явц биш хүүхдийн хэл яриаг дэмжиж, хөгжүүлж байгаа хэлбэр юм.

Тэдний нэг нь Н.Сэргэлэн хүү. Энэ улирал тэрээр даалин сэдвийг сугалжээ. “Даалинг хоргой дурдан, бөс даавуугаар хийдэг. Ихэвчлэн өлзий хээгээр чимэглэдэг…“ гэж хэвлүүхэн ярьж тайлбарлах нь өхөөрдөм. 

Тэд хэдийнэ монгол ахуйтай танилцаж түүнийгээ мэдлэг болгожээ. Хүүхдүүд нэгнийхээ өмнө ярьж сурсан тул ичиж, сандрахаа больж, нээлттэй ярилцаж байгаа нь илт анзаарагдаж байлаа.

“Оюуны оньс” сургалтын хөтөлбөр

Цар тахлын үе буюу өнгөрсөн хоёр жил удаан хугацаанд гэртээ “хоригдсон нь” бага насны хүүхдийн хөгжилд төлөвшилд сөргөөр нөлөөлж байна. Эцэг эхчүүд ч “Хүүхэд сурч мэдсэн зүйлгүй “зэрлэгшиж” гүйцлээ” гэх яриаг сошиал орчинд өрнүүлсэн. Тэгвэл цар тахлын хүнд нөхцөлд ч 235 дугаар цэцэрлэгийн багш нар гар хумхиж суусангүй. Хэдийгээр өөрсдөө ажиллаж чадахгүй байгаа ч эцэг эхчүүдтэйгээ хамтарч “Оюуны оньс” сургалтын хөтөлбөрийг боловсруулжээ.


Гэртээ уйдаж суугаа хүүхдүүдийнхээ хөгжилд санаа зовсон  багш нар арга сэдсэн нь “Оюуны оньс” хөтөлбөр байв. Эцэг эхчүүдэд ч энэ тухайгаа дуулгахад тэд дуртайяа хүлээн авчээ. 

Ингэж эцэг эхийн оролцоогоор дамжуулж хүүхдийг хөгжүүлэх зорилгоор “Гэрээр сургагч багш” бэлтгэж эхэлсэн ажээ.Хүүхэд бүрийг суралцах, танин мэдэхэд нь гэрийнх нь хэн нэгэн нь сонгогддог. Багш нар тэдэнд хоёр өдөр цахимаар чиглүүлэх сургалт орж, “Гэрээр сургагч багш” гэрчилгээ олгожээ. Бүр цэцэрлэг, гэрээр сургагч багш хоорондын “Итгэлцэлийн гэрээ” хүртэл байгуулсан байна. Энэ нь нэр зүүгээд өнгөрөх биш аль аль талдаа хариуцлагатай байхын тулд хийсэн тэдний арга. 

Ийнхүү гэрээр сургагч багш бэлтгэхийн ач холбогдлын талаар 235 дугаар цэцэрлэгийн эрхлэгч М.Нэргүй ярилаа. Тэрбээр:

“Хүүхдүүд цэцэрлэгт сурах боломжгүй болсон сүүлийн хоёр жилд, одоо ч гэр бүлээс хэн нэг нь заавал хүүхдээ харж хандаж байна. Гэртээ байна гэдэг нь өдөржин утас тоглож, зурагт үзэж дэмий өнгөрүүлэх шалтаг биш шүү дээ. Нэгэнт л хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлж, хамт байгаа ээж аав, өвөө эмээ, ах эгч нь чиглүүлж, шинэ зүйлд сургах хэрэгтэй. 

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ тухайн хүүхдийн гэр бүлийнхний хариуцлагыг нэмэгдүүлж байгаа юм.” гэлээ.

“Гэрээр сургагч багш” хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн хамгийн ахмад нь 64 настай өвөө, бага нь 14 настай охин гэнэ. Нас насны ялгаа байгаа ч сурах арга барилын хувьд яг л багшийн зөвлөснөөр зааж сургадаг. 

“Оюуны оньс” сургалтын хөтөлбөр заавар ном, эвлүүлдэг тоглоом, дасгал ажлын ном гээд зургаан хэсгээс бүрдэнэ. Номын агуулгыг 235 дугаар цэцэрлэгийн багш нар өөрсдөө бэлтгэхийн зэрэгцээ бүгдийг гараараа хийжээ. 

Үр дүнд нь “Зайнаас ажилласаар хүүхдүүдтэйгээ жилийн дараа уулзахад ямар ч хичээлийн хоцрогдолгүй. Дэвтэр цааснаас хөндийрсөн шинжгүй. Харин ч цэцэрлэгээ санасан, сурах хүслээр дүүрэн хүүхдүүдээ хараад бид хийсэн ажлаараа бахархсан” хэмээн цэцэрлэгийн эрхлэгч М.Нэргүй ярьж байлаа. 

Өдөрт 6 цагийг хүүхдэдээ зарцуулдаг 

“Гэрээр сургагч багш” нарын нэг нь Багануур дүүргийн иргэн Б.Баяраа юм. Тэрбээр 3 настай Б.Түвшинзаяа охиныхоо багш болох үүрэг хүлээжээ. Энэ тухайгаа тэрбээр “Манайх шинэ хүнээ хүлээн авсан тул би энэ ажилд хуваарилагдсан. Цэцэрлэгийн хуваарийн дагуу ажлын 5 өдөр сургагч багшийн ажлаа хийж, багшилна шүү дээ. Охиндоо хичээл заадаг болсноос хойш их зүйлийг сурч авч байна. Өмнө ерөөсөө  хүүхдэдээ цаг зав гаргадаггүй байжээ.” хэмээн инээмсэглэн ярьж байна. 

Б.Баяраа сургагч багш болсноосоо хойш өдөрт багадаа 6 цагийг охиндоо зарцуулдаг болжээ. Хэдийгээр ээлжийн ажилтай ч гэсэн ямар ч үед охиныхоо хичээлийг хойш тавьдаггүй гэнэ. Эцэг эхчүүдийг зөв чиглүүлж, хүүхдийнхээ төлөө заавал хийх зүйл гэдгийг ойлгуулж чадвал тэд багшаас дутахгүй зааж, суралцаж чаддаг аж.

Энэ талаар Б.Баяраа “Эхлээд ч багшилна гэж зөндөө хөглөсөн. Багш нарынхаа зааврыг сонсоод суралцаад явж байна. Хэр багшилж байгаагаа, заах аргынхаа буруу зөвөө асуухын тулд багштайгаа долоо хоногт гурван удаа цахимаар холбогдож, ярилцдаг. 


✔ Даваа гарагийг багшаа сонсох өдөр болгожээ. Энэ өдөр цэцэрлэгийн багш нь хүүхэд хэрхэн суралцаж байгааг үнэлж, дүгнэдэг байна. Үр дүнгээ хэмждэг гэсэн үг.  

✔ Лхагва гарагийг сургагч багшийг сонсох өдөр гэдэг юм. Надаас санал сэтгэгдэл сонсож, асууж тодруулах зүйлд маань багш нар хариулж, зөвлөдөг.” гэв. 

✔ Харин баасан гараг хүүхдээ сонсох өдөр. Шүлгээ цээжилж үү, дуугаа дуулж сурч уу үгүй юу гэдгийг шалгана. 


Б.Баяраа “Энэ өдөр тухайн долоо хоногт яаж ажиллав гээд дүгнэлт гаргадаг. Ингээд багштайгаа холбоотой байж, сайн хамтран ажиллаж чадвал хүүхдээ хоцроохгүй, энэ хүнд өвчинтэй үед заавал гэрээс гаргаад байхгүй амар байна. Манай охин гэхэд өнгөрсөн өвлөөс хойш дандаа гэрээсээ суралцсан. Ангийнхаа хүүхдүүдтэй яг ижил түвшинд яваа.” хэмээн итгэл дүүрэн хариуллаа.

Багш нар сургалтын ач холбогдлын талаар “Багш, эцэг эх, хүүхэд бол хүүхдийн хөгжлийг бүрдүүлэх тулгын гурван чулуу. Хэн хэнийх нь оролцоо тэнцүү байж суралцах суурь тавигдана шүү дээ. 

Хэдийгээр хөл хорио, цар тахлын нөхцөл амаргүй байсан ч сайн талаас нь харвал эцэг эх, хүүхдийн харилцааг нэмэгдүүлэх боломж гэж харсан.” хэмээн ярьж байна. Өмнө эцэг аргадаж учирлаад ч ойлгуулж чаддаггүй байсан бол “Оюуны оньс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш эцэг эхчүүдийн хандлага эрс өөрчлөгдсөн” хэмээн цэцэрлэгийн эрхлэгч М.Нэргүй багш ярилаа.

Сонирхлыг татаж байж сурах сэдлийг төрүүлнэ

Хүүхэд гэдэг тоглонгоо суралцдаг гэдгээрээ онцлог. Өөрөө туршиж үзэх тусмаа сониучирхаж аливааг танин мэдэх хүсэлдээ хөтлөгддөг. 

Бидний танилцсан дараагийн анги бол Г.Хэрлэн багштай бэлтгэл бүлэг юм. Энэ улиралд “Алаг цэцэгс” төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ. Хүүхдүүд мөн л өөр өөрсдийн цэцгийг сонгон авч, тал бүрээс нь судална. 

Баримлын шавраар, хаягдал цаасаар, 3D тоглоомоор гээд нэг цэцгээ лав 4,5 өөр зүйлээр бүтээжээ. Хүүхдүүд нэг нэгнийхээ бэлдэхийг харсаар багадаа л 10 гаруй цэцгийн нэрлэж, таньж сурчээ. Мэдлэгийг нь бататгахын тулд янз бүрээр хийлгэж, сүүдрийг нь таалгах зэргээр дасгал ажиллуулдаг гэнэ. 

Ингэж цэцэгсийг ялгаж таниулж сургах нь танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой. Бас сэтгэхүй хөгжиж,  хэлбэр дүрс, өнгөнрихй мэдрэмж сайжирдаг хэмээн Г.Хэрлэн багш онцоллоо. 

Сургалтын хөтөлбөр заах арга барилынхаа талаар эрхлэгч М.Нэргүй “Сургуулийн өмнөх насныхны хувьд тоглох нь үндсэн ажил нь. Энэ насны хүүхдүүдэд тоглонгоо сурах сэдэлтэй болгох нь багш бидний үүрэг. Хүүхэд гэдэг сонирхлыг нь татсан зүйлийг л судалж, суралцдаг. Тэгэхээр бид хүүхдийн сонирхлыг татах, шинэлэг зүйлсийг л байнга туршдаг, судалж, шинжилдэг, хүүхдээсээ суралцдаг байх нь чухал байна. 

Саяхныг хүртэл цэцэрлэгийг ээж аав нь байхгүйд асардаг, цаг өнгөрүүлэх газар гэж хардаг байсан бол энэ хандлага өөрчлөгдсөн. Цэцэрлэг бол сургалтын орчин. Хүүхдийг бага гэж голохгүй санаа бодлыг нь сонсдог, сурах хүсэл эрмэлзлийнх нь суурийг тавих газар байх ёстой” хэмээв. 

Түүнийг энэ үзэл бодолдоо эргэлт буцалтгүй итгүүлсэн хүн бол тус цэцэрлэгийн таван настай хүү байжээ. Энэ тухайгаа тэрбээр:

“Хоёр жилийн өмнө бэлтгэл бүлгийнхэн “Амьтны ертөнц” төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.. Тухайн үед хүүхэд бүрд нэг нэг амьтан оноосон хэрэг л дээ. Улирлын тайлан тавих өдөр динозаврыг бүтэн улирлын турш судалж бэлдэж судалсан хүү, эцэг эхчүүдийн өмнө гараад “Би динозавр гэдэг амьтан судалсан. Гэхдээ би өнөөдөр ангийн найзынхаа сугалсан тэмээний талаар та бүхэнд ярьж өгмөөр байна. Тэмээ бол говьд амьдардаг, усгүй хэд хонох чадалтай…” гээд л дуржигнуулж өгсөн. Тэр хүүгийн яриа одоо ч чихэнд сонсогддог юм. Үүнээс хойш хүүхдэд сонирхсон зүйлийг нь хөгжүүлэх нь ямар чухал гэдгийг бат ойлгосон”  хэмээн ярьсан юм.

Хийе гэвэл арга олдоно…

235 дугаар цэцэрлэгийн анги танхим бүр өөрсдийн агуулгаа илэрхийлсэн тохижилттой. Монгол ахуй, Алаг цэцэгс, Бяцхан тогооч, Миний орчин, Туршилт танин мэдэхүйн өрөө гэсэн үндсэн таван анги бий. Сургалтын хэрэглэгдэхүүн, ангийн тохижилтын бүхий л эд зүйлийг багш нар өөрсдөө хийжээ. 

Анх харахад их л үнэ өртөг шингэсэн ажил гэж харсан зүйлсийг багш нар гарын доорх материалаар л хийчихсэн гэв. Тухайлбал хөөсөөр, эко будгаар бүрээд л том хана дүүрэн дэхийн газрын зураг хийжээ. Хүүхдийн аюулгүй байдлыг бодож зөөлөн дэр, буйдангуудыг ч материалаа худалдаж аваад багш нар өөрсдөө оёжээ.

Цэцэрлэгийн эрхлэгч М.Нэргүй “Орчноо бүрэлдүүлж байж л хичээлээ заана, хүүхдээ сургана гэсэн нийтлэг дутагдал багш нарын дунд бий. Бидний хувьд 2016 онд нээгдсэн цагаасаа хойш багш, сурагчдынхаа бүтээлээр бага багаар нэмсээр байгаад дотоод тохижилтоо хийсэн. Хүүхдүүдэд хэдэн арван саяар худалдаж авсан тоглоомоос өөрсдийнх нь хийсэн бүтээл илүү үнэ цэнтэй. 

Нуулгүй хэлэхэд зөндөө мөнгө төсөвлөж тавилга, тоглоом авсан. Тэрийгээ эвдчихвий гэж айсандаа хүүхдүүдээс нуудаг цэцэрлэг бий. Өөрсдөө бүтээл хийж тохижуулаад, эвдсэн ч хамтдаа засах нь хүртэл хүүхдүүдийг төлөвшүүлж байдаг юм шүү дээ.” гэв. 


Хурдхан шиг цэцэрлэгтээ явах юмсан гэж яардаг тийм л орчинг бүрдүүлнэ

Сурах сэдлийг өгөхийн тулд сонирхлыг нь татах чухал. Бага насны хүүхдийн сонирхлыг хэлбэр, өнгө дүрсээр л татна шүү дээ. Хүүхдүүд цэцэрлэгтээ явах юмсан гэж яардаг тийм л орчин бүрдүүлэхийг энэ хамт олон зорин ажиллаж байна.


'Хийе гэвэл арга олдоно гэдэг үгийг баталгаа болсон энэ хамт олон гаднаа ч дотроо хийж бүтээсэн зүйлдээ, яах аргагүй улсын жишиг болохоор цэцэрлэг. Ингэж их хичээж ажилладгийнх нь шалтгаан ердөө л хүүхдээ гэсэн багшийн сэтгэл. 

М.Нэргүй багш хүн болох суурь хүмүүжилд цэцэрлэгийн нас хамгийн чухал гэдгийг онцоллоо. 

Тэрбээр хүний насан туршийн амьдралын эхлэл учраас хүүхэд бүрд тулж ажиллаж, анхаарал халамж ёстой хэмээсэн юм. “Z үе гээд л ярьж байтал альфа гээд шинэ үеийнхэн гараад ирлээ. Олон улсын эрдэмтэд энэ үеийнхнийг 100 насална гэж үзэж байна. 

Тэгвэл 100 наслах хүний суурийг бид зөв тавихгүй бол нийгэмд ямар хүн гарах вэ? Хэдхэн жилийн өмнө хүний төлөвшлийн 70 хувь нь 0-7 насанд тогтдог гэж үзэж байсан бол саяхнаас  0-5 насанд 85 хувийг олж авдаг гэсэн судалгаа гарлаа. Тэгэхээр нэгд гэр бүлийн орчин, хоёрдугаар цэцэрлэгийн орчин хамгийн чухал болж байна. Гэр бүлээсээ гараад нийгмийн харилцаанд орж байгаа анхны хүмүүс нь цэцэрлэгийн багш учраас бид хамгийн гол нөлөөлөгч нь байх учиртай” хэмээн хариулсан юм.