“Хүүхдүүд маань жил ирэх тусам сурлагадаа ахиц гарган сурч, нийгэмшиж байна”

/Арвайхээр 2–р сургуулийн 5а бүлгийн Багш А.Бунддулам/


Манай сургууль Хүүхдийг Ивээх Сангийн “Хүүхэд бүрийг тэгш хамран сургах” төсөлд  хамрагдаад тав дахь жилдээ хэрэгжүүлж байна. 

Миний даасан 5-р анги 39 сурагчтайгаас нэг хүүхэд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэдэг. Энэ хүүхэд маань 2-р ангиасаа эхлэн манай ангид шилжин суралцаж байна. 

Дээрх төслийн хүрээнд миний бие тэгш хамруулах боловсролын арга зүйн сургалтанд хамрагдсанаар энэ сурагчтайгаа ганцаарчилсан сургалтын арга зүйгээр хэрхэн ажиллах тал дээр дэвшил их гарч байна. 

Ганцаарчилсан сургалтын хөтөлбөрөөр хичээллэснээрээ сурагч маань технологийн багшийн дэмжлэгээр гарын доорх материалаар бүтээл хийж сурсан. Тэрээр ирэх жил дунд ангид дэвшин суралцана. Энэ хүүхдийн хувьд хөгжлийн түвшинд нь таарсан сургалтын арга зүйгээр тохируулж ажиллах, хүүхдийн дотоод ертөнцийг танин судалж мэдсэнээрсурахад нь маш ихээр дэмжлэг болж байгаа юм. 


 “Хүүхдээ маш сайн судалсан байх хэрэгтэй”

/ЕБС 2-р сургуулийн Бага боловсролын сургалтын менежер  Д.Балжинням/


Японы Xүүхдийг ивээх сангийн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төсөл манай сургууль дээр гурван жил хэрэгжинэ. Манай сургууль 2450 сурагчидтай үүнээс 45 хүүхэд тусгай боловсролын бүлэгт суралцаж байна. Нийт 45 хүүхдийн 18 нь бага бүлэгт, 27 сурагч дунд ангид хичээллэдэг.

Тусгай бүлгийн ангийн хүүхдүүд сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлээ явуулдаг бол энгийн ангид суралцаж буй хүүхдүүд ганцаарчилсан сургалтын хөтөлбөрөөр суралцдаг.Ганцаарчилсан сургалтанд хамруулахын тулд хүүхдээ маш сайн судалсан байх ёстой. Жишээ нь: Бэрхшээлийнх нь онцлогоос шалтгаалан ямар хэрэгцээнд нь тулгуурлаж тухайн хүүхдэд ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ гэдгийг судлан ГСТ хөтөлбөрөө боловсруулдаг.Ганцаарчилсан сургалтын хөтөлбөрөөр хүүхдүүдийн ахицыг үнэлж үзэхэд хүүхдүүд өдрөөс өдөрт ахицтай сурч байна.

Төслийн хүрээнд хүүхдүүдээ эрүүл мэндийн салбар комисоор үзүүлж оношлуулснаар ямар тусгай хэрэгцээ дээр тулгуурлан хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлдог. 

Хүүхдүүдийнхээ түвшиндтохируулан багш нар ГСТ /ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө/ боловсруулан эцэг эхчүүдтэйгээ хамтран бусад энгийн хүүхдүүдийн хамт  өдөр тутмын дэмжлэг үзүүлж, заах арга зүйгээ тохируулан ажиллаж байгаа юм. Тусгай хэрэгцээт бүлгийн ангид жил бүр хүүхдүүд нэмэгдэн орж ирдэг тул эдгээр сурагчид дунд ангид энгийн хүүхдүүдтэй хамтран суралцаж улмаар 9–р анги төгсөөд мэргэжил сургалтын төвд суралцах, мэргэжил эзэмших бололцоо бий болж байдаг. 

Цаашид эцэг эхчүүд тусгай хэрэгцээт ангид хүүхдээ сургахдаа эрүүл мэндийн салбар комиссоор сайн оношлуулжбайвал тухайн хүүхэд энгийн хүүхдүүдтэйгээ амархан нийгэмшиж хөгжихөд дэмжлэг болно гэдгийг хэлье. 

Мөн манай сургууль дээр хэрэгжиж байгаа Японы хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэй “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төсөл аймгийн бүх сургуулиуд дээр хэрэгжээсэй гэж хүсэж байна даа.

“Тусгай хэрэгцээтэй хүүхдийг бусад хүүхдүүдтэй хамтатган сургахад илүү анхаарал дэмжлэг шаардлагатай байдаг”

/ЕБС 2-р сургуулийн 2а ангийн багш Д.Наранхүү/ 

Манай анги 44 сурагчидтай. 2 хүүхэд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэж байна.Ангийн маань хоёр хүүхэд нэг нь тулгуур эрхтний нөгөө нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд юм. Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдийн хувьд бусад найзуудынхаа  хамт сайн сурч байгаа бол сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хувьд ганцаарчилсан хөтөлбөрөөр суралцаж байна. 

Энэ нь тусгай хэрэгцээт сургалтын арга зүйгээр ганцаарчилсан хөтөлбөрөөр илүү олон цаг зарцуулж багш хүүхэдтэйгаа ажиллана гэсэн үг. Аль болохоор хүүхдээ илүү өөрийнх сонирхолоор нь суралцуулахыг хичээдэг. 

Багш заах арга барилаа хүүхдэдээ тохируулж ажилласнаардээрх сурагч маань үг, үсгээ үелэн сурч унших чадварыг эзэмшсэн. Танхимаар хүүхдүүд их зүйлийг сурдаг болохыг бид цахим хичээлийн үеэр лмэдэрсэн.Тусгай хэрэгцээт сургалттай хоёр хүүхэдтэй ганцаарчилсан сургалтаар ажиллахад хоёр дахин илүү цаг, чармайлт багшаас шаардагддаг.

Бид “172 шинэлэг санаа” номын арга зүйгээр эцэг эхчүүдтэйгээ хамтран ажиллаж байна. 

Манай ангийн хоёр хүүхэд ангийн хүүхдүүдтэйгээ зэрэгцээд сураад ирэхээр өөрсдийгөө илэрхийлэх, унших, бичих, үзгээ зөв барих гээд чадварууд нь илт ахиж, өөр орчинд сураад ирэхээр сурах эрмэлзэлтэй болдог. Бид тухайн хүүхдийг түвшинд нь тохирсон ГСТ хөтөлбөртэй болгосноор тэдэнд их дэмжлэг болсон.


 “Тус төслийн санаачилгаар сургууль бүр тэгш хамруулах боловсролын чиглэлээр өөрийн үнэлгээгээ хийж ажиллана ”

ЯХИС-ийн Өвөрхангай аймаг дахь ажилтан Г.Батцэцэг

Тус төслийн хувьд 2018-2020 онд “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-1” төслийн хүрээнд Арвайхээр сумын 2-р сургууль, Уянга сумын сургуулийг сонгон авч хэрэгжүүлсэн. 

Мөн аймгийн Насан туршийн боловсролын нэгжүүд дээр дүйцсэн хөтөлбөрийн сургалт, “Гэрээр боловсрол эзэмшүүлэх” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүллээ. 

Одоо шинэ төслийн хүрээнд тусгай хэрэгцээтэй сурагчдыг бага ангиас дунд ангиддэвшин суралцах үйл явцыг дэмжих зорилготой юм.

Төсөл маань өнгөрсөн жилүүдэд бага ангийн багш нарыг тусгай хэрэгцээт боловсролын арга зүйгд суралцахад дэмжлэг үзүүлж байсан бол одоо өргөжөөд дунд ангийн багш нарыг сургалтад хамруулж байна. 

Бага ангиас дунд ангид дэвшин орж байгаа хүүхдүүдтэй ажиллахад зориулан хүүхэд хөгжлийн танхимыг тэдний нас, хэрэгцээнд тохируулан шинээр тохижуулж байна. 

Хүүхдүүд танхимтай болсноор илүү өөрсдийгөө нээх, сурах эрмэлзэлтэй болох үүд нээгдэж байна. 

Дунд ангийн тусгай хэрэгцээт хүүхдүүд маань технологийн багш нарын удирдан явуулж буй дугуйлангуудад хамрагдсанаар хүүхдүүдийн сонирхол дээр түшиглэн тэдний авьяасыг нь нээх, хөгжүүлэх, дотоод нөөц бололцоогоо ашиглан бүтээл хийж  байгаа нь сайшаалтай. 

Хүүхдүүдийн хийсэн бүтээлийг нь ч зах зээлд гаргах, тэднийг урамшуулах, хөхүүлэн дэмжих нь төслийн нэг үр дүн юм.

Цаашид аймгийн БСУГ- тай хамтран сургууль бүр өөрийн үнэлгээг:

1.Сургуулийнбодлого;

2.Сургуулийн орчин;

3.Сургалтын хөтөлбөр, арга зүй;

4.Эцэг эхийн оролцоо; 

5.Хүүхдийн оролцоо гэсэн 5 чиглэлээр тэгш хамруулах боловсролын нөхцөл байдлаа үнэлэх зорилгоор хийнэ. 

Төсөл 2021 оны 4-р сараас эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжинэ.


 “Уг төслөөс хүүхдээ сайн сонсож сурах хэрэгтэйг ойлгосон”

                                                       / Эцэг эхийн төлөөлөл Н.Баясах/

                                   

Манай хүүхэд 7–р ангид сурдаг. Энэ төслийн сургалтанд хамрагдсанаар хүүхэд бүр боловсрол тэгш эзэмших, хүүхдүүдийг ялгаварлан үзэхгүйгээр сургаж байгаад баярлаж байна. Хамгийн гол нь хүүхэд бүхэнтэй адилхан хандах, харилцах ёстой болохоор ээжийн хувьд баяртай байна. 

Манай хүүхэд хэл ярианы бэрхшээлтэй ч энгийн ангид суралцсанаар их эергээр өөрчлөгдөж байна. 

Хүүхдүүдтэй өдөр тутам харилцаж,  нийгэмшээд өөрийгөө илүү хөгжүүлж байна. Багштайгаа нягт хамтарч ажилласнаар хүүхдэд маань юу дутагдаад байна, юунд сонирхолтой байна гэдгийг мэдэж авсан. 

Одоо би ч гэсэн сургагч багш нартайгаа хамтарч хүүхдээ гэрийн орчинд яаж дэмжиж сургах талаараа илүү их мэдлэг мэдээлэл авч хүүхдээ хөгжүүлж байна.

Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах төсөлд хамрагдсанаар өөрийнхөө хүүхдийг цаашид яаж сургах, амьдрал дээр гараад ажил хөдөлмөр хийлгэх талаас чиг баримжаа авч байгаадаа сургууль, багш нартаа баярлаж явдгаа илэрхийлье. 

Хүүхдийг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхахгүй тэгш сургаж байгаа нь өөрөө сайн төсөл юм. 

Одооны хүүхдүүд Z үеийнхэн тул тэднийг өөрийн бодлоор тулган шаардахгүй, хүчээр чи тэгэх ёстой гэхгүйгээр өөрсөдтэй нь сайн ярилцаж, юу хүсэж байгааг нь ойлгосны үндсэн харилцаж байвал зүгээр юм байна гэж энэ сургалтаас сурч авлаа.Иймд бүх эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд хүүхдээ сайн сонсож, харилцан бие биеэ ойлгох хэрэгтэй гэдгийг нь уриалж хэлье дээ.