3-4 дүгээр ангийнханд долоо хоногт хоёр цаг англи хэлний хичээл орно

2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний нэмэлт хөтөлбөрөөр долоо хоногт хоёр цагаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Засгийн газраас мэдээллээ. 

Энэ хүрээнд англи хэлний нэмэлт хөтөлбөрийн сурах бичигт монгол ахуй, соёлтой холбоотой агуулгыг нэмж баяжуулан, хэвлэж хүүхдийн тоогоор нийлүүлэхэд бэлэн болжээ. 

Түүнчлэн өнгөрсөн оны хичээлийн жилд олон улсын мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулсан англи хэлний цогц хөтөлбөрийг ЕБ-ын 105 сургуулийн 3-4 дүгээр ангид туршсан байна. Ингэхдээ хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, соёл, уламжлалд нийцүүлсэн хөтөлбөрийг боловсруулж, заажээ. 

Туршилтад нийслэлийн 37, аймгийн төв, сумын 67 сургуулийн 3-4 дүгээр ангийн 37 мянган суралцагч хамрагдаж, ярих, сонсох, унших, бичих анхан шатны ур чадвар эзэмшсэн байна. 

Туршилтаар гурав, дөрөвдүгээр ангид заах англи хэлний хөтөлбөрийн тохирц, зохион байгуулалтын хэлбэрийг тохируулж, баталгаажуулсан бөгөөд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс англи хэлний хөтөлбөрийг гурав, дөрөвдүгээр ангид хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн байна.

Холбоотой сэдвүүд

англи хэл ебс 3-4 дүгээр анги

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.