3 жил 3 сарын дотор байрны зээлээ төлж дуусгасан түүх

Энэ бол 3 жил 3 сарын дотор байрны зээлээ төлж дуусгасан A.Хатанзориг, С.Энхжаргал нарын бодит түүх. Тэдний энэ туршлага, зорилгодоо хүрэхийн тулд гаргасан тэвчээр, санхүүгийн сахилга бат, байрны зээлээ төлөх гэж зүтгэж яваа залууст үлгэр дуурайл болно гэдэгт итгэж байна. Анх хуучин матраас, телевизээс өөр хогшилгүй хүүхдийнхээ юмсыг чемодонд, өөрсдийнхөө хувцасыг гялгар уутанд хийгээд тусдаа гарснаар тэдний түүх эхэлжээ. “Амьдрал хоосноос эхэлдэг, тиймээ гээд инээлдэн газан плиткан дээр хоолоо идэж суухдаа бид жинхэнэ гэр бүлийн аз жаргалыг мэдэрсэн” хэмээн сэтгэл дүүрэн ярьж байна. Хүний хийдэггүйг хийчихсэн биш, бүгд л хичээвэл, зүтгэвэл болно, энэ туршлага маань хэн нэгэнд хэрэгтэй бол хуваалцахад төвөгшөөхгүй гэж ярих тэдний хүсэлтээр зургийг нь тавьсангүй.  

МАШИН АВАХАД БИШ АЖЛЫН ХАЖУУД БАЙР АВАХАД МӨНГӨӨ ЗАРЦУУЛСАН ДЭЭР

Бид 22 настай оюутан байхдаа аав ээж болсон. Эхний гурван жилийг хоёр талынхаа аав ээжийнхээр ээлжлэн амьдарсан юм. Охин 6 сартай байхад манай хүн шинэ ажилд орж, бид хуримтлуулж эхлэв. Тухайн үед хадам аав ээж хоёр “Та 3 минь хадгаламж нээ, өөрсдийн гэсэн орон гэртэй бол” гэж  хоёр сая төгрөг өгсөн. Баярлаад хамгийн өндөр хүүтэй хадгаламж нь хүүхдийнх байсан учраас охиныхоо нэр дээр байрны мөнгөө цуглуулж эхэлсэн юм. Байр авахаасаа өмнө тэр мөнгөөрөө машин авах боломж байсан. Гэхдээ бензин тос гээд тогтмол зардал гардаг учраас азнаж, нөхрийн ажилтай цаашлаад бүх юмандаа ойрхон байр авахаар шийдсэн. Миний хувьд тухайн үед оюутан байсан учраас автобусны картыг утгаар нь ашигласан даа.  Охиноо хүртэл 2 жилийн турш таван буудлын цаана байх хуучин цэцэрлэг рүү нь автобусаар зөөсөн. Гэхдээ хувийн унаагүйдээ санаа зовж, шаналж үзээгүй. Харин ч өөрсдийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө зүтгэж яваа гэж бодохоор сайхан санагддаг байлаа. 


ИЛҮҮ ЗАРДАЛ ГАРГАХГҮЙН ТУЛД ҮРГЭЛЖ ХЭМНЭ, ГЭХДЭЭ….

Би их хэмжээний мөнгө олж байгаагүй ч нөхрийнхөө олсныг хэмнэж зээлээ дуусгахад тусалсан энгийн л нэг гэрийн эзэгтэй. Нөхөртэйгээ суухаас өмнө гадаадад сурч байхдаа хэмнэж сурсан. Бид зээлээ авсныхаа дараа өөрсдийн зүгээс шалтгаалж болох бүх хэмнэлтийг хийж байлаа. 

Барилгын чанарыг бодолцож хуучин байр авсан маань буруудаагүй. Харин усны мөнгө задгайгаар бичигдэж хэрэглээнээс илүү их мөнгө гараад байхаар нь тоолуур тавьчихсан чинь хамаагүй бага мөнгө гардаг юм байна лээ. Бас бүх гэрлээ тог бага зарцуулдаг лед гэрлээр сольсон, гэртээ шаардлагагүй бол хэзээ ч цахилгаан хэрэгсэл, залгуур, гар утасны цэнэглэгч зэргийг залгаатай үлдээдэггүй. Нойлын цаасыг боодлоор нь, барааны болон гар нүүрийн саванг багцаар нь, гурилыг шуудайгаар нь базаана. 

Анзаараад байхад ундаа чихэр зэрэг гэрийн ойролцоох дэлгүүрээс авдаг хэрэгтэй хэрэггүй жижиг зүйлс бага багаар их зардал үүсгэдэг. Гэхдээ хэмнэ гэдэг хямд муу зүйлсийг хэрэглэ гэсэн үг биш шүү. Жишээ нь чанаргүй 400 мл шампунь 3 ширхэг авч байснаас америк барааны дэлгүүрээс 1000мл-тэйг авсан нь хамаагүй хэмнэлттэй. Бас цахилгаан хэрэгсэл авахдаа тог ус зарцуулалтанд анхаардаг. Үнэтэй ч гэлээ чанартай бас тог ус бага зарцуулдаг байх чинь урт хугацаандаа бол их хэмнэлт болдог юм шүү.

Төрөхөөсөө өмнө хүртэл зах яваад метрийн даавуу авч дөрвөлжлөн хайчилж угааж индүүдэн бэлдэж тавьчихаад төрөх рүү явж байлаа. Тусдаа гарсан эхний жилдээ жижиг хувцасаа гараараа угааж томыг нь ээжийндээ ууталж очоодог угаадаг сан. 

МУНДАГ ХАНИЙНХАА ХҮЧЭЭР ГАЛ ГОЛОМТОО БАДРААЖ, ТУСГААР ТОГТНОСОН ГЭР БҮЛ МИНЬ

Бид 3 жилийн турш урьдчилгаагаа цуглуулж, найман хувийн байрны зээл гарахаас дөрвөн сарын өмнө байр авсан. Байрны үнэ хөөсрөөгүй байсан үе. 

Зээлийн эргэн төлөлтийн график

Хамгийн зоригтой нь тухайн үед үргэлж цөөхүүлээ байх биш гээд гурван өрөө байр руу зүтгэлээ. Үнэндээ нөхөр маань дурамжхан байсан. Аргагүй шүү дээ, ганцаараа ажил хийж байгаа хүн чинь. Байрны үнийг бага байхыг бодолцож засвар хийхээргүй, хийсэн ч аль болох бага засвар орох байр хайж оллоо.

Засвар хийхгүй гэдэг чинь бага ч гэсэн мөнгөө хэмнэж, урьдчилгаа ахиу төлж, зээлийн дүн бага ч гэсэн буурна гэсэн үг шүү дээ. Байрандаа ороод обойг нь сольж таазаа багахан зассан. Бидний график 10 жилийн хугацаатай, сар бүр 800 мянган төгрөг төлөх ёстой. Харин манай орлого 2-3 сая төгрөг. 

Сарын 10-нд буух цалингаасаа 200, дараагийнхаас 100 мянган төгрөг аваад үлдсэн мөнгөө шууд зээлээсээ хасуулдаг. Бүр шаардлагатай тохиолдолд сарын хэрэглээний мөнгөө жоохон илүү авч үлдэнэ. Хүү өдрөөр бодогддог, дээр нь бэлэн мөнгө байвал үрчих гээд байдаг тул хамгийн түрүүнд цалин буусан өдөр нь шууд л зээлээ төлж байсан. Ам бүл цөөтэй учир харьцангуй хэрэглээ багатай нь бидний давуу тал.


АЖИЛГҮЙ БОЛЧИХ ВИЙ ГЭЖ АЙЖ ТҮГШСЭН ҮЕ

Би оюутан байсан учраас гайгүй сурч оюутны 70 мянга, дүнгийн нэмэгдлээ авах гээд л зүтгэдэг байлаа. Тэр мөнгөө аваад гэр бүлдээ гэртээ зарцуулна гэдэг орлогогүй надад том олз. Сургалтын төлбөрөө эхний жилдээ тухайн үед гарч байсан 1072 ширхэг хувьцаагаар төлж, зөрүүг нь хань минь төлсөн. Бас оюутны 70-аараа төлдөг байсан. Дөрөвдүгээр курсэд ороход оюутны 70 мянга зогсч жилийн чөлөө авч ажил хийв. Нөхрийн ажлын байранд цомхотгол явагдаж эхлэхээр бид 2 түгшсэн хэрэг л дээ. Би ажилд орсноор гэрийнхээ хэрэглээг  дааж, нөхөр маань бүх цалингаа зээлдээ өгч байлаа.  Өвөл тусдаа гарсан болохоор хойшоо харсан тагтаа хөргөгч болгож хэсэг ашиглана.

Тусдаа гараад эхний 2-3 сар л зээлээ графикаар нь өгөөд үлдсэн мөнгөөр нь гал тогооны тавилга, буйдан, хувцасны шүүгээтэй болж өрөөнүүдээ дүүргээд л явчихсан. Ханийн минь аав ээж Монгол ёсоор галаа таслаж өгч байна гэж плитка авч өгч байлаа.

Аав минь биднийг тусдаа гарахаас 5 сарын өмнө бурхан болсон юм. Охиноо тусдаа гарахаар угаалгын машин, хөргөгчийг нь болтугай авч өгнө гэдэг сэн. Сүүлд ээж минь тэтгэврийн зээлээрээ хөргөгч авч өгөв. Дотроо аавын хэлснийг бодож шаналж явсан болов уу.


ОХИНОО ҮҮРЭЭД ХҮРГЭЛТЭЭР ЖИВХ ЗАРЖ БАЙЛАА

Цалингаа буухаар бүгдийг нь зээлээ төлөхөд зарцуулсан ханиараа хамгаас их бахархдаг. Хэрийн залуу хүнд хамаг мөнгөө  юу ч үлдээхгүй банкинд тушаах амар биш шүү дээ.

Бид охиндоо байнга биш, хааяа амттан авч өгнө. Харин охинд маань хүн өгсөн мөнгийг яг өөрт нь зарцуулж байсан. Бэр эгч маань гуравхан сарын зайтай төрсөн учраас ахын хүүхдийн хувцас бараг шинээрээ ирдэг учраас хувцас гэж их мөнгө зараагүй. Дээрээс нь шинэ хүүхдийн мялаалгын бэлэг хүүхдийн хэрэглээнд багагүй нэмэр болсон. Урьдчилгаа хуримтлуулж байхдаа бас л бүсээ чангалан хуримтлуулсан. 

Ах маань живх оруулж ирдэг болохоор интернэтэд зар тавиад, хүүхдээ үүрээд эсвэл аав ээждээ түр үлдээгээд, боломжийн үнээр хүргэлт хийж, хэрэглээндээ нэмэрлэдэг байлаа. 

Хань маань ганцаараа тогтвортой ажилладаг болохоор би өөрөө гэрийнхээ бүх зүйлийг зохицуулж, нөхрөө ажилдаа анхаарлаа хандуулж, гэртээ амар тайван байх, арагшаагаа санаа зовж түүртэхээргүй байлгах тал дээр их анхаардаг, ханийгаа гэрийн бүх ажилаас чөлөөлдөг гэх үү дээ. Тиймээс би ажил хийхдээ нөхрийхөө, хүүхдийнхээ цагт таарсан ажил хийдэг байсан. 

Байрны зээлээ төлөөд орж ирэхээрээ үүднээсээ алхаад энэ хүртэл өөрсдийнх болгочихлоо гэж инээлдэнэ. Сар бүр нэг нэг алхам нэмэгдээд эхлээд коридор дараа нь угаалгын өрөө зочны өрөөг манайх болчихлоо гээд алхах дуртай байлаа. Байрны зээлээ төлж дуусгасан тэр өдрийг бид хэзээ ч мартахгүй. Тэр өдөр би ханийгаа тэврээд мундаг шүү миний хань гээд баахан уйлж билээ. Дараа жаргалтай гэгч цуйван сэгсэрч идсэн дээ. Бас хамгийн чухал нь хуримтлал гэдгийг ойлгосон. 

Одоо охин маань сурагч болсон. Би ч бас их сургуулиа төгсч эрх зүйч мэргэжлийг эзэмшлээ. Амьдрал жигдэрсэн учраас ажил идэвхтэй хайгчдын эгнээнд элсчихсэн явна. Гэтэл дүн боломжийн ч хувийн сургуулийн дипломтой, 30 хүрэх гэж яваа надад ажил олох амаргүй юм. Ярилцлаганд дуудахаар нэг хүүхэдтэй юм чинь жирэмслээд алга болох байх гэсэн хандлага ажиглагддаг. Уг нь гэр бүлээ тогтвортой болгочихсон юм чинь өөрийн карьераа эхлүүлэхэд бэлэн гэж бодож байгаа.


Уг нийтлэлийн дараа уг бүсгүй аялал жуулчлалын компанид ажилд орно болно.

Сэтгэгдэл бичих (60)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.