Африкийн арьс өнгөөр ялгаварлах үзэл дэлгэрсэн нэгэн газар цагаан арьст эрэгтэй, эмэгтэйн дундаас өнгөт арьстай охин мэндэлсэнд 1980-аад онд үрчлүүлжээ. Түүнийг Английн иргэн, цагаан арьстай хүмүүс үрчлэн авч охин ч том болж ухаан суух тусам гарал үүслээ эрэлхийлэх болов. Охин төрсөн нутагтаа очоод л бүхнийг олж мэдсэн гэнэ. 

Өмнөд Африкийг орхиод 25 жил өнгөрсөн тул Йоханнесбургт онгоц газардах үед Сара-Жейн Кинг амьсгал ч авч чадахгүй хоолой нь зангирчээ. Тэрбээр 7 долоо хоногтой нярай байхдаа Английг зорьж Суррейд өргөмөл хүүхэд гэж дээрэлхүүлж өссөн юм.

Онгоцны буудлаас нөхөн сэргээх төв рүү хүргэх унаанд сууж явахад сэтгэлийн нь гүнд “Би энд байсан, би эндээс гаралтай” гэсэн бодол эргэлдсээр байв. Хүүхэд байхдаа өөрийгөө бусдаас өөр гэж мэддэггүй байсан ч ангийнхан нь байнга үсийг нь оролдож, өөр гэдгийг нь сануулж аажмаар тэр үгсийг шингээжээ. 

Сара-Жейд нэг ах байсан нь мөн л өнгөт арьстай, өргөмөл. Түүний мэдэх өнгөт арьстан 1980-аад оны зурагтаар гардаг байсан хүмүүс л байлаа. Хар хүмүүсийн зургийг харах болгонд өлсгөлөн, тахалд нэрвэгдсэн, ядуу, хандив мөнгө авсан хүмүүсийн мэдээ байдаг байсан. Иймээс өөрийгөө аврагдсанд баярладаг байснаа хуваалцав. 

Ингээд 14 настай байхдаа Сара-Жейн санаанд оромгүй зүйл олж мэдлээ. Тэр нь төрсөн ээж нь охиноо үрчлүүлснээс нэг жилийн дараа илгээсэн захиа байсан юм. Захиаг охинд хаягласан ба дотор нь хэрхэн, яагаад, хэзээ үрчлүүлсэн талаар дэлгэрэнгүй бичсэн байж. 

Түүний төрсөн ээж Их Британиас гаралтай цагаан арьст эмэгтэй байсан бөгөөд цагаан арьст эрэгтэйтэй хайр дурлалын харилцаатай байсан. Мөн өнгөт арьст эртэй гэр бүлээс гадуурх романс үүсгэж, жирэмсэн болмогцоо эцэг нь хэн бол гэдэгт эргэлзэж эхэлжээ. Охин төрөх үедээ цагаан юм шиг харагдсан аж. Кэролин охин хэдэн долоо хоног өнгөрөхөд хар залуугийн хүүхэд байсан нь тодорхой болжээ. Ингээд л асуудал үүссэн байна. 

Кэролиныг төрөх үед Өмнөд Африкийн Ёс суртахууны тухай тогтоолд арьсан өнгөөр ялгаатай хүнтэй хайр дурлал үүсгэх, хүүхэдтэй болохыг хориглодог байлаа. Иймд ээж, ээжийнх нь нөхөр, эмч нар ярилцаад нэгэн төлөвлөгөө гаргасан. Тэд Кэролиныг элэгний ховор төрлийн өвчтэй бөгөөд Лондонд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн бичиг гаргаад Англид үрчлүүлжээ. Харин Африкт буцаж очоод Кэролиныг эмнэлэгт нас барсан гэж бүх хүнд хэлсэн байна.

Ээж нь түүнийг хөсөр хаяж, үхсэн мэт жүжиглэсэн гэдгийг мэдээд охинд маш хүнд туссан. Хэнд ч ялгаагүй байхсан болов уу. “Төрсөн эх нутгаас нь өөр газар аваачиж өсгөх хэрэг төрсөн аав, ээжид минь гарсан байна. Хорвоо ертөнцөд хэнээс ч илүү хайрлаж, халамжилж, өсгөж хүмүүжүүлэх ёстой ээж чинь хүүхдээ ингэж өөр хүнд өгнө гэдэг үнэхээр жигшмээр.” 

Энэ хөсөр хаягдсан мэдрэмж захидлыг уншихаас ч өмнө түүнд мэдрэгдэж эхэлсэн. Охин 13 настай байхдаа Парацетамол тун хэтрүүлэн ууж, өөрийгөө зүсэж тамладаг болжээ. Захидлыг уншсанаас хэдэн жилийн дараа, Грийнвичийн их сургуульд хуулийн мэргэжлээр сурч эхэлсэн эхний жил хүүхэд үрчлүүлэх зууч төвөөр дамжуулж төрсөн эхтэйгээ холбогдсон байна. Сара-Жейнийн бүх асуултад хариулахад бэлэн байна гэсэн ч удалгүй харилцах хүсэлгүй буйгаа хэлжээ. Ээжээс нь гэмшсэн сэтгэл мэдрэгдээгүй, тэр ч бүү хэл уучлалт гуйгаагүй гэнэ. 

Энэ үеэр Сара-Жейн эрүүл бус хоолны зуршилтай болж, архи, кодейн зэргээр өөрийгөө тайвшруулж эхлэв. Гэсэн хэдий ч их сургуулиа дүүргэж, Кантерберигийн их сургуульд сэтгүүлч мэргэжлээр магистрын зэрэг дүүргэсэн. Үргэлж л том албан тушаалд томилогдож, удалгүй Дубайд ажиллаж, амьдран радио салбартаа амжилттай нэгэн болжээ. Харамсалтай нь Сара-Жейн гүн сэтгэл хямралд орж Өмнөд Африкийн нөхөн сэргээх төвүүд гайгүй үнэтэй байдгийг мэдээд 2007 онд зорьжээ. 

Йоханнебург, Кэйп Тауны хооронд амьдарсаар нэг жил өнгөрч, энэ хугацаанд эх нэгтэй дүүтэйгээ уулзаж хэсэг дотно байсан аж. Англи руу буцаж очоод хэдэн жилийг Кэйп Таун, Лондон хоёрын дунд өнгөрөөгөөд эцэст нь Африк руу нүүхээр шийдсэн гэв. Учир нь тэнд төрсөн, тэнд л гэр нь байгаа юм шиг санагддаг байжээ. 

Хоёр жилийн өмнө Сара-Жейн өөрийн намтар, үрчлүүлсэн түүх, түүний дараах амьдралынхаа талаар ном бичсэн юм. Төрсөн эцгээ олохоор хувийн мөрдөгч хөлсөлсөн ч тусыг эс олов. Ингээд номынхоо талаар радио нэвтрүүлгээр ярьж байхдаа аавынхаа нэрийг дурджээ. Улмаар твиттерийн жиргээчид эрэл хайгуул эхлүүлж 36 цагийн дараа аавынх нь утасны дугаарыг олж өгсөн байна. Ийнхүү аав, охин хоёр анх удаа нэгнийхээ дуу хоолойг сонссон юм.

Долоо хоногийн турш тэд өдөр бүр ярьсаар эцэст нь нэг юм Йоханнесбург дэх кофе шопд уулзахаар болжээ. Энэ өдөр амьдралынх хамгийн сайхан өдөр байсан тухай Сара-Жейн дурссан. “Аав минь намайг хараад “Охин минь, охин минь” гэсээр байхад анх удаа би хэн нэгний охин юм байна. Би аавын охин юм байна. Би хэн нэгэнд харьяалагддаг юм байна гэж бодогдсоор байсан” хэмээв. 

Сара-Жейн аавтайгаа, аавынх нь гурван хүүхэдтэй болон Англид суугаа хойд ээжтэйгээ ойр харилцаатай хэвээр байгаа. 

“Хэн ч намайг тодорхойлж чадахгүй, би амьдралдаа хэзээ ч өөрийгөө Англи хүн гэж бодож мэдэрч байгаагүй. Одоо би гэрээ олсон. Би жаргалтай байна”