Цэдэнбалын Цэрэндолгор
09 сарын 22, 2018
Түүнийг Раднаабазарын Мөнхжаргал гэдэг. Тэр бол хүсэл мөрөөдлөө биелүүлж өөрийгөө сорихын тулд гадаадад ажиллаж амьдарч буй олон монгол залуусын төлөөлөл. Гурван жилийн өмнө эхнэр хоёр хүүхэдтэйтэйгээ Австрали улсыг мөрөөдлөөс өөр төсөөлөлгүй зорьж байсан тэрбээр өдгөө Австрали улс дахь “Vodafone” үүрэн телефоны компанийн борлуулалтын албанд ажилладаг. Р.Мөнхжаргал хэдийнэ очсон зорилгоо биелүүлсэн бөгөөд өнөөдөр Австралийн топ 10 сургуулийн нэг Southern Cross University-г бизнесийн удирдах ухааны магистрийн ангийг төгсч байна. Түүнтэй тус улсад хэрхэн ажиллаж амьдрах талаар, ямар саад бэрхшээл учирдаг, гэр бүлээрээ очих бол юуг анхаарах ёстой талаар онлайнаар ярилцлаа.
-Эхлээд өөрийг танилцуулахгүй юу, ямар мэргэжилтэй вэ. Монголд байхдаа ямар ажил эрхэлж байв?
-Би 2009 онд Чингис хаан дээд сургуулийг аялал жуулчлалын удирдлага, эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Сургуулиа төгсөөд аав ээж маань аялал жуулчлалын бизнес эрхэлдэг учраас мэргэжлээрээ ажиллаж байлаа. Оюутан байхдаа ч ажилласан. Салбарын онцлог болохоор өвөл сул зогсдог учраас өөр ажил хийж өөрийгөө сорьж үзэхээр шийдсэн. Ингэж шийдээд хийсэн анхны ажил маань гадаад худалдааны компанийн тамхины борлуулагч байлаа. Борлуулалтын менежер орлогоороо цалинждаг. Цалин ч муугүй, гар дээрээ 1,3-1.4 сая төгрөг авчихна. Хэсэг ингэж ажиллаж байгаад ерөөсөө өөрийн гэсэн дэлгүүр ажиллуулж үзэхээр шийдсэн. Өдөр болгон 8 нэрийн дэлгүүрээр бараагаа түгээдэг учраас ажиллуулахад боломжийн санагдсан. Гэхдээ дэлгүүрийн ажил маш их ажил ихтэй, амаргүй юм билээ.Тэндээс ашиг олоод сүйд болсон зүйлгүй, алдагдал ч хүлээгээгүй. Харин өөрийгөө бие дааж бизнес хийх болоогүй юм байна гэдгийг л ойлгосон.
Дараа нь бас нэгэн худалдааны компанид өрөлтийн менежерээр ажиллаж үзлээ. Сүүлд “Нүүдэлчин групп” компанид маркетинг борлуулалтын менежер хийсэн. Тэнд ажиллаж байхдаа ерөөсөө гадаадад сурч мэргэжлээ дээшлүүлье гэж шийдсэн. 2015 оны 7 дугаар сард анх энэ талаар эхнэртэйгээ ярилцаж шийдвэр гарган 4 сарын дараа Австрали орныг зорьсон. Тухайн үед санхүүгийн боломж гарсан нь ч нөлөө үзүүлсэн. Ингээд бид хоёр хүүхдийнхээ ирээдүйг бодоод англи хэлтэй дэлхийн боловсрол эзэмших сууриа тавиасай гэсэндээ энэ том шийдвэрийг гаргасан юм.
-Чухам яагаад Австралийг зорих болов?
-Австрали орны талаар ойлголтыг нэгэн танилаасаа авчихсан байсан. Танилууд маань надаас “Ах чинь Америкт, дүү чинь Японд амьдардаг. Ийм байхад яагаад Австралийг сонгосон бэ” гэж асуудаг юм. Гэвч бид хоёр нэгдүгээрт бие даая, хоёрдугаарт өөрсдийгөө сорьж үзье гэж санал нэгдээд Австралийг сонгосон.
-Анх төсөөлж байснаас хэр өөр газар байв?
-Энд ирээд л шууд ажиллаж, сурахыг амжуулаад их мөнгөтэй болчихно гэсэн хүлээлт байгаагүй. Хөгжсөн орнууд ямархуу системээр ажилладаг талаарх ерөнхий мэдээл бидэнд байсан учраас сандарч мэгдээгүй. Ерөнхийдөө бодож байснаар амьдарч эхэлсэн.
-Австралид амьдрахад хэр өртөг өндөртэй вэ?
-Австрали бол дэлхийн өндөр өртөгтэй орнуудыг тэргүүлдэг улс. Жишээ нь Америкт сарын байрны түрээс ойролцоогоор 2000 ам доллар бол Австралид тэр тусмаа Сидней хотод сарын түрээс 2400-2800 австрали доллар байдаг. Англи улстай нийгэм эдийн засгийн байдал нь төстэй буюу 7 хоногийн төлбөрийн системтэй. Тухайлбал та байрны түрээсээ 7 хоногоор төлдөг, цалингаа ч бас 7 хоногоор тооцож авдаг. Хэдий өртөг өндөртэй ч гэсэн эндэхийн дундаж цагийн цалин 20 австрали доллар буюу бусад орнуудыг бодвол харьцангуй өндөрт тооцогддог. Оюутнуудын хувьд хамгийн бага буюу 18, харин мэргэжлээрээ ажилладаг хүмүүс цагийн 30-аас дээш австрали доллараар цалинждаг.
-Тэндэхийн сургуулийн төлбөр хэр өндөр вэ, сурангаа ажиллана гэдэг гэр бүлтэй хүмүүс хэр бэрхшээлтэй учирдаг вэ?
-Энд гэр бүлээрээ ажиллаж амьдардаг мундаг залуус олон бий. Их сургуульд багшилдаг, өөрийн гэсэн ресторантой болчихсон, хувийн шүдний эмнэлэгтэй, авто засварын төв байгуулчихсан гээд амжилттай яваа монголчууд нэлээн бий. Саад бэрхшээл гэвэл Монголд ямар ажил хийдэг байсан ч хамаагүй энд ирээд жирийн л нэг цагаач учраас шууд амьдралын бололцоонд хүрэх амаргүй. Заримдаа хүнд хэцүү ажил хийнэ эсвэл ажил олдохгүй удаан хүлээх үе ч бий. Үүнээс болж заримдаа шантрах үе хүмүүст байдаг. Гэхдээ энэ бүхэн цаг хугацааны асуудал. Надад ч гэсэн амар байгаагүй. Бүхэл бүтэн гэр бүлээрээ амьдарч байгаа учраас зардал ихтэй. Гэхдээ эхнэр бид хоёр ярьсанаараа ирэнгүүт эхлээд би бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж эхэлсэн. Англи хэлний мэдлэг боломжийн байсан учраас хэлний бэлтгэлдээ удаан сууж цаг алдаагүй. Гол нь би гэрийн эзний хувьд хурдхан шиг мастераа хамгаалж ажлын захад хүрэх нь чухал гэж үзсэн.
Тухайн үед байраа зараад төлбөрөө хийчихсэн учраас илүү зорилготой байхаас аргагүй. Миний сургалтын төлбөр 48 мянган австрали доллар байсан.
Бас нэг асуудал нь эндэхийн ЕБС төлбөртэй. Хоёр хүүхдийн сургалтын төлбөрт гэхэд жилдээ 12 мянган австрали доллар төлдөг. Анх ирэнгүүтээ хажуу өрөө түрээслэж эхэлсэн. Аз болоход ирээд 7 ч хонолгүй нэгэн Грек ресторанд гал тогооны туслахаар орсон, төд удалгүй эхнэр маань ч гэсэн ажилтай болсон юм. Хэлний бэлтгэл маань 7 хоногийн 5 өдөр өглөө ордог байсан учраас оройны ажил хайхаас өөр боломж байгаагүй.
Хэлний бэлтгэлээ дуусгаад их сургуульдаа ороход 7 хоногт 2 өдөр хичээллэдэг учраас харьцангуй ажиллах боломж их гарч ирсэн. Рестораныхаа ажлын хажуугаар агуулахад бараа зөөгчөөр ажиллаж эхэлсэн.Эндэхийн төлбөр тооцоо 7 хоногоор хийгддэг учраас ажилгүй байх маш хэцүү. Гэхдээ үүнээс хэцүү нь өөрийгөө чамлах, хэлний бэрхшээлээс үл ойлголцох асуудал. Үүнийг өөр дээрээ мэдэрч ойлгосон учраас цаашид ирэх залуусыг хэлээ сайтар эзэмшээд ирээрэй гэж хэлмээр байна.
-Монгол оюутнууд суралцахад ямар хүндрэл бэрхшээл гардаг вэ?
-Австралийн боловсрол дэлхийд дээгүүрт ордог. Тиймдээ ч их сургуулиудынх нь сургалтын чанар маш сайн, тэр чинээгээрээ оюутнуудыг ч нэлээн сорьдог юм билээ. Гадны орны оюутнууд англи хэлийг бүрэн эзэмшсэн байдаг учраас тэдний түвшинд хүрч суралцахын тулд монгол оюутнууд хэд дахин хичээл зүтгэл гаргаж суралцах болдог. Тийм учраас хэрвээ энд суралцахыг хүсч байгаа залуустаа хэлний мэдлэгээ сайжруулах нь хамгийн чухал гэдгийг хэлмээр байна.
-Одоо “Vodafone” компанийн ажилладаг. Тэнд мэргэжлээрээ ажил олох боломж хэр байдаг вэ?
-Энд ажилд ороход шалгуур өндөртэй. Гэхдээ тэр шалгуурыг нь даваад ажилладаг монголчууд зөндөө. Миний хувьд энэ ажилд орохын тулд маш олон газар руу CV-гээ илгээсэн. Австралид ажилд орохын тулд хэд хэдэн том ажлын зарын вэб сайтуудад өөрсдийн CV-гээ байршуулж, ажиллах хүсэлтээ илгээдэг.
Нэлээн хэдэн газар анкетаа өгчихөөд хүлээж байтал “Vodafone” компанийн нэг салбараас утасдан ажлын ярилцлаганд урьсан. Хэд хоногийн дараа над руу ажилдаа орж болно гэж ярихад маш их баярлан хүлээн авсан. Одоо би “Vodafone” үүрэн телефоны компанийн нэг салбарт борлуулалтын албанд ажилладаг. Энэ компани Австрали дахь үүрэн телефоны гуравдагч компанийн нэг.
Iphone, Huawei, Samsung-ийн албан ёсны борлуулагч учраас тухайн компанийн гар утас борлуулах, компанийнхаа үйлчилгээг санал болгож аль болох олон үйлчлүүлэгч нарыг татах нь миний өдөр бүрийн хийх ёстой ажил. Ажилд ороод удаагүй ч олон зүйл сурч байна. Одоогоор энэ компанид ажиллаж байгаа анхны монгол хүн нь би юм.
-Энэ ажилд орсоноос хойш өмнө нь хийж байсан ажлаа орхиогүй гэсэн. Хэрхэн ажлаа амжуулдаг вэ?
-Өмнө нь хийж байсан рестораны туслахын ажил, агуулахын бараа зөөгчийн ажлаа орхиогүй байгаа. Ажлын хуваарийн хувьд даваа, мягмар, лхагва гарагуудад агуулах дээр өглөө 8 цагаас эхлээд 16 цаг хүртэл ажилладаг. Пүрэв, баасан, бямба гарагт бүтэн “Vodafone” дээрээ, баасан, бямба гарагийн орой ресторан дээрээ ажиллах хуваарьтай.
Хэдийгээр ядрах үе байдаг ч гэр бүлээрээ байдаг учраас давуу талтэй. Энэ гурван жилийн хугацаанд хамгийн их тусалж дэмжсэн хүн маань эхнэр маань.
-Австралид ирж ажиллаж амьдрах сонирхолтой хүмүүст ямар 3 зөвлөгөөг чухалчилж зөвлөх вэ?
-Зарим нь угаасаа маш сайн мэдээлэлтэй ирдэг. Магадгүй заримд эдгээр зөвлөгөө хэрэг болж магадгүй юм.
1. Ирэхээсээ өмнө хэлний мэдлэгээ сайжруул. Зарим хүн англи хэлтэй оронд очиж байгаа юм чинь шууд л англи хэлийг сурчихна гэж ойлгодог. Гэтэл өртөг өндөртэй бас англи хэл тийм амар сурчих хэл биш юм.
Сурах болон амьдрах хэрэгцээг эрэмбэлвэл хүн өөрийн эрхгүй амьдрахын тулд эхлээд ажиллахаас аргагүй. Хэл сурна гэдэг өөрөө хичээл зүтгэл шаарддаг, яах аргагүй цаг их шаарддаг зүйл учраас сурах асуудлыг хойш тавьдаг гэмтэй. Тиймээс нэгэнт тухайн улсад очно гэж бодож л байгаа бол хэлийг нь тодорхой хэмжээнд сурч эзэмшээд ирвэл давуу тал болно.
2. Зорилгоо тодорхойл. Ирэхээсөө өмнө зорилгоо сайтар тодорхойлж, төлөвлө. Мэдээж сурч боловсрох гэж хүн бүхэн боддог. Гэхдээ сайтар бодож төлөвлөхгүй бол ажил хийж мөнгө цуглуулчихаад сурна гэж явсаар байтал маш их цаг алдаж, оройтдог. Эсвэл зорилгоосоо хазайх нь ч бий. Гэвч зорилгоосоо буцахгүйн тулд өнөөдөр ядарч байсан ч хичээхээс аргагүй.
3. Хэрэв энд ирвэл зөв хүнтэйгээ үерхэж нөхөрлөөд хүнтэй зөв харилцаад явахад бүх зүйл тийм хэцүү биш. Өөрсдийн бодсон төлөвлөснөөр явахад аяндаа болно.
-Австрали оронд амьдрахад хамгийн тааламжтай таалагддаг зүйл нь юу вэ?
-Нийгмийн ялгаа гаргахгүйн тулд бодлогоор цэвэрлэгч, мужаан зэрэг бид нарын ярьдагаар хар ажил хийдэг хүмүүсийнхээ хөдөлмөрийг үнэлж чаддаг, ахиу ч цалин өгдөг. Австралид ямар ч ажил хийдэг ч бай тухайн хүнийг нийгмийг бүрдүүлж байгаа эд эс гэж хүндэтгэн хардаг тэрхүү хандлага надад таалагддаг.
-Ирээдүйд зорилгоосоо манай уншигчдад хуваалцахгүй юу, цаашид хэр удах төлөвлөгөөтэй байна вэ?
-Австралид 6000 гаруй монгол хүн сурч ажиллаж амьдарч байна. Дийлэнх нь Сиднейд амьдардаг. Бүгдээрээ л сурсан мэдсэнээ эх орондоо очоод хийх юм сан, өөрсдийн хувь нэмрээ оруулах сан гэсэн хүсэл тэмүүлэлтэй байдаг. Саяхан би бас Оюутан залуучуудын холбооны удирдах зөвлөлд сонгогдсон, тэдний ярианаас ч үүнийг бас олж анзаарсан. Хэрэв боломж олдвол эх орондоо очоод сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх төлөвлөгөө бий. Одоогоор бид 3 жилийн дараа эх орондоо очно гэж төлөвлөсөн. Тухайн үед төлөвлөгөө хэвээрээ байх эсэхийг одоохондоо хэлж мэдэхгүй
Сэтгэгдэл бичих (21)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.