“Швед улсад болох Dreamhack дижитал наадмын үеэр болох Counter Strike-ын уралдаанд өрсөлдөх ахмад настнуудыг бүртгэж байна” гэсэн хачин жигтэй сурталчилгаа интернетэд байжээ. Тэтгэвэртээ гараад удаагүй Моника Иденфорс чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх хүсэлтэй байсан тул хүсэлт явуулж Silver Snipers нэртэй багийн таван гишүүний нэгээр элсжээ. 62 настай тэрбээр багтаа хамгийн залуу нь, тэд өмнө нь Counter Strike хэзээ ч тоглож байгаагүйгээрээ адилхан. Мөнгөн снайперуудад уралдаанд бэлдэж, олон жилийн туршлагатай хүүхэд, залуучуудтай нүүр тулахад гурван долоо хоногийн хугацаа байжээ. 

Мөнгөн снайперууд Lenovo компаниас санхүүжилт авч чадсан овсгоотой тоглогчид. Тэдний зорилго бол цахим спортын хамрах хүрээг тэлж, зөв талыг нь таниулах. Counter Strike-ын мэргэжилтэн Томми “Potti” Ингемарссон дасгалжуулж байна. Зодог тайлсан Томми одоо и-спортын багуудад менежер хийж, хүмүүст зааж сургадаг үүрэгтэй болжээ. 

Мэргэжлийнхний уралдаанд оролцохоор бэлдэж байгаа ямар ч туршлагагүй хүмүүст гурван долоо хоног гэдэг хангалттай хугацаа биш. Ноён Ингемарссон Мөнгөн снайперуудад оновчтой онилох, дайснаа таних, тохируулгаа ашиглах гээд анхан шатны зүйлсийг эхэлж заасан байна. 62-81 насны гишүүдтэй энэхүү баг Стокгольм хот дахь Inferno тоглоомын төвд цуглан уралдаандаа их л шаргуу бэлддэг гэнэ. Зарим нь дасгалжуулагчаасаа асуух зүйлсээ дэвтэртээ бичиж ирдэг, нэг нь CS:GO-д зориулсан компьютерийн гарны наалтууд бэлдэж багийнхандаа тараажээ. 

Багийнхны хичээл зүтгэлд дасгалжуулагч Ингемарссон ихэд сайшаадаг. 63 настай Ваня Годанге “Knitting Knight”, 81 настай Бертил Энглунд “Berra-Bang”, Иденфорс “Teen Slayer” гэх мэт тоглоомны нэр өөрсдөдөө өгчээ. 

Туршлага хамаагүй ихтэй багуудтай нүүр тулсан тэд уралдаанд амжилт үзүүлж чадаагүй. Гэвч и-спортынхон тэднийг ихэд халуун дулаан, эерэгээр хүлээж авсан гэв. Түүнчлэн ахмад настнуудын багт элсэх хүсэлт Lenovo-д ихээр ирэх болж. Иденфорсын нөхөр нь хүртэл Counter Strike сурч эхэлжээ. Ингемарссон ийнхүү зөв дебют хийсэн тул Inferno төвд долоо хоногт нэг удаа ахмад настнуудад зориулж үнэгүй хичээл зааж байна.