АНУ-ын Флорида мужид генийн өөрчлөлттэй 750 сая ширхэг шумуулийг байгальд тавих гэж байна. Орон нутгийн байгаль орчныг хамгаалах эрх бүхий байгуулагын зөвшөөрлөөр ирэх хоёр жилд OX5034 гэдэг лабораторийн нэршилтэй дан эрэгчин шумуул байгальд тавьж биологийн аргаар халдварт өвчин тээгч шумуулын төрлийг устгах гэж байна.

Флорида муж сүүлийн арваад жил шумуулаар дамждаг зика, денге хэмээх халуун хумхаа, халуун чичрэг зэрэг халдвар өвчин хүн амын дунд хэд хэдэн удаа тархсан нь эрх баригчдын толгойны өвчин байсан юм. Агаараас хор цацах, ачааны автомашинаар хор цацах, шумуул иддэг загас үржүүлэх зэргээр шумуултай тэмцэхэд дүүргийн төсвийнхөө нэлээдгүй хэсгийг зарах болсон байна.

Шумуул үржих, өндөгөө гаргахын тулд цус хэрэгтэй болдог учир эмэгчин нь цус сордог, эрэгчин нь цус сордоггүй ургамлын цэцгийн тоосоор хооллодог байна. Байгальд тавих гэж байгаа дээрх OX5034 дан эрэгчин шумуул эмэгчин шумуултай үржилд орж, гарсан өндөг нь авгалдай байхдаа үхэхээр "кодчилогдсон" байна.