Африкийн Кени улсад болсон олон улсын хуралд Монголыг төлөөлөн оролцсон төлөөлөгчдийн нэг нь холер өвчний халдвар авч, эмнэлэгт нь хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Холер нь халдвартай өвчин тул тус улсаас ирсэн төлөөлөгчдийг өнөөдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд агаарын хөлгөөр газардангуут тусгаарлаж, урьдчилан сэргийлэх зорилгоор үзлэг шинжилгээнд хамруулжээ. Дээрх олон улсын хуралд төрийн болон төрийн бус байгууллагын 20 төлөөлөгч оролцсон аж. 

Эргэн ирсэн эдгээр 19 иргэнийг ЗӨСҮТ, ХӨСҮТ, Хилийн МХГ-ын мэргэжлийн хамтарсан баг ажиллаж хавьтлуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээг хийж байна гэж албан эх сурвалж мэдээллээ.

Холер буюу урвах тахал нь вибрионоор үүсгэгдэж бөөлжилт, суулгалтаар эрдэс давс, усаа алдаж, ус эрдсийн солилцооны алдагдалд богино хугацаанд орох цочмог халдварт өвчин юм.

Дэлхий дээр холерийн 7 цар тахал гарч, сүүлчийнх нь 1961 оноос өнөөг хүртэл үргэлжилж, 2 сая орчим хүнийг өвчлүүлээд байна. ДЭМБ-ын мэдээгээр 2014 онд дэлхийн бүх тивд холерийн хүний өвчний тохиолдол гарч, 45 улсад 101957 хүний өвчлөл бүртгэгдсэн бөгөөд урд хөрш хятад улсад 53 тохиолдол бүртгэгджээ.
Монголд:
Манай улсад 1996 онд холерийн халдвар гаднаас зөөвөрлөгдөн ирж, Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоноос эхлэн улмаар Алтанбулаг, Зүүнбүрэн, Төв аймгийн Заамар, Батсүмбэр, Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд, Сулинхээр, Орхон, Дархан-Уул аймгийн 10 сум, Улаанбаатар хотын 1 дүүрэгт 178 хүн өвчилж, нас баралт 12 гарч, өвчлөл дэгдэлт байдлаар тархжээ.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх шатны эмнэлгүүд холерын сэжиг илэрсэн үед авах хариу арга хэмжээний талаар төлөвлөгөө боловсруулан батлуулж, эмнэлгийн бэлэн байдлыг хангаж ажиллана. Эмч эмнэлгийн ажилтан гарыг сургаж дадлагажуулна.
  • Холерийн хяналтын шинжилгээг тогтмолжуулж, тархвар судлалын дүгнэлт гарган, хүн амыг уг халдварт өртөхөөс сэргийлэх арга хэмжээ авна.
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулна. Ялангуяа холерийн голомтот нутгаас импортолж буй хүнсний бүтээгдэхүүн, ногоо, жимс, жимсгэнд лабораторийн шинжилгээ бүхий хяналтыг сайжруулж, хүнсэнд хэрэглэж болох баталгаажилт гарган хилээр нэвтрүүлнэ.
  • Усны эх үүсвэр, нийтийн ус түгээх системийн усны хлоржуулалт, хүн амын усан хангамжийн аюулгүй байдал зэрэгт хяналт тавьж, усны аюулгүй байдлын баталгаажилт гаргана.
  • Хүн амын дунд хувийн ариун цэврийг сайжруулах, ялангуяа гарын ариун цэврийг сайжруулах талаар яриа хийх, санамж, зурагт хуудас тараах, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна.
  • Худалдаа, хоол, хүнсний байгууллагын ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмд тавих хяналтыг тогтмолжуулж, тэдгээрт ажиллагсадын эрүүл мэндэд хяналт тавина.
  • Дэлхийн улс орнуудад гарч буй холерийн хүний өвчний мэдээ авч, дүгнэлт гарган ажиллана.
  • Хилийн хяналтыг сайжруулж, халдвар /өвчтөн, нян тээгч, хүнсний бүтээгдэхүүн/ зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж ажиллана.