“Монголын боловсролыг үндэсний агуулга, амин чанартай болгох нь” сэдэвт боловсрол судлалын шинжлэх ухааны есөн салбарын эрдэмтэн судлаачид маргааш хуран чуулах гэж байна.

"Хөх хүрээ" тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэнгээс зохион байгуулж уг зөвлөгөөнд 80 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, боловсролын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.

Тухайлбал соёл урлаг боловсролын системийн шинэчлэлд хэрэглэгдэх нь сэдэвт хэлэлцүүлэг болох юм. 

Энэхүү зөвлөгөөн РЦНК буюу Оросын шинжлэх ухааны төвд болно.

Сонирхуулахад "Хөх хүрээ" тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэн 2018 онд боловсрол судлаач докторант П.Энхцэцэгийн санаачлагаар байгуулагдсан бөгөөд боловсролын системийг үндэсний гүн ухааны мэдлэгт тулгуурлан шинэчлэх арга замыг эрэлхийлэн судалгаа шинжилгээ явуулдаг гэдгээрээ онцлог.

Тэрбээр "100 жилийн түүхтэй өнөөгийн боловсролын системийн зүй тогтол алдагдаж, системийн чухал багана болох ёс суртахуун, хүмүүжил төлөвшлийн бодлого, үйл ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд доголдсон. Үүний хор уршгаар өнөөдөр нийгмийн ёс суртахуун, нийт иргэдийн ухамсар сэтгэлгээ уналтад орж байна. Тиймээс манай хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид монголчуудад өнө эртнээс уламжлагдан ирсэн нүүдлийн соёл боловсролын үнэт өв, үндэсний язгуур гүн ухааны онол мэдлэгт тулгуурлан соёл хүмүүжлийн “ГУРАМСАЛ+1” хүний хөгжлийн хөтөлбөр боловсруулан, боловсролын системээр дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Боловсрол бол бүх нийтийн үйл хэрэг бөгөөд боловсролын төлөө бүх нийт санаа тавьж, боловсролын шинэчлэлд дуу хоолойгоо нэгтгэн, өөр өөрийн мэргэжил мэдлэгээрээ хувь нэмэр оруулах учиртай" хэмээн онцоллоо.