Дэлхийн 2-р дайны дараах Японы сэргэлт, үсрэнгүй хөгжлийн суурь нь япончуудын ёс суртахууны тогтолцоон дээр үндэслэн цэцэглэсэн хэмээн менежментийн эцэг гэгдэх Петер Дракер “Management:Task, Responsibilities, Practices” номдоо бичсэн.

Тэрээр японы нийгмийн ёс зүй, япон хүний ёс суртахууныг ихэд хүндэтгэдэг байсан ба япон улсад олон жил ажиллаж амьдрангаа япон улсын хөгжлийн нууцыг ойлгохыг хичээжээ.

Петр Дракер тус номдоо япон улсыг дүгнэн ийнхүү бичсэн байдаг. 


“Япон хуучинсаг, хаалттай, ядуу буурай феодалын үеэсээ салж, орчин үеийн аж үйлдвэржсэн, эдийн засгийн хөгжингүй орон болох суурийг аль зуун жилийн өмнө тавьсан ба ингэхдээ өөрийн уламжлалт ёс зүй, ёс суртахууны онолуудыг япон хүн орчин үеийн нийгэмд өсч дэвжих боломжтойгоор шинэчилж чаджээ. Улсаа хөгжүүлнэ гэвэл нийгмийн ёс зүй, хувь хүний ёс суртахууны хөрсийг сайн услах хэрэгтэй” гэжээ.

Японы хөгжлийн нэг тулгуур болох самурайн ёс зүй, ёс суртахууны системийг дэлхий дахинд Нитобэ Иназо 1900 онд “Бүшидо: Япон Улсын Амин Сүнс” (Bushido: The Soul of Japan) гэх номоороо танилцуулжээ. 

Тэрээр бага наснаасаа Христийн шашны Протестант урсгалын ёс зүй, ёс суртахууны системд суралцаж, Япон улс орчин үеийн капитализмыг байгуулахад өөрийн уламжлалт самурайн ёс зүйн онолоо шинэчлэн, орчин үеийн нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд япон хүн, япон улс тэргүүлэх байр суурьтай оршиход нийцүүлэн дахин зохиох ёстойг ухааран туурвисан бүтээл нь энэ ном юм.

Тэрээр тус номдоо япон хүн бүрт байх ёстой 8 цөм ёс суртахуун, тэдгээрийг тойрсон дэд ёс суртахууныг дараах байдлаар томьёолсон байдаг. Үүнд:


Зөв байх, зөвийг эрхэмлэх (Righteousness)

Баатар байх эсвэл зоригтой байх (Heroic Courage)

Нигүүлсэнгүй байх (Benevolence, Compassion)

Өөртөө болон өөр хоорондоо хүндэтгэлтэй байх (Respect)

Зарчмыг баримталдаг, жанжин шугамаасаа хазайхгүй, амласнаа биелүүлдэг байх (Integrity )

Үндэсний соёл, үнэт зүйлээр бахархах, нэр төрийг нь өндөрт өргөж явах (Honour)

Үүрэг хариуцлагатай байх, зарчимдаа үнэнч байх(Duty and Loyalty)

Өөрийн сэтгэлийн хөдлөлөө хянаж чадах (Self-Control)

Бусад дэд ёс суртахуунууд (хөдөлмөрч, цаг барих зэрэг бидний сайн мэдэх япончуудын зан чанарууд энд багтана)

Эдгээр ёс суртахуунууд нь япончууд нийтээрээ сайн хэмээн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг илтгэнэ.

Дашрамд дурдахад, дээрх ёс суртахууны тогтолцоог амьдралд хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн эрхмүүдийн нэг Шибусава Эйичиг (渋沢 栄一) энд онцлох ёстой . Түүнийг япон загварын капитализмын эцэг эсвэл ёс суртахуунч капиталист гэж нэрлэдэг.

Бизнесмэн болохоос өмнөх самүрай Шибүсава Эйичи

Шибүсава Эйичи япон компаниуд нь нийтийн өмчит байж, нийт үндэстний сайн сайхны төлөө байх ёстойг байнга анхааруулж байсан ба энэхүү шинэчлэлийг гардан хэрэгжүүлсэн нэгэн билээ. Түүний үүсгэн байгуулсан Мизүхо банк нь (Mizuho Bank) өнөөдрийн олон зуун нийтийн өмчит хувьцаат корпорациудыг байгуулах эхлэлийг тавьсан.

Улс орны хөгжлийн төлөө бизнесийн байгууллагууд, төр хүртэл ёс зүй, хувь хүмүүс ёс суртахууны өндөр стандартыг чандлан сахиж ажиллахыг тэрээр сургаж, залуу үеэ хүмүүжүүлснийг нь үнэлэн японы төр түүнийг “Япон Үндэстний Ариун Эрдэнэс (Grand Cordon of the Order of the Sacred Treasure)” -ийн жагсаалтад оруулжээ.

Японы хөгжлийн бас нэг хөдөлгүүр бол япон хэл дээр дэлхийн мэдлэг боловсролд суралцах боломж байхгүй байсан Мэйжигийн дараах үеийн (Бүшидо ном анх Англи хэл дээр бичигдсэн) японы залуу үеийг барууны өндөр хөгжилтэй орнуудад мэдлэг эзэмшүүлэхээр явуулж, тэдний эзэмшсэн барууны мэдлэг боловсролын ачаар өнөөгийн япон улс жинхэнэ үсрэнгүй хөгжсөн гэдэг. Эхний ээлжинд олон япон залуусыг Германд сургасан түүхтэй.

Япон жижиг газар нутагтай, байгалийн баялаг гэх юм бараг үгүй. Гагцхүү ард иргэдээ мэдлэг боловсролтой болгох нь хөгжлийн хамгийн чухал хүчин зүйл гэдгийг эртнээс ойлгожээ.