Пакистан улсын ерөнхий сайд Имран Хан хүчингийн гэмт хэрэг өсөж байгаад охид бүсгүйчүүдийн хувцаслалт буруутай хэмээж дахин олны хэл амны бай болоод амжжээ.

Саяхан HBO сувагт өгсөн ярилцлагадаа тэрээр ийнхүү өөрийн бодлыг хуваалцсан нь олон нийтийн сүлжээ, мэдээллийн сувгуудаар цацагдан сэтгүүлчид болоод эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдээс хатуу шүүмжлэл хүлээгээд байгаа юм. 

Албан ёсны тоон баримтыг үзвэл Пакистан улсад өнгөрөгч 6 жилийн дотор 22 мянган хүчингийн хэрэг бүртгэгдсэн ба энэ нь өдөрт дунджаар 11 хэрэг үйлдэгддэг гэсэн үг болно. 

Ярилцлагыг хөтөлж явуулсан сэтгүүлч Жонатан Сван түүнээс хүчингийн хэрэгт эмэгтэйчүүдийн хувцаслалт нөлөө үзүүлдэг гэж боддог уу, үгүй юу? гэж асуухад, “Хэрэв бүсгүй нимгэн хувцаславал робот л биш бол эр хүн нөлөөнд нь автана. Энэ чинь мэдээжийн зүйл шүү дээ” хэмээжээ.

Харамсалтай нь тус эрхмийн энэ талаар үзэл бодлоо илэрхийлсэн анхны ярилцлага энэ биш юм.  Өнгөрөгч дөрөвдүгээр сард өгсөн нэгэн ярилцлагадаа тэр эмэгтэйчүүдийг “хүчингийн хэргийн хохирогч болмооргүй байвал арьс үсээ бүү ил гарга” гэж зөвлөж, олны эгдүүцлийг төрүүлээд авсан юм.


Эх сурвалж: UNILAD